ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БУЮУ ХҮЙТНИЙ МЕНЕЖМЕНТ

Winter tour 1

Онгон байгаль, нүүдэлчин монгол, дээлтэй монгол гэдэг сэдвээр аялал жуулчлалын ашиг орлого хэмжигдэхээсээ нэгэнт өнгөрчээ. Дэлхийн улс орнууд өдөр бүр шинэ зүйлс сэдэж, өөр хоорондоо хүчтэй өрсөлдөж, аялал жуулчлалын орлого нь 3-4% буурахад л үймэлдэн сандралдаж байхад Монголын аялал жуулчлалын өсөлт бууралт хэрхэн хэмжигдэж байгааг нарийвчлан судалж буй салбарын судалгааны байгууллага гэж алга. Зөвхөн хил гаалиар гарсан гадаад хүнийг тоолоод “гадаадын жуулчин” гэдэг тоог гаргаж байгаа юм.

 

 

 

 

Улаанбаатараас ч хүйтэн хэрнээ 10 сая жуулчин авч чадаад байгаа Харбин хот, Сибирийн өвлийн аялал жуулчлал нь цас мөсөн хотхон, өвлийн усанд шумбалтын тэмцээн, олон улсын тэшүүрийн тэмцээн, уулын цана гэх мэт хөтөлбөр, Өмнөд Солонгос мөсөн хананы олон улсын тэмцээн,  Япон улс өвлийн халуун рашаан хөтөлбөрөөрөө алдартай болцгоочихлоо.  Хойд Солонгост Мэйсикронж гэх Монголын Скай ресортоос хэд дахин том цанын бааз бүхий хотхоныг байгуулж Хятад ба Европын улс орнууд руу аялал жуулчлалын бодлогоо чиглүүлж байна. Исланд, Норвеги улсад хойд туйлын туяа харах, мөсөн дээгүүр аялах, халим ажиглах, цаа буга унах, нохойн чарганы аялалд ирнэ. Норвегийн өвлийн аяллын гол орлого нь “мөсөн зочид буудал” бөгөөд зул сарын өмнө шинээр барьж цас мөс хайлах хүртэл зочдыг авдаг. Канад улсын Winterlude наадам 20 орчим өдөр үргэлжилдэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс мөсөн барималчид цугладаг. Берлин хот нь зул сарын шоппинг аяллын орлогоор дэлхийд тэргүүлдэг.  Рэйн (Rhine) мөрний дагуух хотууд цувран тэмдэглэдэг Fasching хэмээх өвлийн багт наадамд дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид цуглаж хөл хөдөлгөөнд умбадаг.

 

Тэгвэл, Монголын хувьд …. ?  Хүйтний улиралд 80 мянга орчим жуулчин ирдэг гэсэн мэдээтэй байдаг ч өвөл болдог 3 эвентэд ердөө 40-60 гадаад жуулчин харагддаг. Өнөөг хүртэл аргацааж ирсэн Хөвсгөлийн “Мөсний баяр”, Өмнөговийн “Тэмээний баяр”,  Чингисийн хүрээний “Бүргэдийн баяр” нь 10 гаруй жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж дотооддоо одоо л танигдаж байна. Харин дэлхийд таниулахын тулд илүү төлөвлөгөөтэй менежмент шаардлагатай.

 

 

 

 

 

Харин жил бүр 10-р сард Баян-Өлгийд болдог “Бүргэдийн баяр” улсаас ямар ч санхүүгийн дэмжлэг байхгүй хэрнээ зөвхөн энэ жил гэхэд 1000 гаруй гадаадын жуулчинг татаж, орон нутгийн нислэгийн тасалбар олдохгүйгээр барахгүй 1.4 сая төгрөгт хүрсэн нь ямар ирээдүйтэй эвент болохыг илэрхийлж байна. Хамгийн түрүүнд шийдэх асуудал нь өндөр зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазуудыг яаралтай барьж байгуулах хэрэгцээ Баян-Өлгий аймагт байна.  Гэвч бидэнд өрсөлдөгч бий. Монголчуудын санаачилсан “Бүргэдийн баяр”-ыг Казакстан улс хуулбарлан авч төр засгаас нь дэмжээд олон мянган жуулчдыг өөрсдийн нутаг руугаа татаж байгааг тоохгүй өнгөрөөж болохгүй.

 

Монголд өвлийн аялал жуулчлал хөгжих боломж бий юу? Урин дулаан цаг нь аялал жуулчлалын хамгийн таатай үе байдаг хэдий ч сая жуулчин хүлээн авах зорилгоо биелүүлэхийн тулд “жуулчны улирал”-ыг уртасгах бодлого зайлшгүй шаардлагатай. Өвлийн хүйтэн цагийг есөн хоногоор есөн үед хувааж тухай бүрийн онцлогоор ярьдаг  заншил Монголоос өөр оронд байхгүй. Өвөл болдоггүй, цас мөс үздэггүй орнуудаас жуулчин ирүүлэх  “хүйтний менежмент”-ийг хэрэгжүүлэхэд сэдэв дутахааргүй өргөн.

 

 

Монгол улс хоёр бөхтэй тэмээгээр дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн тэмээний 90% нь ганц бөхтэй учраас сурталчилгааны давуу тал манайд бий. Тэмээгээр аялахад хамгийн сайхан цаг үе бол 9,10,11 дүгээр сарууд юм. Машин тэрэг үүсэхээс өмнө 2000 жилийн түүхтэй Торгоны зам, 300 гаруй жилийн түүхтэй Цайны замд тэмээн жингээр бараа товар зөөвөрлөдөг байсан. Торгоны зам, Цайны замын түүхүүдийг хоёр бөхт тэмээтэй холбож аялал жуулчлалын менежмент хийх нь ашигтай.

 

 

 

 

 

Аялал жуулчлалын маркетинг сурталчилгааны өнгө төрхийн 90% нь урин дулаан зун цагийг илэрхийлж байдаг нь “Монголд зөвхөн зун л аялдаг юм байна” гэх ойлголтыг шууд төрүүлдэг. Сурталчилгааны 50% хүртэл орон зайг өвлийн өнгөөр сольж, хүйтний улиралд хийх боломжтой аяллын маршрутыг олон сонголтоор төлөвлөх хэрэгтэй.

 

 

 

 

 

Хүйтний улиралд нисэх онгоц, галт тэрэгний тасалбар, зочид буудал, тусгай үзвэрийн үнийг 30% хүртэл хөнгөлөх систем рүү шилжүүлэх, аялал жуулчлалын бүс бүрд өвөл зунгүй ажиллах жуулчны баазыг сонгон шалгаруулж бүх татвараас нь чөлөөлөх боломжтой.

 

 

 

 

 

Хүйтний улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд техник хэрэгслийн хангамж зайлшгүй шаардлагатай бөгөөд орчин үеийн технологийн шаардлага хангасан цана, тэшүүр, өвлийн дугуй, мотоцикл, чарга, цасны машин, цасны завь, хиймэл цасны төхөөрөмж, уулын аяллын хэрэгсэл, өвлийн аяллын хувцас хэрэглэлийн импортонд татварын хөнгөлөлт урамшууллын бодлого хэрэгжүүлж дэмжих хэрэгцээ бий.

 

 

 

 

 

Хүйтний менежментэд бас нэгэн боломжит сэдэв бол монголчуудын “Цагаан сар” юм. Хятадууд нүүдлийн соёл, цагаан сарын уламжлалт ёс заншлыг Өвөрмонголоор дамжуулан танилцуулж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, монгол ба хятад соёлыг нэгэн зэрэг сурталчлах бодлого хэрэгжүүлж байна. Нүүдлийн соёлын жинхэнэ голомт болсон Монголд тэдгээр жуулчдыг татаж ирүүлэх боломж бий.

 

Монголын бренд болсон ноолууран  бүтээгдэхүүнээрээ дэлхийн жуулчдын анхаарлыг татаж шоппинг аяллын орлогоор Азидаа тэргүүлэх боломж байна. Япон улс цагаан сарын долоо хоногоо “Хар 7 хоног” гэж нэрлэдэг бөгөөд Япон даяар бүх бараа 50%-иас доош үнийн хямдрал зарладаг тул Зүүн өмнөд Азийн шоппинг турын аялагчид тэр үеэр “хахдаг” гэж хэлж болно. Якут гэхэд жил бүрийн 9-р сард дэлхийн алмааз эрдэнийн чулууны наймаачдыг татаж чадаж байна. Үүнтэй адилхан Монгол улс жил бүрийн 12-р сард зочид буудал, ноолууран бүтээгдэхүүндээ маш сайн хямдрал зарлаж гадаадын худалдан авагчдыг татаж “Ноолуурын сар” болгон хэвшүүлж чадвал өвлийн аялал жуулчлалд томоохон түлхэц өгч чадна.

 

Монголд морин чарган дээр дах нөмөрч, дэгтий өмсөн, үнэгэн лоовууз толгой дээрээ тавьчихаад аялж яагаад болохгүй гэж. Хойд туйлд ойрхон бүсүүдэд 10-20 мянган ам доллар зарцуулан байж аялдаг жуулчдын 90%-ийг Хятад тэргүүлж, Япон удаалж, Америк гуравдугаарт ордог судалгаа байна. Дах, дэгтий, үслэг малгайнуудыг жуулчинд зориулан үйлдвэрлэж өвлийн эвентүүдийн хүрээнд “өвлийн монгол хувцасны шоу” зохион байгуулж болно.

 

 

 

 

 

“Улаанбаатарын өвлийн наадам” сүүлийн жилүүдэд улам чамбай болж байгааг ашиглан хугацааг нь уртасгаж, Норвеги, Канадын өвлийн наадмууд шиг өргөн болгож тэдний хөтөлбөрүүдээс хэрэгжүүлэх боломжтойг нь “авах” хэрэгтэй. Сэлбэ голын хөндийг тэр чигээр нь мөсөн гулгуурын талбай болгоод, Сүхбаатарын талбайд байгуулдаг мөсөн гулгуураа томруулж тогтмолжуулаад байх хэрэгтэй.

 

Гадныхан манай өвлийн аяллыг сонирхдоггүйдээ биш, Монгол улс мэдээллээ хүргэж чаддаггүйд хамаг учир байна. Хойд туйлаас 900 км зайтай Франц улс Иосифийн арлаа, АНУ Аляскийн хойгоо, Норвег улс Шпицбергээ “өвлийн аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна.  Эдгээр газруудад байдаг шиг цастай уул, цасан тал, мөсөн гол бүгд Монголд байна. Хятад, Японы хувьд хаяанд нь байгаа Монголыг алгасан тэр алс холын цас мөс рүү явж байгаа нь сонирхолдоо хөтлөгдсөн биш гэж үү.  ITB, WTM, JATA, Бээжин, Хонконгийн гэх мэт олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохдоо өвлийн эвент, аяллын хөтөлбөрүүдээ түлхүү сурталчлах шаардлагатай.

 

 

 

 

 

Санамсаргүйгээр нөлөөлдөг мэдээллийг багасгаж “манай орон маш хүйтэн, өвөлдөө -30 хэм хүрдэг, эх газрын эрс тэс уур амьсгалтай,  та даарч мэднэ, та зун л аялсан нь дээр” гэж ухуулдагаа больж  жуулчдын сонирхлыг гацаадаг сөрөг үр дагавраас зайлсхийцгээе.

 

Ч.Буянбадрах – Аялал жуулчлалын зөвлөх багш


URL:

Сэтгэгдэл бичих