Байнгын хорооны хуралд Р.Раш, Д.Очирбат нар согтуу орж ирэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хурал­даа­наар СЕХ-ныхон сонгуулийн автомат­жуулсан системийг танилцуулсан. Сонгуулийн хуульд зааснаар бүрэн автоматжуулсан санал тоолох машиныг сонгуульд ашиглахаар тусгасан ч СЕХ гэрийн сканер авчирсан явдал нь гишүүдийг талцуулан маргалдуулахад хүргэсэн.

УИХ-ын гишүүн З.Энхболд “Санал хураалтыг автоматаар явуулах цогц машин авах мөнгө төсөвлөж өгөөд байхад гэрийн сканнер аваад ирсэн байна. БНСУ-ын энэ компани бол сонгуулийн ажиллагаанд нэг метр дөхөх эрхгүй компани. Будлиантай сонгууль явуулж долдугаар сарын 1-нийг давтах нь гэсэн хардлага байна. Эсвэл эд нар авлига авсан. СЕХ-ны ажилчидыг бүгдийг нь АТГ-т шалгуулна” гэдгээ мэдэгдсэн.
Байнгын хорооноос сонгууль болох хүртэл хугацаа байгаа тул өөр хувилбар оруулж ирэхийг даалгасан юм. Гишүүдийн удтал маргалдаж, үг сөрөх болсон шалтгааны нэг нь нэр бүхий гишүүд хуралдаанд халамцуухан орж ирсэнтэй холбоотой байлаа. УИХ-ын гишүүн Д.Очирбат, Ч.Сайханбилэг гишүүнтэй үг зөрөлдөснийхөө хариуд “Тань шиг 50 грамм татчихаад энд орж ирээгүй шүү. Дуугүй бай” гэдэг үгээр амаан таглуулсан. Харин УИХ-ын гишүүн Раш гишүүдийн ид маргалдаж байх үед “Та нарын юу яриад байгааг би ерөөсөө ойлгохгүй байна” гэж хэлсэн нь гишүүдийн инээдийг барав. Тэрээр нэлээн халамцуухан байгаа нь ажиглагдсан. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн нүүр улаа бутарч харагдав. МАН-ын эрхмүүд өчигдөр өдөр өрөөндөө зуу татацгаасаныг ойрын эх сурвалж мэдээлэв.

Т.АМУР


URL:

Сэтгэгдэл бичих