Улс төрчдөд нийгмийн түншлэлийн “хичээл заасан” ажлаар бид 2012 оноо угтаж байна

Улиран одож буй хуучин оныхоо ажлыг дүгнэж угтан ирж буй шинэ оныхоо ажлыг төлөвлөж буй Танд болон танай хамт олонд айлчлан ирж буй 2012 оны мэнд дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, ололт амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 2011 он МҮЭХ-ны хувьд олон чухал үйл явдлаар дүүрэн жил байлаа. Жил болгон л бидэнд маш чухал байдаг, ирэх жил сонгуулийн жил гэдэг утгаараа илүү чухал, хариуцлагатай жил болно. Өнгөрч буй жил манай их хурал болж өнгөрсөн дөрвөн жил Үйлдвэрчний холбооны ажил, идэвхитэн сонгуультнуудын ажил, ялангуяа МҮЭ-ийн удирдлагын ажлыг дүгнэж намайг дахин улируулан сонгогдсон. Энэ бол түмнийхээ итгэлийг дааж явах, улам их хариуцлагыг ногдуулсан ийм үйл явдал боллоо.

Нийт гишүүд, идэвхтэн сонгуультан, түмэн олондоо хандаж хэлэхэд би дахиад дөрвөн жил хоёргүй сэтгэлээр үйлдвэрчнийхээ төлөө ажиллана. Надад эрч хүч өгсөнд тань Та бүхэндээ баярлалаа. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны өнөөгийн хүрсэн түвшин бол үйлдвэрчний ерөнхийлөгч гэхээсээ илүү энэ бүхний төлөө ажилладаг манай идэвхтэн, гишүүд, дэмжигчдийн хөдөлмөр юм. Дээр нь хөдөө орон нутаг, Улаанбаатар хот, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодын ажлын алба, хороод, идэвхтэн сонгуультнуудын маань нөр их хөдөлмөрийн үр дүнд амжилт, бүтээл бий болж байгаа. Манай ерөнхий зөвлөлийн ажлын алба ч гэсэн онцгой ажиллаж байгаа.

Бидний хамгийн гол ажил бол эрх зүйн хамгаалалтын тогтолцоог бий болгож байна. Мөн цалин хөлсний томоохон жагсаал цуглаан улс орон даяар зохион байгуулахад орон нутгийн үйлдвэрчний эвлэлийнхэн сайн ажиллалаа. Боловсролын салбарын ажилтнууд тэр дундаа салбарын холбооны дарга Ж.Батзориг, дэд дарга Д.Саранцэцэг дарга, түр хорооны дарга Ч.Алтанцэцэг нараар ахлуулсан багш нарын ажил хаялтын түр хороо сайн ажиллалаа. Мөн эрүүл мэнд, соёлын салбарын ажилтнууд, салбар, орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн холбоодууд онцгой ажиллаж энэ удаагийн ажил хаялтын үр дүнг гаргалаа.

МҮЭХ бол нийгмийн гол хөдөлгөгч хүч юм аа гэдгийг ойлгуулж мэдрүүлсэн улс төрчдөд нийгмийн түншлэлийн хичээл заасан энэ томоохон ажлаар  бид 2011 оноо үдэж 2012 оноо угтаж байна. Үүнд манай “Хөдөлмөр” сонин бас онцгой үүрэгтэй оролцож, ялангуяа гишүүдтэйгээ биднийг холбож, харилцаа холбоотой байхад  онцгой ажилласан. Ингээд ерөнхий зөвлөл, салбаруудын ажлын алба, аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоод, хороод, МҮЭХ цул нягт, нэгдмэл, эв нэгдэлтэй байж чадаж байна гэдэг бол бидний том амжилт юм. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж буй хамт олноороо бахархаж  байна.

2012 оны улс төрийн сонгуулийн жил. Иймд ҮЭ одоогийнхоо илүүтэйгээр төрийн бодлого шийдвэрт оролцох, хяналт тавих, эрх мэдлийг нэмэгдүүлэх жил болгоно гэж үзэж байна. Үйлдвэрчний эвлэлийн идэвхитэн, ажилтнуудыг аймаг, сум, дүүрэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгуулахын төлөө бид ажиллана.

Сонгуулийн дараа улс төрийн намууд дандаа амласан зүйлээ биелүүлэхгүй худал яридаг учир сонгуулийн өмнө үйлдвэрчин ард түмнийхээ өмнөөс намуудтай хэлэлцээр гэрээ байгуулж тэднийг хариуцлагагүй ажиллах юм бол огцруулах хэмжээний эрх мэдлээ сонгуулийн өмнө бий болгоно. Намууд үнэхээр түмнийхээ төлөө ажиллах гэж байгаа бол энэ гэрээнээс татгалзах учиргүй ээ. Ингээд Монголын нийт ард түмэндээ шинэ жилээ сайхан тэмдэглээрэй гэж хүсэн ерөөе.

С.Ганбаатар

Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин


URL:

Сэтгэгдэл бичих