Ингэж сэвэхгүй ээ, экс Ерөнхийлөгч өө!!!

Хятад улс хилээ хааж, манайхаас авдаг нүүрсний импортоо зогсоожээ. Экспортын 41 хувийг дангаараа бүрдүүлдэг нүүрсний нийлүүлэлт ийнхүү хэд хоногоор саатсан нь манайхны хувьд бол бараг л эмгэнэлийн мэдээтэй адил зүйл юм. Нүүрсний тээвэрлэлт ганц л өдөр саатахад Монголд орж ирэх хэчнээн мянган ам.доллар зогсож байгаа бол.

Тэгвэл энэ мэдээллийг өөрт ашигтайгаар эргүүлэх гэсэн үү, эсвэл дуулиан тарьж анхаарал татах гэсэн үү, юутай ч эрхэм экс Ерөнхийлөгч Н.Багабанди нэгэн бодлогогүй мэдэгдлийг хийж орхив.

Тэрбээр “БНХАУ-ын талаас ямар нэгэн албан ёсны тайлбар мэдээлэлгүйгээр хилээр ачаа нэвтрүүлэлгүй хэд хоногийн нүүр үзлээ. Ерөнхийдөө бол техникийн шинэчлэл гэсэн хариу өгч байгаа ч, олж сонссоноор бол улс төрийн шалтгаантай гэх” гэж мэдэгдэв.

Нарийн учрыг нь гадаадын мэдээллийн хэрэгслүүдээс шүүж үзвэл урд хөрш маань энэ он дуустал бүх боомтоороо ямар ч төрлийн нүүрс импортолж авахгүй байх шийдвэр гаргасан байна. Учир нь тус улс энэ онд өнгөрсөн оны онд импортоор авсан нүүрсний хэмжээнээсээ давуулахгүй байх төлөвлөгөөтэй байсан бөгөөд он гарахаас 40-өөд хоногийн өмнө энэхүү төлөвлөгөө нь биелсэн учраас нүүрсний импортоо зогсоосон гэжээ.

Өөрөөр хэлбэл хятадууд нүүрсний нөөцөө хангалттай бүрдүүлсэн, энэ өвөл дулаахан байгаа тул нэмж нүүрс авах шаардлага үүсэхгүй болжээ.

Ийнхүү тодорхойгүй нөхцөл байдал үүссэний улмаас зөвхөн манайх гэлтгүй Хятадад дулааны нүүрс нийлүүлэгч Австрали улсад ч асуудалд үүсч, нүүрсний үнэ 25 хувиар унажээ.

Platts Coal Report-ын шинжээч Майкл Купер Хятадад нүүрсний илүүдэл ажиглагдаж байгаа талаар ярьсан байна. Түүний хэлснээр хэрвээ энэ өвөл огцом хүйтэн болохгүй л бол ойрын хэдэн сард нүүрс импортлох шаардлагагүй гэжээ. “Хятад улс өвлийн улиралд маш их нүүрс нөөцөлдөг. Харин одоо эрчим хүчний компаниуд нь агуулахдаа 30 хоногийн нөөцтэй байна. Энэ нь зах зээл дээр тодорхойгүй байдал үүсгээд байна” хэмээжээ.

Фэнвэй судалгааны байгууллагын дэд захирал, судлаач Сара Лиу ч “CoalMongolia-2018” чуулганаар оны эцэст ийм байдалд орно гэдгийг анхааруулсан боловч тоогоогүй гэсэн мэдээлэл ч гарчээ.

Ямартай ч нүүрсний экспорт он дуустал бараг хийгдэхгүй нь бололтой. Харин энэ асуудлыг хэт улстөржүүлэх сонирхол экс Ерөнхийлөгчид яагаад үүссэн юм бол гэдэг нь анхаарал татаж байна.

Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих