Мах магнаг болж ховордох нь
-Хятадууд тэмээ, адууны шөрмөсийг 8500 төгрөгөөр худалдаж авч байна-
Ийм олон сая толгой малтай хэрнээ мах, цагаа идээний үнэ тэнгэрт хадсан үнэтэй. Зуны улиралд цагаан идээнийх нь үнийг дийлж авч чадахгүй. Өвлийн улиралд махаа авч идэж чадахгүй байгаа нь үнэн юм. Идэш уушны цаг болохоор мөн баяр ёслолын үеэр махны үнэ бүр тэнгэрт хадаж, махны ченжүүд даам гарахыг нийслэлчүүд мэднэ. Хүний гол хэрэгцээ бол хүнс байдаг.
Ойрын үед гадуур “Мах ховордож байна. Адууны мах, ямааны мах олдохоо байлаа. Хятадууд их хэмжээний мах худалдаж авч байна. Ялангуяа адуу, ямааны махыг ченжүүдийн гар дээрээс шууд худалдаж авч байгаа болохоор томоохон захуудад адуу, ямааны мах алга. Байсан ч дэндүү үнэтэй байна. Энэ байдлаар байвал ирэх хавар гэхэд монголчууд мах идэхгүй мацаг барих вий дээ. Энэ жил идэшний адуу, үхэр, бог мал худалдаж авлаа. Өнгөрсөн өвлийнхөөс илүү үнэтэй байна” гэсэн иргэдийн ам яриа гадуур их тархаж байна. Дам яриа дамжиж явсаар эцэстээ үнэн болдог. Үнэхээр мах үнэд орж, ховордсон юм болов уу.
Ингээд “Хүчит шонхор” махны зах дээрээс сурвалжлага хийлээ.
Хоёр хоногийн өмнө өглөө 10.00 цагийн үед тус захад очиход хөл хөдөлгөөн ихтэй байв. Машин түрдэг хүмүүс ачих махаа булаацалдан “Чи тэр машиныхыг ачаач. Би энэ машинд ачихаар тохирсон” гэх мэт хоорондоо хэрэлдэж, хэлэлцэнэ.
Ингээд адууны мах, үхрийн мах зардаг тасаг руу орлоо. Оронгуут өөдөөс “За үхрийн мах, адууны мах хямдхан байна, авах уу” гэсэн махны худалдаачид тал талаас шуугилдана.
Адууны мах ястай нь 6300 төгрөг, ясгүй цул нь 6800 төгрөг,
Үхрийн ястай мах 7000, цул нь 7300-7800 төгрөг,
Ямааны мах цул нь 6000, ястай нь 5500 төгрөг,
Хонины мах цул нь 6500, ястай нь 5800 төгрөгийн ханштай байна.
Эндээс гараад томоохон захуудад очихоор дээрх үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгдэж зарагдаж байгаа аж.
Ингээд дээрх тасгаас гарч, хонь ямааны мах зардаг тасаг руу орлоо.
Хонины мах элбэг болохоос ямааны мах зарж байгаа ганцхан байв. Тэндээс очиж ямар үнэ ханштай байгаа талаар тодруулахад “Ямааны ястай мах 5500-тай байна. Харин цул нь 6000 байна. Ямааны мах ховордсон байгаа учраас олдохгүй байна. Олдож байгаа нь ийм үнэ ханштай. Өглөөд хятадууд их хэмжээгээр авчихаад байна. Цаашид нэмэгдэнэ. Бид махны үнийн ханш тогтоохгүй. Ченжүүдээс худалдаж авдаг. Харин ченжүүд аль үнэтэй авахад мөнгөө бодоод өгчих юм. Хятадууд мах нөөцөлж байгаа юмуу, урд хөрш рүү гаргаж байгаа эсэхийг мэдэхгүй юм. Ямартаа ч өглөөд их хэмжээгээр авч байгаа нь үнэн” гэв.
Монголын махны үйлдвэртэй эздүүд өөрийн нэр дээрээ мах гаргах зөвшөөрөл авч хятадуудад мах гаргах эрхээ ямар нэг байдлаар ашиглуулдаг гэх. Тиймээс хятадуудад их хэмжээний мах хилээр гаргах зөвшөөрлийг олгоод байгаа албан тушаалтнуудыг шалгах ёстой.
Тухайлбал, аймаг болгонд махны бизнес хийдэг томоохон сүлжээ, үйлдвэр бий. Ялангуяа Эмээлтэд хятад үйлдвэртэй мах боловсруулах 10 гаруй үйлдвэр бий гэнэ. Тэндээ мал нядлуулаад махаа зооринд хийдэг. Заримдаа “Хархорин, “Хүчит шонхор” зах руу нийлүүлдэг аж. Махны ченжүүд бүгд хятадуудад махаа өндөр үнээр худалдаалж байна гэж махны худалдаачид ярьж байв.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: