МАН-ыг дагаж АН хийсэв

525q4seci83a336nk8g4spdqmc_bОрон даяар МАН улаан сарнайтай тугаа дэрвүүлэн байсан 2016 оны ялалтын уухай бүдгэрчээ. Түүнээс хойш үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн эрх баригчид багагүй “зовлон” туулж байна. Энэ нам өөрийнхөө байгуулсан Засгийн газрыг огцруулах асуудлыг нэг бүрэн эрхийнхээ хүрээнд хоёр удаа хэлэлцсэн нь ч содон баримт болж үлдэх биз ээ.

Өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудал дээр УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн хоёр хуваагдаж “33”, “32”-ын гэх хоёр албан бус бүлэгтэй болж байлаа. Энэ явдал У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан, намын даргын албан тушаалыг авсантай холбогдуулан намжих шинжтэй болсон. Гэхдээ хөшигний ард асуудал улам даамжирсаар байсан нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотойгоор дахин сэдэрснээс нь харагдана. Тухайн үеийн “32”-ын бүлгээс У.Хүрэлсүхийн танхимд орж ажилласан гишүүдээс Ц.Цогзолмаагаас бусад нь сая Засгийн газар огцрох шаардлагагүй гэж кнопдлоо. Бусдаар бол яг л өнгөрсөн жил гарсан хагарлынхаа цаваар дахиад нэг салав. Хэдийгээр УИХ-ын гишүүдийн олонх нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн ч одоогийн байдлаар эрх баригч намын УИХ дахь бүлэг хуралдаж чадахгүй, гишүүд нь хоорондоо мэндийн зөрүүгүй өнгөрч байгаа нь асуудал нэг талдаа гарах болоогүйг илтгэнэ.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ дахь сөрөг хүчин АН-ын бүлэгт хуваагдал гарсан нь сонирхолтой. Монгол Улс шинэ хөгжлийн замыг сонгосноос хойш өнөөг хүртэл АН-ыг эрх барьж байх үеийн Засгийн газрыг огцруулах асуудал сөхөгдөх бүрийд МАН-ын УИХ-ын гишүүд 100 хувь дэмжиж ирсэн байдаг. Энэ жишгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах нь зүйтэй гэсэн УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэр гараад байлаа. Түүнчлэн тус намын Улс төрийн зөвлөл хуралдаж “Засгийн газрыг огцруулах асуудал дээр УИХ дахь АН-ын бүлэг нэгдмэл байр суурьтай байх”-ыг чиглэл болгосон юм. Гэвч өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд сөрөг хүчний гурван УИХ-ын гишүүн эрх баригч намын даргын удирдаж буй Засгийн газар цаашид ажиллах нь зөв гэж саналаа өгөв. Үүнийг дагаад “УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа. Удахгүй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болж магадгүй тул гишүүн ийм алхам хийлээ”, “УИХ-ын гишүүн Л.Болд өөрийнхөө “Богд” банкиндаа ипотекийн зээлийн санхүүжилт 600 тэрбум төгрөг суулгахаар тохирсон гэнэ”, “Д.Мурат гишүүн хүний биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэг нь хоёр шатны шүүхээр эсрэг гарчихаад байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн шахалтад орсон юм билээ” гэх хардлага таамаг, явган яриа тарсан. Ямартаа ч УИХ-д есөн суудалтай боловч МАН-ын дотоод зөрчлөөс шалтгаалан өнгөрсөн хугацаанд улс төрийн тоглолтод шийдвэрлэх үүрэгтэй оролцож ирсэн АН-ын бүлэгт хагарал гарлаа. Ингээд өчигдөр АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөх, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрвөн жилийн хугацаанд аливаа сонгуульд намын өмнөөс нэр дэвшүүлэхгүй гэдэг шийдвэр гаргасан нь эргээд АН УИХ-д бүлэгтэй байх уу гэдэг асуудалд ч тулж очив.

Тодруулбал, дээр дурдсан асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Бий болгосон ардчиллын үнэт зүйл рүү дайрах гэсэн уур амьсгал ноёлох байдалтай болж байна. Тийм учраас бий болсон асуудлыг зөв тийш нь оруулахын тулд тодорхой улс төрийн шийдвэр гаргасан. Аливаа улс төрийн нам өөрийн гэсэн дүрэм, журамтай. Улс орон ч гэсэн хууль дүрэмтэй байдаг. Энэ хүрээнд АН Их хурлаа хийж, Үндсэн дүрмээ баталж, Дээд шүүхэд бүртгүүлж хууль ёсны улс төрийн намын үйл ажиллагаа явуулж байна. АН-ын Үндсэн дүрэмд заасан заалт бүрийн намын гишүүд ягштал биелүүлэх үүрэгтэй. Энэхүү дүрмээ хүлээн зөвшөөрч, АН-ын үнэт зүйл, үйл хэргийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс АН-д нэгдэж АН-ын гишүүн гишүүний эрх үүргийг хэрэгжүүлэх дүрэм журамтай. Харин энэ үүргээ биелүүлээгүй зарим этгээдэд намын үндсэн дүрмийн хэмжээнд улс төрийн хариуцлага тооцох шийдвэр гаргалаа” гэв. Мөн “АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарыг намын Үндсэн дүрмийн тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэн Үндэсний дүрмийн хорооны тогтоол гаргасан. АН-ын Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг үндэслэж, АН-ын даргын тушаалаар УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг сонгуульд нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хязгаарлаж, сахилгын шийтгэл оноосон. Шалтгаан нь, ЖДҮХС-гаас их хэмжээний мөнгийг нэн хөнгөлөлттэй зээл авч завшсан Засгийн газрын гишүүдийг огцруулах саналыг УИХ-д оруулахаас удаа дараа татгалзсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд улс төрийн хариуцлага хүлээлгэх тухай АН-ын Улс төрийн зөвлөл, УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг зөрчиж, Засгийн газрыг дэмжсэн шийдвэр гаргасантай нь холбоотой” гэсэн юм. Харин  УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөх болсон шалтгаан  нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэн, мөн намын нэр хүнд үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйл явдал гаргасан гэж үзсэн тул намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатайгаар хассан тушаал гаргасан гэнэ.

Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Улс төр халуун байна. Ордон дотор улс төрийн тэмцэл өрнөж байна. Энэ тэмцэл нь Монголын түүхийн эргэлтийн онцгой чухал үйл явдал гэж харж байна. Өнгөрсөн баасан гарагт 30 гэр бүл ялах уу, гурван сая монгол ялах уу гэдэг тэмцэл болсон. МАН-ын бүлгийн хуваагдал шиг АН-ын бүлэг хоёр хуваагдсан. МАНАН-ийн төрийг дэмжиж 30 гэр бүлийн талд АН-ын хэсэг нөхөд саналаа өгсөн. Эх орончдынхоо талд, шударга бус хонгилыг бий болгосон хүмүүсийг эсрэг, МАНАН-гийн эсрэг АН-аас гурван гишүүн Засгийг унагаахгүй гэж санал өгсөн. Тэгвэл одоо АН-ын дарга МАНАН-гийн бүлэглэлийг дэмжээгүй гурван гишүүндээ хариуцлага тооцсон гэж мэдэгдэл хийлээ. Эрүүл ухаантай байгаа даа л гэж бодлоо. Намын бүлгийн дээрх шийдвэрийг би ойлгохгүй байгаа. МАНАН-гийн бүлэглэлийг дэмж гэсэн намын даргын тулгалтыг би дэмжээгүй учраас намаасаа хөөгдлөө. Гэхдээ Монголоосоо хөөгдөөгүйдээ би баярлаж байна. Тун удахгүй МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбатыг АН-ын удирдлагаас нь  зайлуулах ажил орон даяар эхэлнэ. МАНАН-гийн төлөөлөгч С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр өнөөдөр АН-ыг булшилж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. АН шинэчлэгдээгүй байна. АН-ыг шинэчилсэн гэж С.Эрдэнэ хуурмаг баг зүүсэн байна. АН-ын шинэчлэлд би гар бие оролцож, АН-ын эв нэгдлийн төлөө зүтгэсэн. Би ардчиллын төлөө зүтгэсэн. Харамсалтай нь, би буруу зүйл рүүгээ зүтгэсэн гэдгээ ойлголоо. Би МАНАН-гийн төлөө зүтгээгүй ээ. Намын хууль бус шийдвэрт захирагдах эрх бидэнд байхгүй. Би АН-ынхаа мянга мянган гишүүдтэй хамт байх болно. Өнөөдрөөс намынхаа шинэчлэлийг эхлүүлнэ” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд “Өнгөрсөн баасан гаригт Монгол Улсад эрх чөлөөний  хувьсгал болсон. Засгийн газрыг огцруулах асуудал бол МАНАН-гийн тогтолцооны дотоод хагарал, бүлэглэлийн дотоод тэмцэл байсан. Үүнд АН ямар ч хамаагүй. Би өнөөдрийн шийдвэрийг хараад гутарч байна. АН ардчилсан биш коммунист нам болжээ. Энэ нам Монгол Улсыг тонож байгаа МАНАН-гийн халаасны нам болсон гутамшгийг би харлаа. Бид хоёр ард түмнийхээ төлөө саналаа өгсөн. АН бүлэгтэйгээ үлдэхийн тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжиллоо. Би АН-ын бүлгээс гарна гэдгээ мэдэгдэж байна. Би намаа шинэчлэх хөдөлгөөнд гар бие оролцох болно” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Д.Мурат таг чиг явна. АН-ын дарга С.Эрдэнийн хувьд нам, бүлгийнхээ шийдвэрийг дагаагүй гишүүддээ сахилгын арга хэмжээ авах, намаас хөөх нь бараг тодорхой байсан. Үүний өмнө тэрбээр Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн гэрээтэй холбогдуулан АТГ-аас тэмцэх газраас шалгаж эхлэхэд намаас хасч буйгаа мэдэгдэж байлаа. Тухайн үедээ намын гишүүнийх нь хэрэг шүүхээр шийдэгдээгүй байхад арга хэмжээ авлаа хэмээн олон нийтээс шүүмжлэл хүртэж байсан юм. Мөн саяхан тус намын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны сунгааны дүн болон Баянзүрх дүүргийн намын хурлыг Баянгол дүүрэгт зохион байгуулсныг эсэргүүцсэн цуглааныг зохион байгуулсан хэмээн хардсанаас уу Ерөнхийлөгчийн зөвлөх, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа, НИТХ-ын төлөөлөгч АН-ын Баянзүрх хорооны гишүүний Т.Батцогт нарын гишүүдээ намаасаа хөөж байв.  Мөнхүү АН-ын дарга болсноосоо хойш намынхаа лидер гэгдэх эрхмүүдийг дүрмээ баримталж суртал нь гуйхгүй гэж гөжиж байгаа нь ч чамгүй эсэргүүцэл дагуулж яваа. Харин одоо намынхаа Их хурлыг тулгаж гаргасан шийдвэр нь АН УИХ-д бүлэггүй болж магадгүй байдалд хүргэлээ. Хэрэв тэд бүлэггүй болох юм бол 2012-2016 онд С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын байгуулж байсан бие даагч гишүүдийн зөвлөл гэдэгтэй адил зөвлөл байгуулж болох юм. Бүх намынхаа гишүүдийн сунгаанаас гарч ирсэн С.Эрдэнэ даргын дараагийн үйлдэл, АН-ын Их хурлын уур амьсгал, УИХ-д сөрөг хүчингүй болж ч магадгүй эрх баригчдын дотоод тэмцэл хаа хүрэхийг харах л үлдэж байна.

Ж.БАЯРСАЙХАН

Үндэсний шуудан


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих