Галсангийн Болормаа: Харь газрын хүн
Зуны дунд сарын говь нозоором халуун, овол товол зэрэглээнд богтлогдож, голио элсэн дээгүүр гүйснээ цүдгэр гэдсээ түмбэлзүүлэн, улаан хэнхэлдэгээр савир салхи горилох мэт дээш сэгдийсэн ч нэмрийг эс олов бололтой загийн үндэс рүү жирвэлзэн хүрч шургачилахаас өөр гойд юмгүй мэт цэлийн цэнхэртэнэ. Хэдэн мөчир тачир сэгдийсэн загийн төгөл нь холын бараатай шаргалтах элсэн манхны дунд нүцгэн тэмээ унасан, гайгүй их ачаа хөсөгтэй бололтой нэгэн хүн тэмээний аясаар их л тайвнаар бурантаг залан явна.
Зуны сарын тэнгэрт бөртийх ч үүлгүй, үе үе халуун салхины урсгал нилдээн ирж амьсгал давхцуулахад үүл горилох мэт тэнгэр өөд тэсгэл алдран харах энэ хүн далбагар эрээн малгай , богино өмд цамц өмсөж, нүүрэндээ томдсон хар шил зүүсний дээр гэзэг үсээ арагш боожээ. Хоёр бөх нь унасан, тэвээрэг авч амжаагүй цэлдэн хөх тэмээний нуруун дээр тогтвор муутайхан суусан нь газрын хэвгийд улаан нүүрээр газар хатган уначихаж мэдэхийг бодож ихэд болгоомжилсон шинжтэй ч амандаа дуу аялах нь юунд ч яараагүй, басхүү ханал жаргалын оронд яваа мэт. Тиймээ захгүй цэлийн цэнхэртэх их говийн дунд тэр гурав дахь өдрөө ингэж яваа юм.
Нөгөөх хүн элсэн дов өнгөрч явснаа тэмээний бурантгийг их л огцом татаж, тэмээ ч ярдаглав бололтой гам гум дуугаран зогсоход “олбог суудлаас” үсрэн буув. Тэгснээ зогсоогоор тэгнээнд байгаа цүнхнээс зургийн аппарат гарган авснаа тэмээгээ орхин хэвлээр явагч, хорхой шавьжны зураг авч заримдаа газарт гулдран хэвтэж, босон харайж их л удлаа. Тэр залуу үе үе “awesome” хэмээн хэлэх нь гайхалтай гэж зүрх сэтгэлд нь баяр бялхаж байгаа бололтой. Харин унаж явсан тэмээнээс нэлээд алсарсныг хараад өөртөө үг хэлэв бололтой толгой сэгсрэн эргэж алхав. Гутлынх нь улнаас нэвт төөнөх халуунд шантарч буй бололтой цэнхэр нүдээ эргэлдүүлэн, уруулаа шилэмдэнэ. Эзгүй говийнилч наранд улайдсан тойрмын дунд ганц зэгзгэр хүн явах нь зэрэглээнд алсарсан тэмээтэй эн зэрэгцэм харагдана.
Нөгөөх эр явсаар тэмээнийхээ дэргэд ирэв. Газраас цүнхээ уудлан газрын зураг гаргаж харчихаад тэмээгээ унаж урагш газар дөхөх гэсэн бололтой хэвтүүлэхийг завдав. Тэмээ хэвтсэнгүй. Бурантагнаас нь хүчтэй угзран дугтартал тэмээ суларчээ. Гарт бариатай бурантгийг хараад гайхширч гараараа тэмээний хүзүүгээр тэврээд автал тэмээ ёндгор толгойгоо өргөн цахдаж зугтлаа. Хүн элсэн тойрмын дунд тэмээнд зүүгдэн, түүртэн явав. Удсангүй ачаатай тэмээ цааш явж, нөгөөх эр хоцорлоо. Учиргүй харааж, мөрөндөө өлгөсөн аппаратыг газарт тавиад тэмээний араас харайв. Нэлээд явсны хойно сая тэмээг гүйцэж хоргоож тойрсоор хамар дээр нь дарж байж бурантагаар толгойг нь баглан хүллээ… Тэгээд тэмээг хэвтүүлж эс дөнгөөд газраас үсрэн хондлойд нь наалдан мацаж нуруунд нь гарахын даваан дээр тэмээ тийчлэн туйлж нэг цүнхтэй юм газарт тасран ойчиход дахиад нэг цүнх, дахиад л нэг ачаа…ачааны нэг нь хөл доогуур нь орсноос тэмээ дахин урт хөлөө тийрэн цовхчиход нөгөөх эр газардав. “Түй” хэмээн харааж, ам хамартаа орсон элсийг нулиман сууна… Элчилгүй их наран ээсээр л байлаа. Хаашаа л харна ачаа…ачаа…Нөгөөх эр уруу дорой царайлан малгайгаар нүүрийг таглан, чанх дээш харан хэвтсэнээ огло харайн босож тэмээгээ сая нэг оосорлон, тасарсан үүргэвч цүнхээ нэг нэгээр нь авчирч тэмээний нүд рүү гөлөн гөлөн харан, болгоомжтой нь аргагүй ачиж байлаа. Тэгээд явганаар тэмээгээ хөтлөн гэлдрэв. Байн байн тэмээний бүлтгэр нүд рүү нь харан “илчилгүй их говьд зугатаад гүйцэгдээгүй бол яах байсан билээ” гэх шиг гөлөлзөнө.
Энэ эр тэмээнийхээ занг олох гэж будилж явсаар бүрэг тараг болж байхад говийн гол устай баян бүрдийн зах руу орж ирэв. Ачаагаа буулгахад хэдэн хоног өл хоолгүй явсан тэмээ шууд л бударгана багалуур руу гүрдэлзэн, том амаараа бутлаг ургамлыг ховх ховх татан авч зажилахад сайхь эр инээвхийлэн харж зогссоноо майхнаа босгохоор цүнх саваа уудлав. Нутгаас авч гарсан нандин юм болгон нь бяцарч хэмхэрсэн байсанд ихэд харамссан ч маргааш өглөө ч гэсэн тэр тэмээний нуруунд гарахгүй дээ гэх шиг нөжирсөн шуугаа үзэн ярвайж байлаа.
Говийн наран дэргэд нь мэт мандсан бас л нэгэн өглөөтэй золгосон нөгөөх эр ачаагаа ачиж байтал нэгэн морьтой хүн ирэв. Эзгүй говьд олон хоног хүний бараа хараагүй болоод ч тэр үү өмнөөс нь дөхөж “сайн байна уу, та” гэж хазгай муруй хэлэхэд “жуулчин” байна гэж гадарласан малчин эр “сайн, сайн байна уу, сайн явж байна уу?” гэж хэлээд мориноос бууж дөхөн ирснээ:
-За, хаанаас хаа хүрч явна вэ? гэвэл нөгөөх эр толгой сэгсрэв. Энэ тэмээг унаж яваа юм уу? гэвэл нүдээ эргэлдүүлэн “тэмээ” гэж тод хэллээ. Тэгснээ нэг юм эрэх мэт болсноо цүнхнээс дэвтэр гаргаж малчинд өгөв. Дэвтэрт Монгол хүний бичиг үсэг дурайж байв.
…“ Монгол ах дүү нар минь сайн байна уу? Намайг Батдорж гэдэг . Энэ миний Америк найз. Нэр нь ….. Монгол сайхан орныг минь үзэж, олон мянган километр газрыг туулах гэж яваа юм. Бид их сайн найзууд… Та нар туслаарай…” гэсэн хуудас дэлгэгдлээ. Гэтэл түүний доор үргэлжлүүлэн бас нэг хүн бичжээ,
…Би энэ хүнтэй Улаанбаатарт онгоцоор хамт ирсэн юм. Унадаг дугуйгаар Монголыг тойрох аялалд яваа гэнэ… Баруун аймаг хүртэл яваад Ховд аймгаас онгоцоор буцах юм байна. Их сайн хүн шүү… Зориг… гэсэн байжээ. Гэтэл эв дүй муутай гарын хэвтэй хүн үргэлжлүүлэн бичсэн нь Баянхонгор аймгийн нэгэн малчин гэнэ.
… “Энэ харь газрын хүн юм байна. Дугуй нь цааш явахад бэрхшээлтэй байсанд би нэгэн бууран тайлаг өглөө. Уг нь номхон юм. Эзгүй газраар явна л гээд байна. Хэрхэхийг мэдэхгүй. Бууран тайлаг гэж хэлсэн чинь ямар юм гээд ойлгодоггүй. Бөөсөгтэй тайлаг гэж заасан чинь тэр үгийг маш сайн тогтоож авсан… гэж бичсэн байв.
Говийн малчин түүнийг өрөвдөж, өл алдаж , гэдэс авсан тэмээг хараад харамсав бололтой. Жуулчинг гэртээ урьж дайлж, ус түлшинд унадаг илжигээ авна уу гэсэнд “гайхалтай” гээд туйлын их баярлажээ. Говийн айлын хүмүүст өөрт учирсан зовлонгоо ярьж хөгжилтэй сууна. “Бөөсөгтэй тайлаг”хэлэхдээ аймшигтай гээд шогшроод байх юм. “Ингэсэн” гэж тийрүүлсэн бололтой нөжирсөн хөлөө үзүүлж, цаасан дээр бөөрөнхий хар цэг тавьж ачаа… ачаа … ачаа… гээд тарж ойчсон бүхий л зүйлийг ярьж гэнэ. Монгол хэлийг бас ч чамгүй сурсан нэгэн байлаа. Ингээд говийн малчинтай дурсгалын зураг авахуулаад цааш явав.
Тайлгаа илжгээр сольсон нөгөөх эр зам зуурт тааралдсан айлд бууж “Монгол ах дүү нар сайн” гэж хуруу гозойлгон ярьж, хоноглож явсаар их холыг туулжээ. Ингэж явахдаа нэгэн оюутан залуутай ихэд дотно танилцахдаа “…Цэцгээ ус аваад явж байхад нь тааралдаж, илжгэндээ усыг ачиж гэрт хүргэж өгсөн, харин надад утсаа өгөөгүй…” гэж гэнэн цайлганаар ярихдаа шоглолтой инээмсэглэж байлаа.
Харин Ховдоос буцахын цагт илжгээ дугуйгаар сольсон Америк эрУлаанбаатар луу нисэхдээ зургийн цоморлогоо дэлгэн сонирхуулахад хангайд явахдаа маш холоос дэргэд нь байсан мэтээр татсан уулын сор болсон саарал чонын зургийг гайхалтай урнаар авсан байжээ. Мөн“аль нутгийн, хаана амьдардаг нь мэдэгдэмгүй Цэцгээд энэ зургийг өгөөрэй” гэж аминчлан нэгэн зураг өгсөн юм. Тэгээд “Миний гэрлэх нас болоогүй. Би дахиад Монголд ирнэ” гэж тэр хэлэв.
URL: