Ирэх онд алтны үнэ 1480-1850 ам.доллар байна
Алтны үнэ сүүлийн жилүүдэд тогтворгүй байгаа хэдий ч урт болон дунд хугацааны үнийн түвшин өсөлттэй байна. 2010 онд алтны эрэлтийн хэмжээ нийт 3,971 тонн байсан. Үүний 50.8 хувийг үнэт эдлэлийн салбар, 37.4 хувийг хөрөнгө оруулалтын салбар, үлдсэн 11.8 хувийг технологийн салбар бүрдүүлсэн юм.
2010 оны алтны эрэлтийн хэмжээ 2009 оноос 10 хувиар өссөн. Алтны хамгийн өндөр эрэлттэй салбар бол үнэт эдлэлийн салбар юм. Энэ салбар нь алтны нийт эрэлтийн 45-80 хувийг эзэлдэг. Сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч байгаа нэгэн эрэлтийн салбар бол хөрөнгө оруулалтын салбар. Ойрын жилүүдэд үнэд голлон нөлөөлөгч хүчин зүйл болоод байгаа хөрөнгө оруулалтын зориулалттай алтны эрэлтийн хэмжээ 2000 онд 166 тонн байснаас 2010 онд 1,487 тонн болж, олон жилийн туршид эрэлтээр тэргүүлж байсан үнэт эдлэлийн салбартай эрэлтийн хэмжээгээр ойролцоо болж байна.
Алт нийлүүлэлтийн гурван үндсэн эх үүсвэр байдаг. Үүнд алтны уурхайн бүтээгдэхүүн, хаягдал алт, төв банкууд ордог. Сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээр нийт нийлүүлэлтийн 60 орчим хувийг уурхайгаас үйлдвэрлэгдэн гарч буй алт эзэлж байна. Харин хаягдал алт нь дундаж үзүүлэлтээр нийт нийлүүлэлтийн гуравны нэгийг эзэлдэг.
Алтны нийлүүлэлтийн бас нэгэн эх үүсвэр болох төвбанкуудын нийлүүлэлт нь сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээр нийт нийлүүлэлтийн ес орчим хувийг эзэлж байна. Төв банкууд нөөцөн дэх алтаа зарж эхэлснээр алтны нэгэн томоохон нийлүүлэлтийн эх үүсвэр нь Төв банк болсон. Харин ойрын үеэс төв банкууд нийл үүлэгчээс худалдан авагчийн байр суурь руу шилжиж байна.
Эндээс харахад 1985 оноос хойших алтны үнийг үндсэн гурван хэсэгт хувааж үзэж болохыг судлаачид тогтоосон юм билээ. Одоогийн байдлаар алтны үнэ эрчимтэй өсөлттэй үедээ явж буй. 2001 онд нэг унци алт 270 ам.доллар байсан, жил бүр өссөөр өнөөдрийн байдлаар 1,600 ам.долларын ханштай байна.
Алтны үнийн цаашдын хандлагын талаар эрдэмтэн судлаачид ихээхэн анхаарал хандуулж, олон төрлиин таамаглал гаргадаг. Судалгаа шинжилгээний 24 байгууллагаас алтны үнийн ойрын болон хэтийн таамаглалыг гаргасан бөгөөд 2011 онд алтны үнэ өндөр байх боловч урт хугацааны таамаглалаар алтны үнэ буурч, ойролдоогоор унци нь 1,200-1,300 ам.доллар болох магадлалтай хэмээн үзэж байв.
Дунджаар1410 ам.доллар орчим байна гэж таамаглаж байсан нь бодит байдал дээр дөхөж очсон. 2011 онд алтны үнийн доод хэмжээ нэг унци нь 1,320 ам.долларт хүрч, үнийн дээд хэмжээ өнгөрсөн есдүгээр сард унци алтны үнэ 1850 ам.долларт хүрсэн нь энэ цаг үед ажиглагдаагүй өндөр үзүүлэлт боллоо.
«Блүүмбэрг» агентлагийн уламжилснаар үүнд Европын өр зээлд баригдсан эдийн засгийн асуудлууд нэрмээс болж буй. Тиймээс хөрөнгө оруулагчид өөрсдийн аюулгүй байдлыг алтаар баталгаажуулж буй нь үнийн хөөрөгдөл үүсэхэд нөлөөлсөн хэмээв.
Энэхүү сүүлийн таванжилиин алтны дундаж үнэд үндэслэн хийсэн шинжилгээгээр нэг унци алтны дундаж 2012 онд 1600 ам.доллар, 2013 онд 1,780 орчим ам.долларт хүрнэ гэж үзэж байна.
Харин хамгийн бага үнэд хийсэн шинжилгээгээр нэг унци алтны үнэ 2012 онд 1480, 2013 онд 1,620 орчим ам.доллар байхаар байна. Энэхүү шинжилгээг сүүлийн таван жилийн алтны хамгийн өндөр үнэд хийвэл нэг унци алтны үнэ 2012 онд 1850, 2013 онд 2,100 ам.доллар орчим байхаар байна. Үүнээс үзвэл сүүлийн дөрвөн жилийн алтны үнэд үндэслэн 2012 болон 2013 оны үнийн таамгийг дэвшүүлбэл нэг унци алтны үнэ 2012 онд 1,480-1,850 ам.доллар, 2013 онд 1,620-2,100 орчим ам.долларт хэлбэлзэнэ гэж эдийн засагчид таамаглаж байна.
Даршрамд дуулгахад дээрх алт олборлолтын таамаглалаас үзвэл 2020 он хүртэлх алт олборлолтын жилийн дундаж хэмжээ Оюу толгойн орд газраас олборлох алтны хэмжээг оруулсан байдлаар 29.8 тонн, үүнийг оруулахгүй бол 10.8 тонн байхаар байна.
Оюу толгойн алтыг эх орондоо цэвэршүүлэх боломж тус ордоос үйлдвэрлэгдэн гарах зэсийн баяжмалыг хайлуулах уйлдвэр барьсан тохиолдолд нээгдэх учраас Монгол Улсын алт цэвэршүүлэх үйлдвэрийн хэтийн таамаг нь Монгол Улсад зэс хайлуулах үйлдвэр барих эсэх шийдвэрээс ихээхэн хамааралтай.
Д.Баяржаргал
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: