Монголын авто замууд хүний амьд явах эсэхийг сорьдог

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлого, 2017 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Газрын тосны бүтээгдэхүүн нь эдийн засгийн суурь үнийг бүрдүүлэгч стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээгдэхүүн. Тиймээс эрэлт хэрэгцээг тасралтгүй хангах, импортын хараат байдлаас гарах, үнийг тогтвортой байлгахын тулд дотоодын түүхий эдэд тулгуурласан боловсруулах үйлдвэр барьж, байгуулах зайлшгүй шаардлагатай байгааг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь хэлж байв, Үүнтэй холбогдуулан Э.Бат-Үүл гишүүн Газрын тос боловсруулах үйлдвэр барих олон санал, ТЭЗҮ ирүүлсний ихэнхийг нь хянаж тусгай зөвшөөрөл олгоод байгаа. Ялангуяа жижиг үйлдвэрүүдэд төрийн оролцоо байх шаардаагатай эсэх, газрын тосны хайгуул, олборлолт хийх компаниудад ямар нэгэн хязгаарлалт тавих уу” хэмээн асуусан юм. Харин П.Алтангэрэл гишүүн газрын тосны талаар төрөөс баримтлах бодлого, эдийн засгийн зохицуулалт салбарынхаа хөгжлөөс хоцорч байгааг шүүмжилж байв. Мөн Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэзээ гарахыг Д.Зоригт сайдаас нэхэж байлаа. Гэвч үүний хариултыг Сангийн сайд өгөх аж. Учир нь татварын асуудлаа эцэслэн шийдвэрлээгүй байгаатай холбоотой гэнэ. Эцэст нь газрын тосны үйлдвэр барих асуудал дээр аль болохоор үндэсний үйлдвэрүүдээ дэмжихийг гишүүд Засгийн газарт үүрэг болгосон юм.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар Ерөнхий сайд С.Батболдод асуулга тавьсан юм. Асуулгын хариуг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж чуулганы хуралдаан дээр өглөө.
Жилд зам тээврийн ослын хоёр тэрбум төгрөгийн хохирол гардаг Эрхэм гишүүд асуулгадаа “Сүүлийн гурван жилийн судалгаагаар жилд дунджаар 600 орчим хүн зам, тээврийн ослоор амь насаа алдаж, 3000 гаруй хүний биед ямар нэгэн хэлбэрийн гэмтэл учирсан байна. Зам тээврийн осолд өртөгсдийн дотор сургуулийн насны хүүхэд нэлээд хувийг эзэлж байгаа. Зам, тээврийн осолд суудлын машины насжилт, буруу талдаа жолоотой байх, хотын буруу төлөвлөлт, замын чанар, согтуу жолооч, явган зорчигчдын хөдөлгөөний соёл зэрэг хүчин зүйл голлон нөлөөлжээ. Арван осол тутмын нэгийг согтуу жолооч үйлдсэн байна. Мөн төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн сайнгүй, энэ харилцааг зохицуулах, хянах төрийн байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа учир дутагдалтай гэсэн дүгнэлт, мэдээллүүд байгааг гишүүд асуулгадаа дурдсан байлаа. Гадаадын жуулчид Монголын замын хөдөлгөөнийг дайны нөхцөл байдалтай зүйрлэж, “Монголын авто замууд хүний амьд явах эсэхийг сорьдог” гэж хэлсэн байдаг. Германы Замын цагдаагийн ажилтан “Монголын зам дээр үхье гэсэн хүн л ажиллах байх” гэсэн нь ч бий. Энэ эмзэг асуудлыг хөндөн Засгийн газарт хандаж байна” гэжээ. Замын цагдаагийн газрын өгсөн тайлбарт улсын хэмжээнд жилд зам тээврийн ослын хоёр тэрбум төгрөгийн хохирол гардаг. Үүний 1,6 тэрбум нь нийслэлд тохиолддог. Өнөөдрийн байдааар нийслэл хотод 220 орчим мянган автомашин явж байгаа бөгөөд жил бүр машины тоо нэмэгдэж байгаагийн зэрэгдээ энэ бүхнийг цагдаагийн хүчээр зохицуулж байгаа. Нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээ муудсан нь үнэн. Баазын удирдлагууд машинаа ч, жолоочоо ч үзлэгт оруулдаггүй хэмээж байв. Харин ХЗДХ-ийн сайдын хувьд Замын цагдаагийн газрын орон тооны асуудал хүндхэн , байгааг дуулгасан юм. Хотын гудамжнуудын зай талбай хэвээр байгаад байдаг. Гэтэл жилээс жилд шинээр орж ирж байгаа машины тоо эрс ихэсч байна. Иймд Улаанбаатар хотын төлөвлөлтийг шинэчилж замын асуудлыг шийдэхгүй бол цаашид явахгүй гэж байв. Гишүүд осол хэргийг илрүүлэх үүрэгтэйгээр уулзваруудад тавигдаж буй хяналтын камеруудыг чанаржуулах, буруу талдаа жолоотой автомашинуудыг цэгцлэх, торгуулийг нэмэгдүүлэх, автомашиныг чипжүүлэх, жолооч нарыг чадваржуулах, давтан сургалтад хамруулах болон хотын түгжрээний асуудлыг цэгцлэх, журамлах цаг нь болсон гэдгийг хэлж байлаа.
Үүний дараа Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж батлав. Ингэснээр арванхоёрдугаар сарын 29-нийг бүх нийтийн амралтын өдөр’ болгохоор боллоо. Мөн энэ өдөр бөхийн барилдаан болох ч цол олгохгүй байхaар болсон юм.

Э.Долгион


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих