Ардчиллын индексээр Монгол Улс хоёр хөршийнхөө адил ухарчээ

Их Британийн “Economist Intelligence Unit” судалгааны газраас 2011 онд дэлхийн улс орнууд хэр зэрэг ардчилалтай байсан талаарх уламжлалт судалгаагаа гаргажээ. Судалгаанд хамрагдсан 167 орны 166 нь тусгаар улс, 165 нь НҮБ-ын гишүүн орон байсан гэдгийг юуны өмнө онцолсон байна.

Улс орнууд дахь ардчиллын байдлыг сонгуулийн явц, олон ургальч байдал, иргэний эрх болон эрх чөлөө, улс төрийн оролцоо болон соёл, Засгийн газрын үйл ажиллагаа гэсэн үндсэн таван шалгуураар тодруулж гаргадаг юм.

Нийт улс орнуудыг жагсаахдаа төгс ардчилалтай, хангалттай бус ардчилалтай, холимог тогтолцоотой, дарангуйлагч дэглэмтэй гэсэн үндсэн ангилалд хуваасныг хэлэх хэрэгтэй. Мөн улс орнууд дахь ардчиллын хэмжээг тогтоохдоо 0-10 хүртэлх оноог өгч, дүнг гаргажээ. 2008-2011 оны хооронд 11 орон ангилал буурч, Гана, Мали гэсэн хоёр улс холимог буюу эрлийз тогтолцоотой орнуудаас хангалттай бус ардчилалтай гэсэн ангилал руу дэвшсэн байгаа юм. Гэтэл доош ухарсан орнуудын дунд төгс ардчилалтай гэгдэж байсан Франц, Итали орж, хангалттай бус ардчилалтай орнуудын жагсаалтад бичигджээ. Энэ шалгуурыг тун нарийн гаргадаг бөгөөд Силвио Берлускони Италийн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хэвлэлийг шүүхэд өгснөөр гэх мэт явдлууд доош татсан хэрэг болжээ.

Дэлхийн хамгийн ардчилсан орноор 9.8 оноог авсан Норвег тодорч, саяхан их удирдагчаа алдсан БНАСАУ урьдын адил жагсаалтын төгсгөлд бичигдсэн байна.

Манай улс хангалттай бус ардчилалтай улсын тоонд багтдаг бөгөөд энэ удаад 6.23 оноогоор 69 дүгээр байрт бичигджээ. Уг нь өнгөрсөн жилд 6.36 оноогоор 64 дүгээр байрт бичигдэж байсан ч ийнхүү таван байраар хойш ухарчээ. Төгс ардчилсан нийгэмтэй гэгдэж буй 25 орон байгаа бол манайх шиг ангилалтай 53, эрлийз холимог нь 37, харин 52 орон дарангуйлагч дэглэмтэй гэгдэж байгаа юм. Манай хоёр хөршийн хувьд аль аль нь дарангуйлагч дэглэмтэй орнуудад багтжээ. Уг нь өнгөрсөн жил ОХУ 107-гоор манайх шиг ангилалд багтаж байсан бол өнөө жил даруй арван байраар ухарч, дарангуйлагч дэглэмтэй гэдэг нь нэгэнт батлагджээ.

Харин манай өмнөд хөрш өмнөхийн адил дарангуйлагч дэглэмтэй улсуудын жагсаалтад хэвээр байгаа бөгөөд 136-гаас 141 рүү бас таван байраар хойшилжээ. Ерөнхийдөө өнөө жилийн жагсаалтаас харахад дэлхийн олон оронд янз бүрийн байдлаар жагсаал цуглаан бослого их болсон бөгөөд энэ бүх байдалд Засгийн газраас нь үзүүлсэн хариу ажиллагаа нь ардчиллын үзүүлэлтийг доош татахад нөлөөлсөн талаар ажиглагчид онцолж байна. Урьд жилүүдийн судалгаанд дэлхийн эдийн засгийн хямрал нөлөөлж байсан бол өнөө жил оны эхнээс гарсан элдэв бослого тэмцэл шууд нөлөөлсөн байна. Энэ оны судалгаагаар дэлхийн хэмжээнд ардчилал стресст ороод байгаа нь тодорхой болжээ. Гэхдээ Арабын орнуудад гарсан хувьсгалаар олон орон ардчилсан тогтолцоо руу тэмүүлж байгаагийн гэрч болсон нь судалгааны дүнгээс харагдаж байгаа юм. Харин хууль бус худалдаа, хартамхины наймаа зэрэг нь Латин Америкийн орнуудын оноог доош татахад нөлөөлсөн байна.

Э.ЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих