Канадын “Winswei” компани дархан цаазат газар дээр монголчуудыг хэрэлдүүлж байна
Баялгийн хараал, эдийн засгийн алуурчид, Голланд өвчин гээд манайд урьд өмнө сонсогдож байгаагүй шинэ “нэр томъёо” хэвлэлийнхнийг ёстой цас шиг дарж байна. Сүүлдээ хэн, аль байгууллага эдгээр аймшгийн нэрээр нэрлэгдэх нь үл ойлгогдох болов. Гэхдээ бас нарийн ухаад байвал нэг муу төсөөлөгдөж эхэлж буй аж. Ялангуяа Оюу толгойн гэрээ, ийм том малгай дор мөн ч их луйвар болоод өнгөрч байгааг зарим нь бүр сайн мэддэг бололтой. Канадын иргэн Фрийдланд нь эдийн засгийн алуурчны жагсаалтанд зүй ёсоор оржээ. Манайхан ярьдаг даа, дээр үед өнөөх Дамбийжаа гэгч нь хоёр тэмээ хөтөлж, хөл нүцгэн шахуу таваргасаар Монголд орж ирсэн гэж. Яг үүнтэй адилаар Фрийдланд анх 1993 оноос эхлэн манайхыг судалсаар Америк, Бирм, Ирак зэрэгт газрын тос, зэс, алт, төмрийн ордын төлөө тэндэхийн ард түмнийг бужигнуулж хаяад, хоосон ганзагатай амьтан Могнголын хил давсан гэдэг. Тэгвэл тэр одоо хөлжиж чаджээ.
Оюу толгойн ордын хувьцаагаар НьюЙорк, Лондонгийн биржээс сая сая доллар хамж авч байна. Сүүлийн үеийн бүрэн бус мэдээгээр тэр Рио Тинтотой нийлээд найман тэрбум гаруй доллартай болсон гэнэ. Ирэх жилээс юмуу, дараагийнх нь жилээс мань эр Оюу толгойн зэс, алтыг Хятад руу гаргаж эхэлнэ. Ингэхдээ юуны түрүүнд алтаа хамж авах болов уу. Тэр болтол Фрийдлан ойр хавийн нүүрсийг Хятадын төрийн өмчит компаниудтай хоршин урагш зөөх тооцоотой юм байна.
“Рио Тинто” мөн Хятадын компаниудад хувьцаагаа зарж, нүүрсний тээвэрт ханцуй шамлан ороод байгаа. Нийт дүнгээс нь харахад Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ нь сүүлийн хоёрхон жилд 139-169 хувь өсчээ. Шивээхүрэнгийн боомтоор Өвөрмонголын Цэхэ хотхон руу 225,5 сая долларын өртөг бүхий 5,02 сая тонн нүүрс яваад өгчээ. Мөн Гашуунсухайт-Ганц модны боомтоор 4,3 сая тонн нүүрс гарсан байна. Үүнийг манай дарга нар экспортын маш том амжилт хэмээн сайрхаж байгаа. Уг нь энэ бол дэндүү гунигтай мэдээ юм л даа. Нүүрсийг маань хятадууд “Айвенхоу майнз”, “Рио тинто” зэрэгтэй хамжин тонныг нь дөнгөж 70 доллараар хил давуулж байна.
Хятадууд манай дарга нарын өнөөх гадаад зөвлөхүүдтэйгээ нийлээд ашигт малтмалын хуулиа өөрчлөн найруулах гээд хөглөж байсан 2006 оны дундуур Линхэ-Цэхэгийн төмөр замыг тавьж эхэлсэн байлаа. Ингээд Хятад “ах” нар маань Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарыг Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурсны дараахан Монголоос анхны бүрэлдэхүүнээ хүлээн авчээ. Тэрхүү төмөр зам нь Хятадын нутгаар дорно зүг тийш 768 км үргэлжлэх болж байна. Хятадууд энэхүү төсөлдөө нийт 4,27 тэрбум юань зарцуулсан байх юм. Мундаг байгаа биз. Өмнөд хөршийнхөн Монголоос нүүрснийхээ хэрэгцээний 6 хүрэхгүй хувийг л ийнхүү авдаг болсон ч гэсэн маш шаргуу ажиллажээ. Гэтэл манай аваргууд Оюу толгойгоо Канад луйварчдад тавиад туучихсан. Дээр нь бас болоогүй ээ, Таван толгойн үлгэр ярьсаар, төмөр зам, бусад үйлдвэрүүдээ хэний, ямар хөрөнгөөр, яаж хийхээ мэдэхгүй дэмий л хэрэлдэж сууна.
Айвенхоу, Рио хоёр нь хятадуудтай тийнхүү нүүрсний бизнесийг өргөжүүлэхдээ манай хил дээр тусгай зориулалтын туузан дамжуулагч төхөөрөмж хүртэл тавихаар болжээ. Энэ тухай манай сонин урьд нь мэдээлснийг уншигчид санаж байгаа байх. Туузан дамжуулагчийнх нь талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын тогтоолын төсөл санаачлан өнгөрсөн хавраас хойш хөөцөлдөж байгаа. Үнэндээ энэ нь Үндэсний аюулгүй байдалд ноцтой үр дагаврыг авчирч мэдэх зүйл юм. Хилийнхээ торгон шугам дээр нүүрс тамжуулах төхөөрөмж тавьчихаад зөөж байдаг улс орон хаана ч байхгүй.
Гэвч “Айвенхоу майнз”-ын охин компани болох Winswei нь Шивээ хүрэнгийн боомт дээр тэрхүү байгууламжийг нууцаар байгуулж байгаа. Үүндээ “Сан транс Монгол” компанийг гүйцэтгэгчээр ажиллуулдаг. “Сан транс Монгол”-ын эзэмшдэг гэх газар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Говийн бага дархан цаазат бүсэд хамаардаг. Үүнийхээ төлөө “Сан транс Монгол” нь “Анд элит” гэдэг компанитай бүтэн жил гаруй шүүхдэв. Дархан цаазат газарт өөрийн эзэмшлийг тогтоогоод байсан “Анд элит” нь “Сан транс”-д уг газраасаа анх өгч будлиан хутгасан хэрэг л дээ.
Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Winsway компани 2008 оноос эхлэн Ганц модны боомт руу нүүрс дамжуулан тээвэрлэх битүү хоолойн систем барьж байгуулах төсөл хэрэгжүүлэх гэж “Анд элит” компанитай хамтран зүтгээгүй бол ийм маргаан үүсэхгүй байсан юм. “Анд Элит” ХХК-ийн ерөнхий захирал Н.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, “…Байгаль орчин, аялап жуулчлалын сайдын тушаал нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байх тул “Сан Транс Монгол” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэсэн шийдвэр нь илт хууль бус” гэжээ. Мөн тэрээр “Манай компаниас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж гаргасан газар ашиглах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгасан шийдвэр гаргаж өгөхийг хүсье…” гэх мэтээр шүүхэд хандсан байв. Дархан цаазат газар дээр очоод харийнхны саваагүй үйлийг хэрэгжүүлэхийн төлөө тэр ийнхүү данхайж өгч байгаа юм.
Нөгөө талаас нь мөн ялгаагүй Дархан цаазат газрыг Winsway компанид хорлонтойгоор давхар ашиглуулах гэсэн “Сан транс Монгол” бас өргөдлөө бариад захиргааны хэргийн шүүх рүү гүйснийг яана. Анхан шатны шүүх нь хил дээр туузан дамжуулагч зоочихоод Хятад руу нүүрс гаргах гэж байгаа Winsway-д үйлчилж, тэдний ажлыг хийж буй хоёр компанийн “Сан транс Монгол”-ынх нь талд шийдвэрээ гаргачихдаг аж. Үүнээс болоод “Анд Элит” компани давж заалдаад явна. Хөгийн юм гэж үүнийг л хэлэх байх. Энэ компаниудын аль аль нь Дархан цаазат газар дээр тийнхүү маргалдаж байгаа хэрэг шүү дээ. Маргаан үргэлжилсээр.
Ц.Нямдорж сайд ч бас Winsway-д ашигтайгаар УИХ-ын тогтоол гаргаж, боомтын дэг журмыг өөрчлөх гэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2010 оны тушаалаар “Сан Транс Монгол” ХХК-д газар ашиглах эрх олгосон нь анхнаасаа хууль бус байв. Ингэж Дархан цаазат газарт газар олгохдоо “Анд Элит” компанитай бас давхардуулаад олгочихсон байжээ. Гэхдээ тус компани нь Ханбогд дахь Дархан цаазат газрын хамгаалалтын албанаас зөвшөөрөлгүйгээр их хэмжээний газар ашиглаж байв. Сайд Л.Гансүх энэ бүхнийг мэдэж л байсан юм билээ. Харамсалтай нь мэдсэн хэрнээ Winsway-гийн хамаг ажлыг амжуулж буй энэ хоёр компанийг хэрэлдүүлээд байдаг нь сонин. Хэрэлдүүлэхдээ бүр очиж, очиж дархан цаазат газар дээрээ шүү.
Б.ОТГОНБАЯР
URL: