Н.Батбаяр: МАН-ынхан ордон дээрээ Тусгаар тогтнол гэж биччихээд тусгаар тогтнолоо олсон түүхэн ойг эсэргүүцэж байгаа юм уу

Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баяр ёслол, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх байсан ч байнгын хорооны хурлыг хурал биш хэрүүл болгон хувиргав. Хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар хуралдсан байнгын хорооны протколыг хүргэж байна.

Н.Батбаяр:
-Энэ жил Монгол Улсын хувьд түүхт ойн жил. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ой гээд олон түүхэн ойн жилүүд. Энэ утгаараа Монголчууд ямар аугаа түүхтэй гэдгээ харуулсан. Түүхт үйл явдлаа мэдэхгүй хүмүүс байх юм. Саяхан нэг хүн бүлгийн хурлаар энэ өдөр чинь ямар учиртай болоод тэгж байгаа юм гэж асуусан. Түүхээ мартсан хүн ойд төөрсөн сармагчин гэдэг. Манжийн дарлалд 220 гаруй жил дарлагдаад дараа нь арванхоёрдугаар сарын 29-нд тусгаар улс болсноо зарласан. Энэ бол бидний тэмдэглэх ёстой баяр. Гэтэл бид мартсан байна. Тиймээс энэ баярын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох, мөн ганцхан удаа буюу 100 жилээр нь бөхийн барилдаан зохион байгуулах, цол олгох саналыг дэвшүүлж байгаа юм.

Ц.Мөнх-Оргил:
-Баярын өдөр болгож болох байх. Гэхдээ бөхийн цол нь ямар учиртай юм бэ. Бөхийн цолыг өчнөөн асуудал болгож байж баяр наадмын тухай хуулиар цэгцэлж авсан шүү дээ. Одоо наадах чинь дахиад л тараад явчихна.

Н.Батбаяр:
-Өнөөдрийн мөрдөж байгаа баяр наадмын хуулиар цол олгосон. Тэр заалтад нэг удаагийн арга хэмжээ болгож, Үндэсний эрх чөлөөгөө сэргээн тогтоосны 100 жилийн ойн өдрөөрөө цол олгоё. Энэ баяр наадамд илүү ач холбогдол өгч байгаа юм. Монголчууд 1992 онд МНТ-ны 750 жилийн ойг хөдөө  арал дээр тэмдэглэж, баяр наадмаа хийсэн. Тэгэхэд улсын цол олгосон. Тэр нэг удаагийн арга хэмжээ байсан. Бидний оруулж байгаа төслийг дэмжих байх.

Ж.Сүхбаатар:
-Гишүүд хуралдаа суугаарай. Гараад яваад байх юм. Татгалзсан гэж бүртгэнэ шүү.

Су.Батболд:
-Энэ хуулийн төслийг санаачлаад Засгийн газраас санал авсан юм байна лээ. Засгийн газар “Хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй” гэсэн байсан. Сүүлийн жилүүдэд тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэх нь их болсон. Нэг удаагийн арга хэмжээ болгоод амралтын өдөр болгооч ээ гэж хэлмээр байна. Хуульд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй.
Н.Батбаяр:
-Хуулиараа бол амралтын өдөр болгохыг зөвхөн УИХ мэддэг. Засгийн газар мэдэхгүй гишүүн ээ. 10 гаруй баярын өдөртэй байгаа. Гэхдээ энэ том баярыг тэмдэглэхгүй юм бол өөр юуг баяр гэх юм бэ. 100 жилийн ой тохиож байна.

С.Бямбацогт:
-100 жилээ тохиолдуулаад ганцхан энэ удаа амрах гээд байгаа юм уу, эсвэл шинэ жилээр олон хоног амардаг болох гээд байна уу. Миний хувьд 25-наас хойш шинэ жил гээд хүмүүс ажлаа хийх биш. Тийм учраас 29-нөөс эхлээд дөрвөн хоног хэсэг сайхан амаръя л даа яадаг юм. Болохгүй юу.

Н.Батбаяр:
-Байнга амралтын өдөр бодох юм. Цол олгох нь ганц удаагийнх. Жишээлбэл Б.Бат-Эрдэнэ аварга МНТ-ны ойгоор түрүүлээд цол авч байсан ш дээ. Тэрэнтэй адилхан. Нууц товчоо түүхэнд ямар үнэтэй билээ. Яг л тэр утгаараа энэ ч гэсэн том баяр.

Б.Бат-Эрдэнэ
-Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний ойг тохиолдуулаад амрах амралтын өдөр болгох нь ойлгомжтой. Улсын цол олгохоор үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг тохирохгүй байна. Улсын цол олгох гэж санаачилж байгаа бусад нөхдийгөө би дэмжиж байна. Гэхдээ баяр наадмын тухай хуульд өмнө нь олгож байсныг цэгцэлчихсэн байхад дахиад задлана гэдэг асуудал аль аль талаасаа болохгүй. Яг энэ спортоор явж байсан хүний хувьд улсын цол олгох наадам урдаас төлөвлөгдсөн, зарлагдсан байдаг учраас долоо хоногийн дотор зарлаад цол өгдөг юм биш. Өнөөдөр бөхийн төлөөллөөс надруу маш олон хүн утасдаж байна. Ийм юм арай байхгүй биз дээ.

Н.Батбаяр:
-Манай бөхчүүд шиг байнга бэлтгэл хийдэг хүн байхгүй. Дандаа заалны барилдаан болж байна. 256 гэхэд л нэг өдөр цугладаг болсон. Энэ баяр наадмыг ач холбогдлыг өргөхийн тулд ингээд байна. Монгол хүн монгол гэдгээрээ бахархахын тулд хийх гэж байна. Саяхан шүүхийн иргэдийн зөвлөлөөр шүүгч томилсон хүнээс 1911 онд ямар үйл явдал болсон бэ гэхэд Сүхбаатар жанжин хувьсгал байгуулсан гэж хариулсан байсан. Түүхээ бид мартчихаад байна.

Э.Бат-Үүл:
-Ойн онцгой ач холбогдлыг өргөхийн тулд бөхөд цол олгодог уламжлалтай. Ач холбогдлын өргөх гэж цол өгдөг. Батбаяр гишүүний яриад байгаа зүйл үнэн. Одоо яагаад болохгүй байгаа юм. 100 гэдгээ л онцолж байна.
Б.Бат-Эрдэнэ:
-Ойгоор онцгойлон цол олгож байсан тохиолдол байхгүй. Улсын баяр наадмаар 50, 60 жилийн ойгоор даваа ахиулж байсан. Спартакадаар цол олгож байсан гажуудал байгаа. Өндөр гэгээн, нууц товчооны ойгоор цол олгосныг Үндсэн хуулиар журмалсан. Монголын нийгэм, төрийн бус байгууллагынхан саналаа хэлдэг юм уу. Би бөхийн хамт олноо төлөөлж байна. Заавал тэрүүгээр цол олгож, үймүүлэх хэрэггүй.

Н.Батбаяр:
-Бөхчүүд хоорондоо ямар байдгийг мэдэхгүй юм. Энэ нь хүмүүсийг үймүүлэх бус баярлуулах гэж байгаа. Бөхийн  галууд дэмжиж байна.

Ж.Сүхбаатар:
-Гишүүд асуултаа асууж дууслаа. Энд гишүүд дэмжихгүй гээд гарсан байна шүү. Хурлаа орхиод гарсан. Я.Батсуурь, Р.Раш, Су. Батболд, Д.Загджав, Ц.Батбаяр, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд, Д.Очирбат

Ч.Сайханбилэг:
-Сүхбаатар даргаа болил доо. Яаж байгаа юм бэ. Эсвэл бүлгийнхээ байр суурийг албан ёсоор илэрхийлээч дээ. МАН-ын бүлэг дэмжихгүй байна гэдгээ хэл. Зохион байгуулалттайгаар бүгд дэмжихгүй байна гэдгээ хэл. Бүртгүүлээд гарсан хүн байна, ирээгүй ч хүн байна. Яахаараа үгээ хэлж чадахгүй, шууд бусаар илэрхийлдэг болчихсон юм. Хэзээнээс ийм зарчимд шилжсэн юм бэ. Яагаад микрофонд хэлж чадахгүй байгаа юм. Ямар нүүрнээсээ ичээд байгаа юм.

Ж.Сүхбаатар:
-Хуулиараа тийм байна. Наад гишүүнээсээ асуу. Би мэдэхгүй.

Ч.Сайханбилэг :
-Өөрөө өргөн барьчихаад эсэргүүцнэ гэж юу байдаг юм.
Ж.Сүхбаатар:
-Наад хүмүүсээ дууд. Ч.Сайханбилэг нарын гишүүд яагаад дэмжихгүй байгааг нь асуумаар байна гэнэ. Дэгээр бол хурал орхиж гарвал татгалзсанд тооцно гэдэг.

Ч.Сайханбилэг:
-Яадаг юм. Ичээд байх юм юу байгаа юм.

Ж.Сүхбаатар:
Тэрнийг өөрсдөөс нь асууя.

Ч.Сайханбилэг:
-Энэ асуудлыг хэлэлцээд эхлэхээр л хэрэг хийчихсэн хүн шиг нэг нэгээрээ цувраад гараад байх юм. Албан ёсоор завсарлага өгөөч дээ. Албаар ийм зохион байгуулалтад орж байгаа юм уу. Тэгж болохгүй. Олонхийн бүлэг ядаж ийм асуудалд хариуцлагатай байх ёстой ш дээ.

Н.Батбаяр:
-Ирц байна.

Ж.Сүхбаатар:
-Манай байнгын хорооны гишүүд биш.

Н.Батбаяр:
-Өнөөдөр Монголчууд эрх чөлөө тусгаар тогтнол 100 жилийн ой тохиож байхад энэ асуудлыг ардын нам эсэргүүцэж байна гэж ойлгож болох уу.

Ж.Сүхбаатар:
-Ой тэмдэглэх нь хэвээрээ. Цол олгохыг дэмжихгүй гэдэгт гишүүд хэлээд байна. Улс төржүүлж болохгүй шүү.

Ч.Сайханбилэг:
Танай байнгын хорооны албан ёсны гишүүд нь бүгд гарч явлаа. Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нар байнгын хорооны гишүүд биш. Шаварт унасан шарын эзэн гэгчээр та л ганцаараа сууж байна. Учир зүггүй микрофоноо хаяад гарч чадахгүй байна л даа. Албан ёсоор эсэргүүцэж байгаа бол энэ асуудлыг ойлгоё. Байнгын хороонд ирсэн гишүүдийнхээ нэрийг уншчихаад эсэргүүцэж байна гэж байгаа бол өөр хэрэг.

Б.Бат-Эрдэнэ:
-Амрахыг би эсэргүүцээгүй. Бөхийн барилдаан сайхан зохион байгуулъя. Тэртэй тэргүй захиалга өгөхөд бөхийн холбоо, бөхчүүд бэлэн байгаа. Барилдаанаа зохион байгуул. Цол өгч үймүүлж хэрэггүй ээ.

Г.Батхүү:
-Моринд гурван удаа цол олгож байгаа. Зуун жилд ганц удаа хүнд цол өгч болно.
Та МНТ-ны ойгоор цол авч байсан.

Б. Бат-Эрдэнэ:
-Намайг 750 жилийн ойгоор цол нэмсэн гээд тэрүүгээр шалтаглаад байх юм байхгүй. Тэр 1992 онд гарсан зүйлийг чинь хуулиар зохицуулсан. Тэр цолоо буцаагаад таньд өгчихье. Таны авсан цолыг уламжлал болгох гэж ингэж байна. Та юунд нь ингээд байгаа юм.

Ч.Сайханбилэг:
-Бүх гишүүдийн нэрийг уншаад татгалзлаа гээд байх юм. Хүмүүсээ хүлээж байгаа ч тэгвэл. Хэн яасан гэснээ өөрсдөө хэлэг. Ийм тэнэг байхдаа яадаг юм. Нэг хоёр гарсан бол ойлгоно. Бүлгээрээ гарч явчихаад дэгийн тухай хууль уншаад байхдаа яадаг юм бэ.

С.Бямбацогт:
-Бид гурвуулаа байна шүү

Ч.Сайханбилэг:
-Бямбацогт гишүүнээ таньд талархаж байгаа. Гэхдээ та манай байнгын хорооны гишүүн биш. Энэ хоёр гишүүнээ бүлгийн хурлаараа магтаж, сайшаах хэрэгтэй.

Б. Бат-Эрдэнэ:
-Хувийн асуудал биш. 750 жилийн ойгоор цол авсан гээд над руу тэгээд байна. Би буцаагаад өгчихье.

Ж.Сүхбаатар:
-Гишүүдээ дууд гээд байх юм. Дуудаж болно гэхдээ орхиод гарахад татгалзсанд тооцно гэсэн дэгийн хууль байгаа.

Н.Батбаяр:
-Яагаад ингээд байгаад ойлгохгүй байна. Дэмжиж байна гэж гарын үсэг зурчихсан хүн татгалзсан байна гэдэг юу гэсэн үг вэ. Д.Загджав гишүүн санаачилсан. Энэ юу болоод байгаа юм.

Ч.Сайханбилэг:
-Сүхбаатар дарга татгалзсан болгох гээд хэтрүүлчихлээ. Аймаар олон хүн дуудаад. Тэгвэл хүлээе л дээ. Дэгээрээ бол орхиж гарвал татгалзсанд тооцоно гэдэг. Би заавал тэгээд байгаа юм биш.

Ч.Сайханбилэг:
-Өргөн барьсан хоёр гишүүн танай бүлгээс байгаа. Ө.Энхтүвшин, Д.Загджав хоёр.

Ж.Сүхбаатар:
-Тэгвэл Энхтүвшин гишүүн угаасаа ирцэд ороогүй. Д.Загджавыг хасаад дэмжих эсэхээр санал хураая.
…Санал хураалт дуусахад зургаан гишүүн дэмжиж харин үлдсэн гишүүд болох найман гишүүн дэмжээгүй гэсэн санал өгсөн болов. Харин гишүүд тэр нь ирсэн, энэ нь байгаагүй гэсээр маргаан цааш үргэлжилж, өмнө ярьсан асуудал болох Үндсэн хуулийн нэмэлтийн саналыг яах юм, алинд нь 11-ээс тооцоод, алинд нь нийт байнгын хорооноос тооцоод байгаа юм болил доо. Үндсэн хуулийнхаа нэмэлтийг эргээд ярь хэмээн Ч.Сайханбилэг гишүүн санал дэвшүүлсэн ч  Ж.Сүхбаатар гишүүн би байгаа гишүүдээ ярьж байна гэсэн хариулт өгөв. Яг ш дээ. Очирбатаа эсэргүүцсэн гэдгээр нь яв л даа, тэгээд хэмээн Сайханбилэг гишүүн бухимдлаа. Санал хураалтаа больё. Ирц бүрдүүлж байж  хийе гэх мэтээр маргаан үргэлжилсээр Н.Батбаяр гишүүн хууль санаачилсан 10 хүний нэрийг дуудаж сонсгоод, яагаад эсэргүүцээд байгаа юм, тусгаар тогтнолын баяр болгон тэмдэглэх гэснийг эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна хэмээн гомдоллоо. Чуулганыг орхин гарсан Д.Очирбат гишүүнд “Та тусгаар тогтносон улс эх орныгоо үл тоомсорлож байгаа бол УИХ-ын гишүүний мандатаа өгөөд Монгол нутгаас зайлаарай” хэмээн УИХ-ын гишүүн Н.Батбаяр томорлоо. Маргаанаа дуусгаж дараагийн асуудлаа хэлэлцэхээр болсон ч ирц гүйцээгүй гэсэн шалтгаанаар  байнгын хорооны хуралдааныг 16.00 цаг хүртэл завсарлууллаа. Хуралдаан 17.00 цагт эхэлж сонгуулийн машин танилцуулах байсан ч МАН-ын хоёр гишүүнээс өөр хүн байхгүй, АН-ын бүлгийн хэдэн гишүүд ирсэн байсан учраас өнөөдөр чуулганы дундуур УИХ-ын даргаас цаг авч танилцуулахаар болж хойшлууллаа.

Б.Тогтох


URL:

Сэтгэгдэл бичих