Гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, чуулганд оролцохгүйгээ мэдэгдлээ
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Т.Аюурсайхан “Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичгийг гардуулахад УИХ-ын дарга М.Энхболд өөрөө гарын үсэг зурж, өөрөө гардаж авсан. Одоо энэ асуудлыг хэлэлцүүлэхээр сууж байна. Энэ нь хууль зөрчиж байгаа явдал.
Бид ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулж байгаа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдэж байна. УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаа. УИХ-ын даргыг чөлөөлсний дараа бид чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох болно” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ асуудлаар УИХ-ын 40 гаруй гишүүн гарын үсэг цуглуулсан” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд “АН-ын Улстөрийн зөвлөл Засгийн газрыг огцруулах асуудалд байр сууриа илэрхийлсэн. Харин бид өнөөдөр Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дарга огцрох ёстой гэж үзэж байгаа юм” гэв.
URL: