Трамп Венесуэлийг терроризмыг ивээн тэтгэгч улсаар зарлах бодолтой байна

5bf3762c94378
ВАШИНГТОН. /TASS/. Америкийн засаг захиргаа Венесуэл улсыг Иран, БНАСАУ, Судан болон Сири улс багтдаг терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтад оруулахаар бэлтгэж байна. Энэ тухай “The Washington Post” сонинд Америкийн Засгийн газар дахь эх сурвалжуудын мэдээллээс иш татан бичжээ.
Венесуэл улсыг чухам хэдийд ийм улсаар зарлах гэж байгааг, мөн ямар арга хэмжээнүүд дагалдах талаар тус сонинд тодорхой дурдаагүй байна. Тус улсыг терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтад оруулах шийдвэрийг хэдийнэ эцэслэн гаргасан гэдгийг сонины эх сурвалжууд нотлохоос татгалзжээ. Гэхдээ тэдний тодруулан хэлснээр, Төрийн Департамент энэ боломжит алхмын хариу үр дагаврын талаар сүүлийн өдрүүдэд төрийн янз бүрийн байгууллагуудаас асууж лавласан байна.
АНУ Венесуэлд өмнө нь хэд хэдэн удаа хориг арга хэмжээ авсан юм. Хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сарын 25-нд тус улсын Сангийн яамны эсрэг багц хориг тогтоосноо мэдэгджээ. Тухайн үед хар жагсаалтад Венесуэлийн төрийн тэргүүн Николас Мадуро, дэд ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес, Харилцаа, холбооны сайд Хорхе Родригес нарын хүмүүсийг оруулсан байна.
Сүүлийн жилүүдэд Венесуэл нийгэм-эдийн засгийн хурц хямралтай тулгараад байгаа юм. Хүнд нөхцөл байдлын улмаас тус улсын олон иргэн эх орноо орхин дүрвэжээ. НҮБ-ын мэдээллээр, зургадугаар сарын байдлаар Венесуэлээс 2300 сая орчим хүн Колумб, Эквадор, Перу болон Бразил улс руу гарсан байна.
Өнгөрсөн оны эцэс болон энэ оны эхээр, мөн Мадурогийн ялсан ерөнхийлөгчийн сонгуулийн үед болсон олныг хамарсан жагсаал цуглааны үеэр байдал улам хурцаджээ. Венесуэлийн Ерөнхийлөгч олон дайсантай хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн наймдугаар сарын 4-нд түүний амь насанд халдахыг оролдсон билээ.

URL:

Сэтгэгдэл бичих