Гадаадын хөрөнгө оруулалттай арав гаруй компанийг шалгаж эхэллээ

-CҮХБААТАР, ДОРНОДООС ДОРНОГОВЬ РУУ ЧИГЛЭЖ БУЙ УРАНЫ ХАЙГУУЛ ЮУ ӨГҮҮЛНЭ ВЭ-

Цацраг идэвхт ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөл олгогдсон аж ахуйн нэгжүүдийг хууль хяналтынхан шалгаж эхэлжээ. Байгалийн цогцолборт газар болон тусгай хэрэгцээний газар нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг энэ удаа онилж байгаа аж. Тодруулбал, Цөмийн энергийн газрын өмнөх удирдлагатай холбоотой байж болох ноцтой баримт ч илрүүлж байгаа сурагтай. Цацраг идэвхт ашигт малтмалыг  хайх, олборлох хууль бус зөвшөөрөл  Сүхбаатар, Дорнод, Дорноговь зэрэг аймагт үйл ажиллагаа явуулж буй компаниудад илэрчээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн “Хүйтэн уул” нэртэй талбайд цөмийн энергийн тусгай зөвшөөрлийг олгожээ. Энэ зөвшөөрлийг 2010 онд “Монгол Ураниум Ресурс” ХХК-д олгосон явдал нь хуулиа зөрчсөн үйлдэл гэж хууль хяналтынхан үзэж буй аж. “Хүйтэн уул” нь Онгон, Наран, Дарьганга гурван сумын нутаг дэвсгэрийг дамнан хамардаг бөгөөд байгалийн цогцолбор болон тусгай хэрэгцээний газар нутагт ордог аж. Гэтэл “Хүйтэн уул”-ын орчмын газар нутгийг дээрх компанид олгосон нь хуулийн зүйл заалтаас  давсан гэж үзэх үндэстэй аж.

10 ГАРУЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХЭРХЭН ОЛГОГДОВ

Мөн Сүхбаатар аймгийн 13 сумдаас Мөнххаан, Түмэнцогт, Баруун-Урт сумаас бусдад нь Засгийн газартай хийсэн гэрээний дагуу цацраг идэвхт ашигт малтмалын хайх, олборлох арав гаруй тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Үүнийг Засгийн газрын бүтээгдэхүүн хуваарилах гэрээний дагуу олгосон гэж буй ч ямар замаар хэний оролцоотойгоор ийм шийдвэр гарч ямар байгууллагууд холбогдов гэдгийг нарийн шалгаж эхэлж буй гэнэ. Энд Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн Ч.Улаан нарыг буруутган үзэх ч хүн байгаа аж.  Тэдний нөлөөллөөр  цөмийн энергийн тусгай зөвшөөрөл гадаадынханд очсон гэх хэд хэдэн  мэдээлэл ч бий аж. Цацраг идэвхт ашигт малтмал хайх зөвшөөрөл олгосон дээрх газар нутгийн хэмжээ нэг сая га талбай буюу нутаг дэвсгэрийн 12 орчим хувийг эзэлж байгаа нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байгаа аж. Дээрх тусгай зөвшөөрлийг цуцлуулахын тулд нутгийн иргэдээс болон байгаль орчныг хамгаалах холбогдох газруудаас гомдол ирсээр байгаа гэнэ.

Түүнчлэн Монгол Улсын стратегийн чухал ордод тооцогдох Сүхбаатар аймаг дахь цайрын ордыг бас шалгаж байгаа юм байна. Энэ мэтээр Сүхбаатар, Дорнод, Дорноговь гэсэн хил залгаа гурван аймгийг ороон чимээгүй цэцэглэж буй цөмийн энергийн тусгай зөвшөөрлийг дагасан нэг жим нь Францын “Арева” групптэй холбогдож буй юм.

Хэдхэн сарын өмнө “Дорноговь  аймаг дахь тус группын хайгуул амжилттай болж, Улаанбадрах сумын нутаг Дулаан-Уул хэмээх газраас уран олборлож байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд хамгийн анхны олборлолтоо хийсэн бөгөөд энэ нь Монгол Улсын түүхэнд сүүлийн 20 жил тохиолдоогүй үйл явдал болсон юм” хэмээн магтаалын үг дайсан гэгээтэй мэдээлэл зарим хэвлэлд нийтлэгдэж байсныг тод санаж байгаа байх. Гэвч энэ мэдээлэлд үнэний ор байхгүй гэдгийг судлаачид хэлж байна. Ард иргэдэд иймэрхүү мэдээлэл цацаж, харин тэд  газар нутгийг хордуулах ажлаа эрчимтэй хийж буйн дохио энэ аж. Уран олборлоно гэдэг өөрөө эрсдэлтэй алхам. Тэгээд ч дэлхий нийт уран олборлохоос татгалзаж байхад манай улсад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй компаниуд олширсоор байна. Уран олборлоод монголчууд баяжихгүйгээс хойш байгаль орчин, хүн амьтанд хортой энэ ажлыг зогсоох асуудлыг хөндөж эхэллээ.

Дэлхий нийт уран олборлохоо  зогсоож, эсэргүүцэж эхлэхтэй зэрэгцээд Монголд ийм л мэдээлэл түгж монголчуудын “тархи”-ийг угааж эхэлсэн. Өөрсдийгөө баян гэдэгт итгэж нэг хэсэг толгой нь эргэсэн бид одоо уран  гэж юуг нь ч мэдэхгүй байгалийн “баялаг” хэмээн сүүлийн хоёр жил  андуурч эхлэв. Дэлхийн ураны нөөцийн нэг хувь нь байдаг гэх манай оронд энэ төрлийн үйл ажиллагаа явуулахыг хүсч, зорьж ирж буй компаниуд олширлоо.Тэд чухам ямар компаниуд вэ. Үүнийг  нэгэн компанийн жишээгээр тайлбарлахыг оролдъё.

“АРЕВА”-ГИЙН ҮНЭН ТӨРХ

Анх COGEMA байснаа “Арева” болж нэр нь өөрчлөгдсөн энэ компани Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл 2009 онд Францын хууль хяналтынхан “Арева” цөмийн хаягдлыг хаа сайгүй булсан хэргийг илрүүлжээ. Францын нутаг дэвсгэр дээр нийт 25 цэгт буюу хавцал, газрын дор хаягдсан хонгил, тал хээр газар, нуурын ус зэрэгт цөмийн хаягдлыг зүгээр л аваачаад асгачихсан аж. Хаягдлыг хөрсөөр өнгөцхөн хучиж орхиод дээр нь тоглоомын талбай, 10 жилийн сургуулийн барилгууд, биеийн тамирын талбай зэргийг байгуулсан байжээ. Хөнгөн ба дунд зэргийн цацраг идэвхт 300.000 тонн бодисыг иймэрхүү маягаар булж орхисон байж. Цөмийн түлшийг булах завсрын агуулах, эцэслэн булах цэг гэсэн тооцоо “Арева” хийж байгаагүй гэнэ. Cantal, Limousin und Allier нутгууд бол Аревагийн хордуулсан нутгууд. Limoges хэмээх дүүргийн жижиг хотын цацрагаар бохирдсон гүний ус явсаар голын ус руу орж хордуулсан байдаг аж. Мөн уран боловсруулах үйлдвэр ажиллаж байсан Saint-Pierre хотын ундны ус цацрагаар хордсон. Legrogne (Allier) хотод бага зэрэг цацрагтай чулуулгийг “ариутгасан чулуу” хэмээн худал мэдээлэн барилга барих зөвшөөрөл өгсөн гээд Limousin хотод 176 ширхэг торхтой цөмийн хаягдал нууцаар булсан нь илэрч “Ареваг” шүүхэд өгсөн боловч  таван сарын дараа хэрэгийг нь цагаатгасан байна. Энэ нутгуудаар оршин суугчдын дунд уушгины хорт хавдар маш түгээмэл болсон аж. Ураны томоохон олборлолт явуулж  буй компани л гэхэд ийм байна. Гэтэл энэ компани нь манайд үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн байх жишээний.

ТЭД АСУУДЛЫГ АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛИАР ШИЙДДЭГ ҮҮ

Дэлхий нийтэд аль хэдийнэ тар нь танигдсан байхад манай улс л үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь өгөөд сууж байх жишээтэй. Иймэрхүү мэдээлэл хууль хяналтынханд байх юм. Нөгөө талаар уран олборлож буй компаниуд өөрсөнтэй нь холбоотой хэргийг зөвхөн мөнгөөр шийддэг тухай эх сурвалжууд хэлж буй юм. Авлига, хээл хахуулийг хаа явсан газраа түгээн дэлгэрүүлж явдаг тул уран олборлодог компаниудаас бид сэрэмжлэхэд илүүдэхгүй. Иймдээ ч хуулийнхан энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын компаниудыг чадлаараа судалж шалгаж эхэлжээ. Цааш баримт сөхвөл Дорнод аймгийн  Дашбалбар сумын нутагт байрлах  “Улаан”-ы гэх ордыг түшиглэн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” компанийг дурдаж болно. 2006 онд АМГТХЭГ-аас 1.3 сая доллараар БНХАУ-ын “Шинь Шинь” компани дээрх ордыг худалдан авсан аж. Тус компани нь  нээлттэй бус үйл ажиллагаа явуулдаг  нь илэрчээ. Гэтэл ураны уурхайг 2014 онд барьж дуусгахаар төлөвлөөд байгаа гэх мэдээлэл түгж эхэллээ.  Дорноговь, Дундговь аймгуудад тус бүр нэг, Дорнод аймагт хоёр ураны үйлдвэр барихаар бэлтгэл ажил хийгдэж буй сураг байна. Эдгээр үйлдвэрүүд үйлдвэрлэсэн уранаа Франц, Казахстан руу экспортлох гэнэ. Манай улсад  албан ёсоор ураны хайгуул 2009 оноос эхэлсэн гэж үздэг ч тусгай зөвшөөрлийн лицензүүд ийн хууль бусаар тараагдаж аль хэдийнэ “эзэндээ” очжээ. Цөмийн энергийн газар өнөө жил ураны хайгуул явагдаж буй 109 газрын хоёрт нь ашиглалтын лиценз олгосон байна.  Дээрх тусгай зөвшөөрлийн лиценз эзэмшигч нарын буруутай үйлдэл тогтоогдвол хууль хяналтынхан олон нийтэд зарлах аж.

Г.ЯЛГУУН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих