ГИГАНТУУДЫН ГАРГАСАН ЗАМААР ИМПОРТ БУС ЭКСПОРТ ХӨВРӨВ
Өнгөрөгч онд эдийн засагт тохиолдсон үйл явдлууд хамгийн халуун сэдэв байлаа. Дэлхийн даяар шинэ хямралд “бэлтгэж” байх зуур Монгол Улс эдийн засгийн өсөлтөөр тэргүүлж, их мөнгөний сурагт “бялуурч” үзэв. 21000 төгрөгийг нийтээрээ үзэн ядан “хайрлах”-ын хажуугаар инфляц нэг оронтой тооноос алдуурч харанга дэлдэж бас дөнгөв. Гэвч Засгийн газрын олон жилийн ярианд цэг тавьсан томоохон бүтээн байгуулалтууд гараанаас гарч, амь орсныг хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Улирч буй оны эдийн засгийн онцлох үйл явдлуудыг хамтдаа эргэн дурсъя.
ЭДИЙН ЗАСГИЙН ЦАГ АГААР:
+17 Монголын эдийн засгийн өсөлт нь өрийн хямралд өртөж, дэлхийн эдийн засгийг шинэ хямралд уруу татаж яваа АНУ болон Европын орнуудын атаархлыг өөрийн эрхгүй төрүүлэв. Томоохон ордуудын үйл ажиллагаа эхлээгүй энэ үед эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн нь чихэнд чимэгтэй мэдээнүүдийн дөнгөж эхлэл нь байлаа. “Standard and Poor’s” үнэлгээний агентлаг Монгол Улсын зэрэглэлийг тогтвортойгоос эерэг рүү шилжиж, урт хугацаат зээлийн үнэлгээ BB, богино хугацаат зээлийн үнэлгээ В түвшинд хүрснийг албан ёсоор мэдэгдсэн. Мөн манай улсын эдийн засгийн өсөлт 2013 онд 23 хувьд хүрч, БНХАУ-ынхаас даруй хоёр дахин өснө гэх таамгийг “Bloomberg” уламжлав. Монголд идэр есийн хүйтэн эхэлсэн ч эдийн засгийн цаг агаар нэмэх хэмтэй байна.
ТАВАНТОЛГОЙ ҮҮЦЭЭ ЗАДЛАВ
Тавантолгойн нүүрсийг өмнөд хөрш рүү экспортолж эхэлснээр Засгийн газрын зургаан жилийн ярианд цэг тавьж, “үл үзэгдэх” 536 ширхэг хувьцаа амь оров. Энэ онд Тавантолгойн Цанхийн зүүн хэсгээс нийт 1.3 сая тонн нүүрс экспортолсон ч дэлхийн зах зээл дэх үнээс хамаагүй бага буюу тонн бүрийг 70 ам.доллараар үнэлжээ. Гэвч үүнээс ч ойлгомжгүй үйл явдал нь Тавантолгойн Цанхийн баруун хэсэг дэх стратегийн хөрөнгө оруулагчдаас хэн нь илүү их эрх мэдэлтэй байх вэ гэх асуултын хариу байсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ-ын төлөөлөл тус бүр 51 хувийг эзэмших санал тавьж сандаргав. Ямартай ч, Монгол Улс зэсийн биш, нүүрсний орон болно гэх шинжээчдийн үг уг түүхий эдийн зах зээлд ноёлдог Австрали, Канадын урмыг хугалж, их хүлээлт дагуулсан Тавантолгойн нүүрс Гашуунсухайтын боомт хүртэлх 240 км замаар цувж эхэллээ.
ЭКСПОРТОД ХӨТӨЛСӨН ЭНЭ ЖИЛИЙН УРГАЦ
Дотоодынхоо гурилын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч, хойд хөршөөс улаан буудай, гурил импортолж байсан түүх ард хоцорч, энэ онд манай улс сүүлийн 20 жилд байгаагүй өндөр ургац (433.4 мянган тонн) хураан авлаа. 1988 оны супер амжилт болох 672 мянган тонн улаан буудайг гүйцэхгүй ч энэ жилийн ургац биднийг экспортод хөтлөв. Улаан буу дайн үйлдвэрлэлээр дэлхийд тэр гүүлэгч БНХАУ-ыг боломж хэмээн харж, эхний ээлжинд 50 мянган тонныг экспортлох гэрээ байгуулж амжлаа. Мөн малын тоо толгой арван хувиар өсөж, 35 саяд хүрсэн нь Монголын хөгжлийн ирээдүй зөвхөн уул уурхайн салбар биш гэдгийг сануулсан үйл явдал байв.
ГИГАНТУУД МОНГОЛД ТУХАЛЛАА
Олон улсын хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гаргах ажлын зөвлөхийг сонгох марафонд “Goldman Sachs”, “Morgan Stanley”, “JP Morgan”, “BNP “Paribas” зэрэг дэлхийн томоохон 16 банк оролцож шуугиан тарив. Тэгвэл V ДЦС-ын тендерт оролцогчдын тоонд “Marubeni”, “Mitsui”, “Samsung corporation”, “Bechtel” зэрэг гигантын нэр цохиж явна. Мөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барих ажлын зөвлөх компаниар АНУ-ын “Bechtel” тодорсон зэргээс үзэхэд Европ, АНУын тоосонд дарагдсан хуучин зах зээлээс залхсан дэлхийн гигантууд Төв Азийн цээжин дэх жижигхэн Монгол руу жим гартал шогшиж буйг илтгэсэн үйл явдал байлаа.
ДЭЛХИЙН ТҮВШИН РҮҮ МАЦАХ ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ГАРАА
Монголын хөрөнгийн бирж Лондоны хөрөнгийн биржтэй гурван жилийн хугацаатай “Ажлын мастер гэрээ”-г энэ оны дөрөвдүгээр сард байгуулав. Гэрээнд технологи, хууль зүйн орчныг сайжруулснаар Монголын хөрөнгийн биржийг дэлхийн түвшинд хүргэх тухай тусгажээ. Хоёр бирж хамтран ажилласнаар 30 орчим томоохон биржид ашигладаг “Millennium IT” гэх дэлхийн хамгийн хурдан арилжааны системийг энэ сард багтаан суурилуулахаар болоод буй. Мэдээлэл дамжуулах хурд, багтаамжийн хувьд олон давуу талтай энэхүү системийг нэвтрүүлснээр хүссэн газраасаа арилжаанд оролцох боломж бүрдэх юм. Түүнчлэн Т+3 хугацаан дахь төлбөрийн автомат системийг нэвтрүүлэхээр биржийнхэн ажиллаж байна. Ингэснээр цагийн зөрүү бүхий орнуудын хөрөнгө оруулагч арилжаанд оролцох боломж бүрдэх гэнэ. Олон улсын санхүүгийн томоохон төвийн нэг Лондоны хөрөнгийн биржтэй түншилснээр Монголын бирж ирэх жилүүдэд Лондон шиг, Хонконг шиг болох замын эхлэл тавигдаад буй.
ХӨГЖЛИЙН БАНК ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЭВ
Хөгжлийн банк энэ оны тавдугаар сард нээлтээ хийв. Тус банкны удирдлагын багийн сонгон шалгаруулалтад БНСУ-ын Хөгжлийн банк шалгаран ажиллаж байна. Засгийн газраас 800 тэрбум төгрөгийн бондын баталгаа гаргасан бөгөөд уг банкаар дамжуулж монголчууд шинэ бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх юм. Монгол Улсын Хөгжлийн банк 600 сая ам.долларын дунд хугацааны Евро бондын хөтөлбөрийг нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын ING, “Deutsche”, HSBS банктай хамтран хэрэгжүүлж эхэлснээ энэ сарын 2-нд зарлав. Ийнхүү олон улсын зах зээлд дээрх хэмжээний бонд гаргаж буй нь Монгол Улсын хувьд анхных юм. Бондын жилийн хүү долоо орчим хувь байгаа нь ижил төстэй зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад багад тооцогдоод байгаа. Энэ сарын 9-нд 600 сая ам.долларын бондоос эхний 20 сая нь Хөгжлийн банкны дансанд орсон бөгөөд өрийн бичгийг ING банк худалдан авчээ. Уг 20 сая ам.долларыг “Шинэ төмөр зам” төслийн санхүүжилтэд зарцуулахаар болоод байгаа. Ийнхүү олон оронд үүргээ сайн гүйцэтгэж ирсэн Хөгжлийн банк монгол хувилбараар хөрсөн дээр буун ирээдүйн хөгжлийн дэд бүтцийг дэмжих томоохон хөшүүрэг болох нь ээ.
800 ТЭРБУМААР “НАРИЙЛСАН” СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨСӨВ
Монгол Улсын ирэх оны төсөв түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд буюу 6.4 их наяд төгрөгт хүрсэнд монголчууд баярласангүй, харин ч хаа хаанаас аюулын харанга дэлдэж байсан. Хараахан гар дээр ирээгүй их мөнгөний сурагт бялуурсан сонгуулийн жилийн төсвийн зарлагыг 800, санхүүгийн эх үүсвэрийг 105 орчим тэрбум төгрөгөөр танаж баталсан ч санхүүгийн экспертүүдийн санаанд нь даанч хүрсэнгүй. Инфляцыг энэ онд нэг оронтой тоонд барих Монголбанкны “супер төлөвлөгөө”-г энэ жилийн том төсөв хуга дарсан. Үүний эсрэг тэд бодлогын хүүгээ гурван удаа нэмж, тэмцсэн ч тусыг эс олов. Тиймээс ирэх онд нүүр улайхгүйн тулд том төсвийг нарийлах “ухаалаг эзэгтэй”-н үүргээ Төвбанкныхан чамлахааргүй сайн гүйцэтгэснийг онцлох хэрэгтэй. “Хүний хөгжил сан”-гаас сар бүр 21000 төгрөг тараасан “буруутнууд” ирэх онд “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэн бүрт нэг сая төгрөгийн хувьцаа олгохоор болж гэмээ цайрууллаа.
ОЮУТОЛГОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭРЧИМЖЛЭЭ
Дэлхийд нөөцөөрөө гайхагддаг Оюутолгойн бүтээн байгуулалтын ажил 50 хувьдаа хүрснийг энэ оны есдүгээр сарын 25-нд тэмдэглэв. Энэ оны эцсээр дээрх хувийг 70-д хүргэхээр тооцоолсон “Оюутолгой” компанийнхан 2013 оноос үйлдвэрлэлээ эхлэх юм. Тэр үед жилд 450 мянган тонн зэс, 330 мянган тонн алт үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Оюутолгойн ол борлолтоос үүдэн 2020 он гэхэд Монгол Улсын эдийн засаг дунджаар 35 хувиар өсөхийг тооцоолоод буй бөгөөд уг ордыг ашиглалтын хугацаа 50-иас дээш жил байх юм. Монголын Засгийн газрын эзэмших 34 хувийг өсгөх тухай удтал маргаан дэгдээсний эцэст “ЭрдэнэсОюутолгой” компани байгуулан “манаач”-аар томилов.
ШАТАХУУНЫ ХОМСДОЛД ОРЖ, НЕФТИЙН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ШАВ ТАВИВ
Монгол Улс “Роснефть” компанийн Эрхүү дэх Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс газрын тосны бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг импортолдог. Өөрөөр хэлбэл, монголчууд ганц улсаас хараат. ОХУ-д дотоодод нь газрын тосны хомсдол үүссэн, дээрх үйлдвэр засварт орсон зэргээс үүдэн манайд нийлүүлэх хэмжээгээ дөрөвдүгээр сараас бууруулахад Монгол хэдэн сарын турш “хямрав”. Сүүлийн хоёр жилд явж ирсэн зарчмаараа онцгой албан татварын хувь хэмжээгээр дамжуулан үнийг тогтвортой байлгахад Засгийн газраас анхаарал тавьсан ч хэдэн сарын турш нефтийн үнэ тэнгэрт хадаж, хомсдол нүүрлэв. Найман жилийн өмнө литр дизель түлшний үнэ 680 төгрөг байсан бол өнгөрсөн тавдугаар сард 1440 төгрөгөөр худалдан авч хомсдолын зовлонг биеэрээ мэдэрлээ. Ямартай ч хаширсан монголчууд анхны нефть боловсруулах үйлдвэрийнхээ шавыг Дархан хотод энэ оны арванхоёрдугаар сарын 23-нд тавив. Өдөрт 44 мянган баррель, жилд хоёр сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй. Зөвхөн энэ биш, гурван ч үйлдвэр баригдах сураг байгаа.
Ц. БОЛОР, Ж.ТЭГШЭЭ
URL: