Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
Өнгөрөгч даваа гарагт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын огцруулах асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд буй. Харин У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын орших эс оршихуйн тухай асуудлыг УИХ хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа. Ном журмаараа энэ асуудлыг эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх учиртай. Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ 14 хоногийн дотор эцэслэн шийдэх хуулийн заалт бий.
Өнгөрөгч өдрүүдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцруулах бичигт гарын үсэг зураагүй намынхаа 37 гишүүнийг нэг нэгээр нь дуудаж уржигдар уулзсан. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй ч уулзсан гэх мэдээлэл байгаа. юм
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Би УИХ-ын болоод намын бүлгийн удирдлагатай ярьсан. Долоо хоногийн дотор байнгын хороо хэлэлцэнэ гэж заасан хуультай учир баасан гаригийн 15:00 цагаас өмнө манай байнгын хороог хуралдуулах бололцоо олгож өгөөч гэх хүсэлтийг УИХ-ын даргын зөвлөлд гаргасан” гэжээ. Тэгэхээр маргааш тус байнгын хороо хуралдаж Засгийн газрын хувь заяаг дэнслэх нь бараг тодорхой болоод байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагдах 19 гишүүнээс 7 нь Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураад байгаа юм.
М.Нэргүй
URL: