2012 оны Засгийн газрын гишүүдийн нэрс “гэрэл цохив”
УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн мөрий тавьжээ. Улс төрийн утга агуулгатай бооцоог нь танд дэлгэж байна. Тэдний нэг нь Ардын намын төлөөлөгч. Баруун аймгуудын нэгнээс УИХ-д анх удаа сонгогдон ажиллаж байгаа. Харин нөгөөх нь УИХ дахь АН-ын эрхмүүдийн нэг. Урьд нь намдаа болон төрд томоохон алба хашиж явсан, одоо ч нөлөө бүхий улс төрч. Ирэх сонгуулийн үр дүнгээр байгуулагдах төр засгийн удирдлагын “хар зургийн” анхдугаар хуулбар тун санамсаргүй тохиолдлоор бидний гарт орж ирсэн болохоор одоогоор эздийнх нь тухай үүнээс илүүг тодруулахаа түр азная. Хоёр гишүүн АН ба МАН-ын аль нэг нь ирэх сонгуульд ялсныхаа дараа Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх болон УИХ-ын удирдлагын талаар төсөөллөө буулгажээ.
Өнгөц харахад энэ нь байдаг нэг бооцоо мөрий мэт боловч шийдвэр гаргах төвшний улс төрчдийн таамаглал, магадгүй төлөөлж байгаа улс төрийн хүчнийх нь төлөвлөгөөний хэсэг гэж үзвэл тун сонирхолтой гаргалгаа хийж болохоор юм. Бодитой улс төрчдийн бодитой таамаглал, сонирхолтой өрөг, магадлалтай дүр зураг.
Одоо мөрийний цаад талыг задлаж унших гэж оролдоод үзье. Хамтарсан Засгийн газар гэдэг “стандарт бус шийдлийг” ирэх сонгуулиар дахин туршихгүй гэж тэд үзжээ. Аль нам нь ялбал ямар засаг гарахыг шинжиж нэг харъя.
АН ялбал…
Урьд нь хэзээ ч сайд дарга хийж үзээгүй Улсын баатар Э.Бат-Үүлд УИХ-ын даргын алхыг атгуулжээ. Үнэхээр нам нь ялдаг бол энэ цагаан толгойтой баатрыг спикерийн суудалд залж болох юм. Өөрөө ч татгалзахгүй биз. Түүнийг сайд болгохыг аль ч фракц зөвшөөрөхгүй. Харин далан хэдэн хүний хурал удирдаад байх хэмжээний бэлгэдэл болгоход юу нь болохгүй гэж? Намын дарга, ЗГ-ын тэргүүн шадар сайд, “Алтан гадас”-ын толгой галт тэрэг Н.Алтанхуягийг УИХ-ын дэд даргад зоожээ. Ингэснээр АН-ын цувааны толгойноос “Алтан гадас” гэдэг зүтгүүрийг салгаж, бүр хойш нь энгийн нэгэн вагон болгож байгаа хэрэг. Ерөнхийдөө АН-ын сонгуульд ялах боломж “гадас”-ыг намын удирдлагаас суга татаж, МоАХ-г бүх фракцуудтай тохиролцон дэмжүүлснээр бүрдэнэ гэж жагсаалт зохиосон хүн үзжээ. Тэр гардан зохион байгуулагч фракц нь МоАХ буюу Х.Баттулга байх нь мэдээж. Монгол улсын дараагийн Ерөнхий сайд болоход гайхах юмгүй гэж ойрмогхон хэвлэлээр таамаглаад байгаа нь оргүй зүйл ч биш бололтой. Ардчилсан хүчний холбоо, МҮДН, бас бяртай, хортой “Алтан гадас” зэрэг хашир хандгайнууд болон өдөр өдрөөр өөрсдийнхөө амбицийг чанга зарлаж байгаа залуучууд (“Нэг ардчилал” клуб)-тай маш тодорхой бөгөөд нямбай тохиролцоо хийсний үр дүнд МоАХ намаа авч, Х.Баттулга ерөнхий сайд болно. “Шинэ дарга дээшээ, хуучин дарга доошоо” гэдэг шиг Х.Баттулгын Засгийн газарт “Алтан гадас”-ын төлөөлөл болж шадар сайдаар С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Завханы засаг дарга Я.Санжмятавыг оруулсан болжээ. Жагсаалтыг зохиогч “Алтан гадас”-ыг бүрмөсөн арчиж хаяагүй байгааг анхаараарай. Х.Баттулгыг одоо өөрийнх нь дэд сайд байгаа хуульч А.Гансүхийг авчирч ЗГХЭГ-ын даргаар тавина гэж тооцоолсон байна. Нээрээ Х.Баттулга ерөнхий сайд болбол энэ албан тушаалд өөр хэний ч нэр яригдах билээ дээ. Харин түүний их зөвшилцөөний үр дүнд бүрэлдэх Засгийн газарт холбоотон болсон Ардчилсан хүчний холбооноос З.Энхболд (Сангийн сайд), Д.Одхүү (Эрдэс баялаг, эрчим хүчний сайд), С.Эрдэнэ (Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд) нар багтана гэнэ. Үнэхээр тэд засгийн гадна байвал яаж сандаргадгийг одоо ч харж болохоор юм. “МҮДН” фракцаас Р.Амаржаргал (БХЯ), Н.Батбаяр (ЗТБХБЯ) гэсэн нэрс явж байна. Н.Батбаяр буюу бас нэг “дайсны” амыг хазаарлаж авч байгаа хэрэг. Харин “Нэг ардчилал” клуб буюу залуучуудын фракц Х.Баттулгын багт хоёр ч лидерээ багтаана гэсэн прогноз гарчээ. Өнөөдөртөө энэ нам руу итгэн харж байгаа олон хүний, тэр тусмаа залуу сонгогчдын идеал болж буй залуучуудын нэгдлээс хоёрын хоёр сайдын нэр орсныг гайхах юм алга. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд, Лу.Гантөмөрийг БСШУ-ы сайдаар одоо ч хардаг хүмүүс олон бий. Жагсаалтад Гадаад хэргийн сайд гэсэн мөрөнд Лу.Болд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гэдэг дээр Ц.Оюунгэрэлийн нэрийг бичжээ. Ц.Оюунгэрэлийг энд байгаад нь биш, ерөөс жендерийн тухай их ярьдаг болсон энэ үед АН-ын “мөрөөдлийн баг”-т уртаашаа ганц эмэгтэй байгаа нь гайхшрал төрүүлж байна. Эрүүл мэндийн сайдын суудал дээр асуултын тэмдэг тавьжээ. Үнэхээр АН-д энэ салбарт бэлтгэгдсэн, бас хүлээгдсэн хүн алга даа.
Эцэст нь хамтарсан Засгийн газраас гарахыг хамгийн ихээр шаардаж байгаа хүмүүс энэ жагсаалтаар бол ирэх Засгийн газарт түлхүүр тоглогч нар болох нь. Харин энэ мөрий биелбэл Х.Баттулгын болзошгүй кабинет нь намынхаа фракцуудын хамтарсан ЗГ байх болно гэдэгтэй хэн ч санал нэгдэх биз. Өөрөөр ийм засаг байгуулагдах бололцоогүй нь үнэн билээ.
МАН ялбал…
Сонирхолтой нь албан ёсоор “үгүй, хэзээ ч үгүй” хэмээн мэдэгдэл хийж байгаа МАХН-ыг МАН-тай эвсэж сонгуульд оролцох хувилбарыг зохиогчид бодитой гэж үзсэн байна. Мөрий таарсан байвал мөнхийн дайсагнал байхгүй, мөнхийн эрх ашиг бий гэдгийг нотлон харуулах юм биз дээ. Мэдээж, энэ нам дахин ялбал С.Батболдын байр суурь улам бэхжинэ. Бас мэдээж тэр Ерөнхий сайдын суудалд улирч, танхимаа бүрдүүлэх эрхтэй болно. Москвагийн оюутан үеийн шалгагдсан баг болох МГИМО их сургуулийн шадруудаасаа улирааж, танхимынхаа цөмийг бүрдүүлэх нь мэдээж. Тиймдээ ч Ё.Отгонбаяр ГХЯ, Ч.Хүрэлбаатар Сангийн яаман дээр бичигджээ. БСШУЯ дээр Ё.Отгонбаярын оронд Д.Оюунхоролын, ЭБЭХЯ дээр Д.Зоригтын оронд Ц.Мөнх-Оргилын нэрийг тавьсан байна. Гурван удаа парламентад сонгогдсон ганц эмэгтэй гишүүнд сайдын суудал ойрхон байхаас аргагүй. Долдугаар сарын нэгнээс болж дөрвөн жил барьцаанд суусан МГИМО-гийн Ц.Мөнх-Оргилыг засагтай юутайгаа дэнжигнэж байдаг МГИМО-гийн Д.Зоригтын оронд тавьж болохгүй гэж үү?
Одоогийн танхимын гишүүдээс мөн Г.Занданшатар ХХААЯ, зөрөөд Т.Бадамжунай ЗТБХБЯ-ыг залах бол У.Хүрэлсүхээр Ц.Нямдоржийг солих хувилбар дэвшүүлжээ. ЗГХЭГ-ын даргаар Я.Содбаатар, БХЯ-ны сайдаар генералын хүү Ж.Энхбаярыг дэвшүүлж, МАН залуучуудаа дэмждэг нам гэдгээ бас нэг нотлох боломж. НХХЯ дээр Д.Арвины, БОАЖЯ дээр Ө.Энхтүвшингийн нэр харагдана. Ингээд С.Баяраас өвлөж, С.Батболдын өөрөө сэлбэсэн үндсэн багийн гишүүд дуусч байна. Эд бол түүний, эсвэл бүр зөөлнөөр тодорхойлж хэлбэл түүний орчны хүмүүс. МГИМО, хотынхон, генсек, эмэгтэйчүүд, залуучууд, экс Н.Энхбаярын, “элсний 13”-ын төлөөлөл цөм бүрдсэн. Чоно цатгалан, хонь бүтэн гэдэг шиг. Эх нь эцээгүй, тугал нь тураагүй.
Одоо хамгийн гоё хэсэг эхэлж байна. Өмнө дурдсанчлан өнөөдөр бие биенийхээ салхин доогуур гарахгүй байгаа МАХН-тай эвссэн тохиолдолд (бооцоо тавигсад үүнийг боломжтой зүйл гэж үзсэн байна) Н.Энхбаяр ба түүний нөхөдтэй бялуунаас хуваалцах нь зайлшгүй. Энэ үндэслэлээр Н.Энхбаярыг шадар сайд, Н.Удвалыг ЭМЯ гэсэн нүдний ард хүснэгтэлжээ. Үндсэн хувилбар нь ноцтой боловч өгсөн мест нь хөөрхөн юм. Гэхдээ гудамжинд байгаа иргэн Н.Энхбаяр биш шадар сайд Н.Энхбаяр цаашаа яаж тоглохыг ёстой таашгүй. Яахав, хөөрхий Н.Удвал удвал, хурдалбал гэдэг хувилбар ямар ч ирээдүйгүй зүйл.
АН ялбал Э.Бат-Үүлд зоосон суудлыг МАН С.Баярт үлдээжээ. С.Баярын доор УИХ-ын дэд даргын суудалд ланжгар М.Энхболдыг суулгасан байна. Т.Бадамжунайн барилгын салбарын сайдын тохироогоор М.Энхболд үүнийг зөвшөөрч болох мэт. Ямартай ч ийм хувилбарыг нэр бүхий УИХ-ын гишүүд их л бодитой зүйл гэж бооцоо тавьсан байна. Бооцоог УИХ-ын сонгуулийн хууль батлагдсан өдөр хэдэн хундага конъякны дараа тавьжээ. Харин энэ улс орон ирэх зуны сонгуулиар ямар бооцоонд тавигдсан бол оо?
Б.Баяр 24tsag
URL: