Вашингтоны монголчуудыг доромжилсон “Гурван охин” хамтлагийнхан өндөгөөр шидүүлэв

“Гурван охин” хамтлаг АНУ-ыг зорин, тэнд суугаа монголчуудад тоглолтоо хүргэх гэсэн ч цаг барьдаггүй зангаасаа болж муугаа үзжээ. Өнгөрсөн ням гарагт Вашингтоны нэгэн клубт тоглолт үдшийн 21 цагт товлогдож, хүмүүс цугларсан байсан ч хамтлагийнхан тоглолтоо шөнийн 00:45 цагт эхлүүлсэн гэнэ.
Тоглолтыг зохион байгуулсан “Монгол Эвентс” хэмээх байгууллагын төлөөлөгчдөд үзэгчид уурлаж бухимдан, 30 гаруй хүн тасалбарынхаа мөнгийг буцааж өгөхийг шаарджээ. Түүгээр ч барахгүй хамтлагийн гурвыг тайзан дээр гарч ирсэн хойно нь үзэгчдийн дундаас тэдэн рүү өндөг шидсэн байна. Товлосон цагаасаа бүтэн дөрвөн цаг хоцорсныг олон хүн хүлээн зөвшөөрөөгүйн сацуу хамтлагийн бүсгүйчүүдийг нүүрэн дээр нь улайм цайм шүүмжилжээ.
“Монголд шинэ залуу гарч ирдэг бүх хамтлаг, дуучин ийм болчихов уу? Эсвэл та нар зөвхөн биднийг доромжилж байгаа хэрэг үү?” гэж асуусан нэгэн байхад “Монголын поп дуучдын залуу үе дорой сэтгэхүйтэй, бүдүүлэг болж” гэж хатуухан хэлсэн хүн ч байгаа аж.
Тоглолтыг зохион байгуулж, гурван бүсгүйн өмнөөс багагүй зэмлэл, бухимдал хүлээн авсан Бямбаа хэмээх зохион байгуулагч вэбсайтдаа “Урлаг бол хүнд аз жаргал баяр баясгалан авчрах түлхүүр оньс нь болдог.
Харин жаахан нэрд гараад, өөрсдийгөө орчлонгоос тасарчихсан юм шиг сэтгэдэг цөөн хүмүүс алдар хүндийн оргил тэмүүлж яваа хэдий ч мөрөөрөө явсан олон хүний замд саад болдог гэдгийг өнөөдөр хараад ойлгож авлаа” хэмээн харууссан байна. Тэрбээр өөр улсад байгаа монголчуудын холбооныхонд ч “Гурван охин” хамтлагтай ажиллахдаа энэ явдлыг анхаараарай хэмээн сануулжээ.

Б.Ганбилэг


URL:

Сэтгэгдэл бичих