Зарлаагүй дайны огшил

olloo_mn_1433292944_tagtaa

Хувь заяаны шоглоом уу, тоглоом уу өнгөрсөн хугацаанд нэг ч удаа үгийг нь сонсч байгаагүй хоёр улстөрчөө МАН-ынхан ээлжлэн тойглож эхэлжээ. У.Хүрэлсүхийн эсрэг нэгдсэн 27 улстөрчийг ажвал тун ч сонирхолтой дүр зураг харагдах аж. МАН-ын бүлгийн албаа гомдолтой өгсөн Д.Хаянхярваа, яаманд гарсан хүн амины хэргээс болж ажлаа өгсөн Ж.Бат-Эрдэнэ хоёр бол гомдогсод.

Сайд асан Ж.Бат-Эрдэнэ ч огцруулах бичигт гарын үсэг зурсан шалтгаанаа “Хариуцлагын асуудлыг алагчилж тооцсон учраас” хэмээн тайлбарласан нь цагаан цаасан дээр хараар бичигджээ. Харин өнөөгийн танхимд ажиллаж буй Ц.Цогзолмаа сайд гарын үсэг зурсан шалтгаанаа худал хуурмагийн талд зогсож, суудалтайгаа зууралдахыг хүсээгүй учраас хэмээн тайлбарласан байх юм. Харин өмнөх Засгийн газрын долоон сайд бол өс хонзон санасан хүмүүс. Хамгийн хоржоонтой нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 саяар нь зээл авчихсан, төрөл садныхаа нэр дээр мөнгө авснаа хүлээн зөвшөөрчихсөн улстөрчид ЖДҮ-чидтэйгээ хариуцлага тооцсонгүй хэмээн Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсныг ойлгох ухаан хүрсэнгүй. Тэд “Жижиг дунд үйлдвэрээс ард түмний өмнөөс зээл авч, хувийн компанидаа өгсөн улстөрч бидэнтэй хариуцлага ярьсангүй” гэж намын даргадаа хариуцлага тооцож байгаа гэсэн үг мөн биз. Үүнээс илүү онигоо гэж байх уу.

“Хотын фракци”, “Зүүний хүч”-ний хооронд өрнөсөн зарлаагүй дайн угтаа дөнгөж оршил хэсгээ тавьж байна. Хотын даргыг огцруулах, МАН-ын даргаа авах зэрэг нь эхлэл байв. Хэрвээ МАН-ын гомдсон, горилсон улстөрчид  санасандаа хүрч гэмээнэ У.Хүрэлсүх зөвхөн Ерөнхий сайдын суудлаа л өгнө гэсэн үг. Түүнийг намын даргаас унагахгүй бол эдгээр 27 улстөрч 2020 онд хэцүүхэн нөхцөл байдалтай тулгарна. Намын даргаа сайдын суудлаас огцруулчихаад ямар нүүрээрээ тэд тойрог гуйж орох билээ. Тиймээс У.Хүрэлсүхийг нэгмөсөн намаас холдуулах, чадахгүй бол тусдаа нам байгуулаад гарах хоёр сонголт л тэдний өмнө ирж байгаа гэсэн үг юм. У.Хүрэлсүх ч чуулганы индрээс “тойрог өгөхгүй” гэдгээ тов тодорхой илэрхийлчихсэн. Тиймдээ ч дуусашгүй дайн дөнгөж оршлоо тавьж байна хэмээн дүгнэсэн хэрэг л дээ.

У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд зүгээр суугаад, сэлмээ ирлээгүй нь тодорхой байна. Тэр намын Бага хурлын гишүүдийг өөрийн хүмүүс буюу “Зүүний хүчин”-ий залуусаар бүрдүүлчихсэн байгаа. Тиймдээ ч тэртээх 2007 онд аядуу зөөлнөөр намын даргын суудлаа С.Баярт өгч байсан М.Энхболд шиг занг У.Хүрэлсүхээс хүлээгээд нэмэргүй билээ. Сэлэмнийхээ ирийг мохтол зүтгээд чадахгүй бол Н.Энхбаяраас намаа салгасан шигээ “Монгол” гэдэг үгийг нь таслаж хаячихаад “Ардын нам” байгуулаад явчихаж дөнгөнө, тэр.

Тэр цагт М.Энхболд Н.Энхбаярын замналаар бэдэрч, огцруулах бичигт гарын үсэг зурчихсан 27 улстөрчтэйгөө нэгдэж МАН гэх намыг цоо шинээр байгуулж, мөнөөх л байгуулсан түүхээ булаацалдсан бантан шиг улс төрийг хийхгүй гэх баталгаа өнөөдрийн байдлаар алга юм. 2020 оны сонгуульд ялагдал амслаа ч Ардын намыг М.Энхболдын толгойлсон “Хотын фракци”-ийн ноёрхлоос салгах хамгийн үнэмшилтэй арга бол энэ юм. Нөгөөтээгүүр, У.Хүрэлсүхийг зүгээр л огцруулаад өнгөрчих асуудал мөн үү. Хэрвээ УИХ-ын даргыг огцруулах түүний улс төр УИХ-ыг тараах хэмжээнд хүрвэл хэрхэх вэ. Өөрийнх нь эсрэг улс төрийн тоглолт хийсэн ЖДҮ-чидтэй хариуцлага тооцно гэсэн улс төрийг тэр хийвэл хөмсөг зангидсан Д.Хаянхярваагийн улс төрийн тоглолт дашийн шог болох билээ.

Тиймдээ ч их зодоон, их дайны эхлэлийг Хотын фракци өөрсдөө эхлүүлсэн гэсэн үг. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэгчээр 2020 онд хуйгаараа сөхрөх цагт тархи руугаа хэчнээн шаагаад ч өнгөрсөн байх биз ээ.

“Баяраа өөрөө уначихсан юм билээ” гэдэг шиг дайны оршлийг Хотын фракцийнхан тавьчихлаа. У.Хүрэлсүхэд далаараа цэвэр тавиулж, намаа самарчихсаны дараа уйлаад ч яах вэ дээ, цэнцэрэн минь гэдэг л болох билээ. Амжилт хүсье, МАН-ынхаан. Баабарын хэлдгээр та бүхэн ёроолдоо хүртэл унах эхлэлээ ёстой “гоё” эхлүүллээ. Алалцаад бай, алалцаад бай. Ард түмэн энэ бүхний дараа хэн нь хэн бэ гэдгийг мэдэж авах билээ. 2020 оны сонгуулийн чимээ мөн ч ойрхон сонсогдож байна даа.

Эх Сурвалж: Dardas.mn

Б.Өнөртогтох


URL:

Сэтгэгдэл бичих