Эмнэлгүүдийн 51 хувь нь зориулалтын бус байртай
-Эмнэлгийнхээ орны тоог нэмэх их сонирхолтой хэрнээ төрийн ачааллаас төдийлөн хуваалцдаггүй-Эрүүл мэндийн багц хууль, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан заавар, журам, эрүүл мэндийн технологи, эмчилгээ оношлогооны болон түгээмэл үйлдлийн стандартын хэрэгжилтийн байдлыг МХЕГ-аас шалгасан байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу, төлөвлөгөөт бус хяналтыг энэ оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс ажлын 10 хоногт хийж гүйцэтгэжээ.
Шалгалтад нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа хувийн хэвшлийн ортой нийт 72 эмнэлэг хамрагдаж (ХУД-ийн 7, ЧД-ийн 1, БНД-ийн 1, БГД-ийн 22, БЗД-ийн 15, СБД-ийн 13, СХД-ийн 12, Налайхын 1), Дельфин Эйч, Энхийн төлөө, Энхсаруул, Идэрмэг, Орбита, A and B, Сорогзон зэрэг эмнэлгүүд засвартай, Дархан Оточ, Оточ Өөдий, Анухаймед эмнэлгүүд хаяг байршилдаа байгаагүй зэрэг шалтгаанаар шалгалтанд хамрагдаагүй аж.
Нийслэлийн хувийн хэвшлийн ортой эмнэлгүүд нь дотор, мэдрэл, мэс засал, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, дурангийн мэс засал, уламжлалт анагаах ухаан, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ба их эмч 258, эмнэлгийн бусад дунд мэргэжилтэн 382 ажиллаж, нийт эмч нарын 64 хувь нь эмчийн зэрэгтэй, 28 хувь нь эмнэлгийн дунд мэргэжилтэн байна.
Шалгалтад хамрагдсан эмнэлгийн 49 хувь нь зориулалтын, 51 хувь нь зориулалтын бус байрыг эмнэлэгийн зориулалтаар тохижуулсан, 68 хувь нь түрээсийн, 32 хувь нь өөрийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Нийт эмнэлгийн 96 хувь нь халаалт, цэвэр, бохир усны төвлөрсөн системд холбогдсон, бүх эмнэлэгийн байрны дулаан, гэрэлтүүлэг нь эрүүл ахуйн шаардлага хангасан, өрөөний багтаамжаас хамааран 1 өрөөнд 2-4 ор байрлуулсан бөгөөд 1 оронд 4-8 хавтгай м талбай ногдож, тасаг, кабинет бүр гар угаах угаалтуур, эмч ажиллагсад, өвчтнүүдэд зориулсан ариун цэврийн өрөөтэй бөгөөд 1 суултуурт 10-15 хүн ногдож байна.
Эмнэлгүүдийн 56 хувь нь эмчилгээ, үйлчилгээнд ашиглагдаж байгаа багаж материалыг өөрийн байранд, 44 хувь нь төвлөрсөн ариутгалын тасаг, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр ариутгуулдаг, 42 хувь нь халдварын сэжигтэй өвчтнийг тусгаарлах өрөөгүй, 45 хувь нь зориулалтын бус тусгаарлах өрөөтэй байна.
Эмнэлгүүд нь байршлын хувьд хүн амын суурьшлын бүсэд оршдог бөгөөд ойр орчинд нь үйлдвэрийн барилга байгууламж байхгүй, орон сууц бусад төрлийн барилга байгууламжаас 150-200м-ийн зайд байрласан байна.
Энэхүү шалгалтаар олон зөрчил илэрчээ.
Хувийн хэвшлийн эмнэлгүүд нь эмнэлгийн 10-300 хүртэл ортойгоор үйл ажиллагаа явуулж байхад эдгээрийн бүтэц, үйл ажиллагаанд тохирсон стандартгүй байгаа, эмнэлгүүдэд “Чанар, стандартыг хангасан тул магадлан итгэмжлэл олгов” гэсэн батламжийг Засгийн газрын хэрэгуүүлэгч агенлаг ЭМГ-аас олгосон байхад эмнэлгүүд энэ шаардлагыг бүрэн хангаагүй буюу магадлан итгэмжлэл чанаргүй явагдаж байна.
Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлд 21 ороор тусламж үйлчилгээ үзүүлэхээр заасан байхад “Найрамдал” эмнэлэгт орны тоо, зөвшөөрлийг хэтрүүлэн нэмж өвчтөн эмчилж байгаа, Ачтан эмнэлэг нь эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг Анухаймед эмнэлгээр гүйцэтгүүлж байгаа, Номуун эмнэлэгт тусгай зөвшөөрөлд заагдаагүй хүүхэд, лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, Амин-Эрдэнэ, Номуун эмнэлгүүдэд эмнэлэг, сувиллын тусгай зөвшөөрөлд заагдсан нийт оронд эмнэлгийн өвчтөн авч эмчилж байгаа, Номуун эмнэлэг өмнөх шалгалтаар өгөгдсөн үүргийг хэрэгжүүлэхгүй байна.Эмнэлгүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба, багийн бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн сайдын тушаалд заасан орон тоогоор ажиллуулдаггүй, тусламж үйлчилгээний чанарын байдалд тавих дотоодыг хяналт хангалтгүй байна.
Олон эмч нарийн мэргэжлийн дипломгүйгээр хүүхдийн эмчээр ажиллаж байгаа, эмчийн мэргэжил эзэмших курсэд сурч байгаа хирнээ их эмчээр ажиллаж байгаа, зарим эмчийн эмчлэх, сувилах эрхийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан байжээ.
Гурван гал эмнэлэгт Мухар олгойн хурц үрэвсэлтэй өвчтөнд тухай өвчнийг илрүүлэх шинж тэмдгүүдийг бүрэн илрүүлээгүй, өвчтөнд эмнэлэгт ирснээс хойш 10 цагийн дараа хагалгааг эхлүүлсэн, эмнэлзүйн лабораторийн шинжилгээнд илэрсэн өөрчлөлтийг оношийн үндэслэлд тусгаагүй ноцтой зөрчил илэрчээ.
Нийт эмнэлгүүдэд өвчний түүхэнд өвчний оношийг олон улсын ангилал, нэршлийн дагуу бичээгүй, үсгээр товчилж бичсэн, эмнэлзүйн лабораторийн шинжилгээг оношлогоо, эмчилгээний зорилгоор ашиглаагүй, өвчтөнийг мэс засалд хэрхэн бэлтгэсэн нь тодорхойгүй, мэс заслын өмнө дүгнэлт гаргаагүй, төлөвлөгөөт хагалганд орж байгаа өвчтөнд эмнэлзүйн лабораторийн шинжилгээ хийгээгүй, мэс засалд орохын өмнө зөвшөөрөл аваагүй, зөвшөөрлийн хуудас хөтлөөгүй аж.
Түүнчлэн эмнэлгийн халдвар судлагчийг гэрээгээр болон халдвар хяналтын ажилтанг томилон ажиллуулах асуудал орхигдсноос эмнэлгийн дотоод хяналт сул, халдвар хяналтын багийн үйл ажиллагааны төлөвлөгөө байхгүй байж.
Амин-Эрдэнэ, Топуна, Энхжил эмнэлгүүдийн ариутгалын хэсэг, тусгаарлах өрөөний зохион байгуулалт 1 чигийн урсгал хөдөлгөөний шаардлага хангахгүй байна.
Эмнэлгийн ажилтнуудыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, эмчлэн эрүүлжүүлэх талаар хангалтгүй ажиллаж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн /вируст гепатит В,С илрүүлэх/ хамруулаагүй байгаа аж.
Эмнэлгийн ажилчдад хийгддэг нян, шимэгч, вирус тээгч илрүүлэх шинжилгээг хийж нян тээгч илрүүлэх, эрүүлжүүлэх ажиллагаа хийгдэхгүй байна.
Энхжил, Сүйжин, Мишээл, Түмэншанд, АВМА, Мөнх-Оньч эмнэлгүүд хог хаягдлаа зааврын дагуу ангилаагүй, хог хаягдлын сав, уутаар хангаагүй, хурц үзүүртэй, иртэй хог хаягдлыг зориулалтын бус аюулгүй хайрцганд цуглуулсан байжээ.
Эмнэлгийн гал тогоонд цэвэрлэгээ угаалга хангалтгүй хийгддэг, халдваргүйжүүлэх уусмалыг найруулж мэдэхгүй, гал тогооны ажилчдад сургалт зохион байгуулаагүй, ажилчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд ороогүй, хоолны дээжийн бүртгэлийг тогтмол хөтөлдөггүй, хүнсний түүхий эдийг хадгалах агуулахгүй, ил задгай хольж хадгалсан байх нь элбэг байжээ.
Мөн Найрамдал, Мөнх-Оньч эмнэлгүүдийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоож, Найрамдал эмнэлэгт Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 702.000 төгрөгний, “Мон мэс” мэс заслын эмнэлэг нь энэ оны 4 дүгээр сарын 28-нд гаргасан зөрчил дутагдлуудыг бүрэн арилгаагүй бөгөөд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр лицензи аваагүй сувилагч шинээр авч ажиллуулсан, 5 дугаар сард эмч Жаргалсайхан болон Наранбаатар нарыг захирлын тушаалгүй, гэрээгүйгээр мэс заслын хагалгаанд удаа дараа оруулсан тул 2.100.000 төгрөгийн, хяналт шалгалтаас зайлхийсэн “Оточ өөдий” эмнэлгийн захирал н.Гончигжавт Төрийн хяналт шалгалтын хуулийн 16.1.1 дэх заалтыг үндэслэн 561.600 төгрөгийн шийтгэвэр, нийт 5 023 000 шийтгэвэр ногдуулж, бүрэн барагдуулжээ.
Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаагүй 25 нэрийн 147200 төгрөгийн, хэрэглэх хугацаа дууссан 1 нэрийн эмийг эмчилгээнд хэрэглэхийг зогсоож, улсын байцаагчийн акт тогтоон, устгахаар хураав.
Эмнэлгүүдийн эмч ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг шуурхай зохион байгуулах талаар үүрэг даалгавар өгч үр дүнг тооцож ажилласан байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн ор бүхий эмнэлгүүдэд үнэлгээ хийхэд нийт 72 эмнэлгээс бага эрсдэлтэй 20 /32 хувь/, дунд эрсдэлтэй 44 /54 хувь/, их эрсдэлтэй 8 /14 хувь/ байна.
Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилт 68,3 хувьтай байна.
Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн бүтэц, үйл ажиллагаанд тохирсон стандарт байхгүй байна. Тус эмнэлгүүдийг аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарттай дүйцүүлж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна.
Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох Улсын болон Нийслэлийн комиссууд нь эрүүл мэндийн байгууллагууд олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээн дэх үндсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавиагүй, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлж байгаа Монмэс, Номуун эмнэлгүүдийн үйл ажиллагааг үнэлж дүгнээгүй байна.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн ортой эмнэлгүүд нь эмнэлгийн орны тоог нэмэх сонирхол их байдаг хирнээ төрийн ачааллаас төдийлөн хуваалцдаггүй, иргэдэд эрүүл мэндийн зөв дадал тогтоох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй, хөнгөн өвчтөнүүдийг авч эмчилдэг, эрүүл ахуй, халдвар хамгаалал, эмийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг орон тоогоор ажиллуулдаггүй зэргээс эдгээр Эрүүл мэндийн багц хуулийн хэрэгжилт хангалтгүй, үйл ажиллагаандаа оношлогоо, эмчилгээний стандарт, технологи, аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөөгүй, эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн шаардлагыг хангахгүй байна.
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулагуудын нэгдсэн холбооноос гишүүн эмнэлгүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа хангалтгүй үзүүлж байна.
С.Амар
Эх сурвалж: “Монцамэ”
URL: