Б.Намбар гуайн гэрийг хамгаалалтын албаныхан хамгаалдаг
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын аав Б.Намбар гуай хүүгийн буяныг харин ч нэг эдэлж явна. Б.Намбар гуай өнгөрсөн хугацаанд нэлээд хөрөнгө хураажээ. 1933 онд Архангай аймгийн Чулуут суманд төрсөн энэ буурайн эзэмшилд гурван өрөө байр, “Оргил” хотхонд хаус цаашлаад “Оргил” рашаан сувиллын газар гээд чамгүй хөрөнгө бий. Н.Энхбаярын мэдлийн нэг ч хөрөнгийг оролцуулахгүйгээр шүү.
Хотын төв дэх гэр нь 40 мянгатад байдаг юм билээ. Улсын их дэлгүүрийн зүүн талд байрлах хуучны энэ байранд Б.Намбар гуайнх олон жил амьдарч байгаа аж.
“Намбарын байр” нэртэй 13 дугаар байранд экс Ерөнхийлөгч өсч өндийсөн гэж байрныхан нь хуучилдаг.
Эднийх 13 дугаар байранд, гурван өрөө байртай.
Ерөнхийлөгч байсан хүний аавынх гэсэндээ ч тэр үү орц нь хоёр давхар цоожтой.
Харин Б.Намбар гуайн гэрийн хаалга бусад бүргэд хаалгыг бодвол яг л сейф шиг, “Бамбай” хамгаалалтын албаар хамгаалуулдаг.
Харин эдний “Оргил” хотхон дахь хаус нэлээд нууцлаг байдаг бололтой. 1957 оноос эхлэн рашаан судлалын салбарт 51 жил тасралтгүй зүтгэсэн Б.Намбар гуай “Оргил” рашаан сувиллыг эзэмшдэг гэлцдэг. Учир нь тэрбээр 1974 оноос хойш энэ сувилалтай ажил амьдралаа холбож явна. “Оргил” рашаан сувиллын ерөнхий эмчээр 10 гаруй жил ажилласан Б.Намбар гуай 1992-1996 онд ЭМЯ-ны Рашаан судлалын төвийн захирал, 1996 оноос Рашаан судлалын үндэсний төвийн зөвлөхөөр ажилласан. Одоо “Монголын рашаан сувилал” нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байна.
Насаараа энэ байгууллагад ажилласан түүнд хүү нь Ерөнхийлөгч болсныхоо дараа “Оргил” рашаан сувиллыг авч өгсөн байх гэдэг.
Ямартай ч насаараа төрийн байгууллагад ажилласан Б.Намбар гуай өдгөө томоохон бизнесмэнүүдийн хэмжээнд хөрөнгөжжээ. Ugluunii sonin
URL: