Гишүүдийг “шоконд” оруулсан сонгуулийн машин

УИХ-ын сонгуулийн хууль батлагдаад удаагүй байна. Гурван жил зургаан сар Монголын ард түмнийг хүлээлт дунд хүлж чадсан тус хууль батлагдсан нь бараг баяр дээр “баяр” нэмчихэв. Гэтэл дахин маргаан дэгдээж төрийн ордныг донсолгосон асуудал үүслээ.

Өчигдөр ээлжит бусаар хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороон дээр УИХ-ын сонгуульд ашиглах автомат машиныг СЕХ танилцуулсан. Танилцуулгаас өмнө үнэн төрхөөр нь харсан гишүүд “шоконд” оров.

Гишүүд машины хажуугаар “Санал хураах машин нь хаана байна” хэмээн эрж хайлаа. Харин нөгөө машин нь дэргэд нь байсан хэрэг. “Гишүүн ээ энэ байна” хэмээн сэтгүүлчдийг хэлэхэд нүд нь орой дээрээ гарч “Энэ чинь скайнер юм биш үү” гэж мэл гайхлаа. Ийм дүр зураг байнгын хорооны хуралдаан эхлэхээс өмнө болсон. Хуралдаан эхэлж СЕХ-ны дарга Н.Лувсанжав санал хураах машиныг танилцуулсан нь гишүүдийн дургүйцлийг хүргэж, уур бухимдлаа зэрэг, зэрэг илэрхийлэхэд хүргэсэн юм.

Автомат машинаар сонгууль явахаар болчихоод байхад өнөөх итгэл хүлээлгэж байсан машин нь ердөө нууцаар хураасан саналыг санал хураалтын дараа хайрцагнаас нь гаргаж аваад принтер шиг уншиж, саналыг тооцоолно гэж байгаа юм. Хамгийн гол нь гишүүд саналыг нууцаар хурааж, нууцаар тооцоолдог машин байх юм хэмээн санасан нь талаар болсон хэрэг. Энэ байдал СЕХ-ыг огцруулахад ч хүргэж болзошгүй байна.

СЕХ-ны дарга Н.Лувсанжавын хэлж буйгаар уг машиныг Солонгосоос авчирсан гэх. Америкийн машиныг авах гэсэн боловч өртөг өндрийн дээр түрээс маягаар авахаар байсан ажээ. Мөн манай хуулийг үл тоосон учраас гэрээгээ цуцалсан. Энэ технологийг Солонгосын том банкууд хэрэглэдэг. Бусад улс оронд сонгуульд хэрэглэж байгаагүй гэсэн тайлбарыг өгч байв. Ингээд гишүүдийн маргаан эцэстээ хүрч нэг нэгдээ хатуу үг чулуудсан.

УИХ-ын гишүүн Д.Энхбат “Би юу хэлэхээ мэдэхгүй байна. Сонгууль авдаг машин бол систем. Өөрийн шаардлагатай байдаг. Хүн цаасанд гар хүрэхгүй байхаар нууцлалтай байдаг. Би энэ скайнерыг хараад үнэмшээгүй. Дугуй, мотор өгчихөөд машин гэж хэлээд байна. СЕХ-ны нөхдөд хэлье. Энэ чинь сонгуулийн машин биш байна шүү дээ. Зүгээр л бичгийг хувилаад хадгалдаг л машин байна. Сонгууль гэдэг бол бичиг хувилах ажил биш. Сонгуулийн машинд гурван шаардлага тавьдаг. Олон улсын стандарт, үнэмлэхтэй байх ёстой. Программ хангамж нь нээлттэй байх ёстой. Бусад улс орнуудад хэрэглэгдсэн байх ёстой” гэв.

СЕХ-ны дарга Н.Лувсанжав “Энэ сонгуулийн хуульд санал хураах машинд шууд хуудсыг хийнэ гэсэн заалт байхгүй. Арванхоёрдугаар сарын 1-ний ажлын хэсэгт болон 11-ний Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр ажлын хэсгийн оруулсан саналын томъёололоор батлагдсан” гэлээ.

Гишүүд энэ байдлаар долдугаар сарын 1-ны үйл явдал давтагдахгүй гэсэн баталгаа байхгүй байгааг хэлсэн. Ийнхүү сонгуулиа автомат машинаар явуулна гэсэн нь хэрүүлийн алим болж хувирлаа. Зарим гишүүд маргалдаж байснаас сонгуулиа шударга явуулахын тулд дахин судалж, стандартад нийцсэн машиныг оруулж ирэх хэрэгтэй. Энэ асуудал бол СЕХ-ны асуудал гэж үзсэн. Харин үүнд Э.Бат-Үүл гишүүн дургүйцлээ илэрхийлсэн. Тэрбээр “Хэрэв үүнээс болж долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдаж, ард түмэн хохирвол яах юм. Тэр үед хэн хариуцлага хүлээх вэ. Ийм байж таарахгүй” гэв.

Үүнээс харахад гишүүдийн уур хилэн зүгээр ч нэг СЕХ-г тойроод өнгөрөхгүй байх гэсэн хандлагыг төрүүлж байна. Гишүүдийн хувьд найдвартай, сонгуулийг маргаангүй явуулах нь л чухал. Хаана үйлдвэрлэсэн байх нь хамаагүй хэмээн үзэж байгаа.

Энэ үеэр З.Энхболд гишүүн “Сонгуулийн машин аваад ир гэж байхад ердийн скайнер аваад ирсэн байна. Үүнийг заавал хэрэглэх гээд байгаа нь авлига авсан гэсэн үг” гэлээ. Тэрбээр СЕХ-ны ажлын хэсгийнхэнд хариуцлага тооцох ёстой. АТГ-т шалгуулна гэдгээ ч хэлсэн. Ийнхүү цаг хугацааг тулгаж ийм машиныг ашиглана гэж оруулж ирсэн нь үүний цаана үнэхээр ашиг сонирхол байна уу гэж гишүүдийг бодоход хүргэв.

Ц.Жаргал
Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих