Филиппиний ерөнхийлөгч асны эхнэр авлигын хэргээр ял сонсов
Филиппин Улсын Ерөнхийлөгч асны эхнэр 89 настай Имелда Маркос долоон үйлдэлтэй авлигын хэрэгт буруутай нь тогтоогдлоо. Тэрээр авлигын үйлдэл бүртээ 6-11 жилийн хорих ял сонсчээ. Түүний 1968-1986 онд тэргүүн хатагтай байхдаа Швейцарь улсад байгуулсан хувийн сантай нь холбогдох хэргийг 20 жилийн турш шалгасны эцэст шүүхээс дээрх шийдвэрийг гаргасан байна.
Шүүх хуралд өөрөө оролцоогүй Маркосыг баривчлах шийдвэр шүүхээс гаргасан ч давж заалдах хугацаандаа батлан даалтад байх эрх олгожээ. Дээрх шүүхийн шийдвэр Филиппиний үндэсний Төлөөлөгчдийн танхимд гуравдахь удаагаа сонгогдон ажиллаж буй түүнийг төрийн алба хашихыг нь мөн шууд хориглож байгаа юм.
Ерөнхийлөгч асан Фердинанд Маркос төрийн эрхийг 21 жилийн турш барихдаа эхнэрийнхээ хамт олон тэрбум долларыг Швейцарийн банкны дансуудад хадгалж байсан нь олон нийтэд ил байсан байна. Ялангуяа Филиппин улсын иргэд туйлдан ядарч, өлсөж зовж байхад тэргүүн хатагтай Имелда Маркос тансаг амьдралд умбаж байсан нь олны дургүйцлийг төрүүлж байсан билээ. Мөн тэрээр тэргүүн хатагтайн хувьд 1976-1986 оны хооронд Нийгмийн халамжийн сайд, 1978-1984 оны хооронд Манила хотын амбан захирагчаар ажиллаж байжээ.
1986 онд Филиппиний арми болон иргэд Маркосын гэр бүлийн эсрэг алдарт цусгүй бослого гаргаснаар түүний гэр бүл Хавай руу оргон зугтсан юм. Тэднийг явсны дараа ерөнхийлөгчийн ордноос 1100 хос үнэтэй брэндийн гутлын цуглуулга олдсон нь тэд хэчнээн их мөнгө, эд баялагтай байсны илрэл байв.
Гэвч дээр дурдсан шүүхийн шийдвэр нь Имелда Маркосын эсрэг гарсан анхны шүүхийн шийдвэр биш юм. Хавай руу зугтсаныхаа дараа тэрээр 1991 онд Манилад иргэн ирсэн бөгөөд түүний нөхөр 1993 онд Хонолулуд насан эцэслэжээ. Тухайн үед шүүхээс түүнийг авлигын хоёр үйлдэлд яллаж, 9-12 жилийн хорих ял оноосон ч давж заалдсаар 1998 онд хэрэгсэхгүй болгож байсан байна.
URL: