Э.Макроны дэвшүүлсэн санаа Д.Трампын эгдүүцлийг төрүүлсэн нь

712-15421843135bebdcb390992

Дэлхийн I дайны тулалдаанууд болж байсан түүхэн газруудаар явж байх үеэрээ Францын Ерөнхийлөгч Э.Макрон мэдэгдэл хийж “АНУ-аас үл хамаарах Европын армийг байгуулах нь зүйтэй” гэсэн нь Америкийн Ерөнхийлөгчийн эгдүүцлийг асар ихээр төрүүлж, НАТО-гийн хоёр түншийн харилцаанд сэв суулгах тун дөхлөө.

Макроны үзэж байгаагаар, Европын дотоодод өрнөж буй ардчилсан үйл явц ба кибер орон зайд хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого олонтоо гарч байгаа учраас энэ бүхнээс хамгаалахын тулд европчуудын хувьд нэгдсэн арми байгуулах шаардлага тулгарч байгаа аж. Үүний сацуу тэрбээр “дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс АНУ гарах гэж байгаа нь Европын аюулгүй байдалд аюул занал учруулж байгаа”-г дурдсан байна. Францын төрийн тэргүүн хэлснээ улам лавшруулж “бид Хятад, Оросоос төдийгүй магадгүй АНУ-аас өөрийгөө хамгаалах ёстой” гэсэн нь жинхэнэ ёсоор дуулиан тарьсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ талаар твиттер хуудсандаа “Францын Ерөнхийлөгч Макрон АНУ, Хятад болон Оросоос өөрийгөө хамгаалахын тулд Европын нэгдсэн зэвсэгт хүчнийг байгуулах санал дэвшүүллээ. Энэ бол доромжлол. НАТО-г санхүүжүүлэхэд Европ тив эхлээд өөрийн хувь нэмрийг шударгаар оруулах нь зүйтэй” гэж бичжээ.
Д.Трамп тун ихээр бухимдсан хэдий ч хэдхэн хоногийн дараа буюу 10-ны өдөр хоёр улсын төрийн тэргүүн нар Парис хотод уулзах үеэрээ Макроны мэдэгдлээс үүдэлтэй үл ойлголцлыг арилгаж, үг хэлээ ойлголцсон бололтой. Уулзалтын үеэр Макрон Трампын өвдөг дээр гараа тавиад “найз минь” гэж түүнд хандан хэлэхдээ, НАТО-гийн зардлыг ихэнх хэсгийг Европ даах ёстой гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлсний сацуу ачааны хүндийг АНУ үүрч байгаа нь шударга бус явдал, иймээс бидэнд Европын арми хэрэгтэй байгаа юм хэмээн өмнө нь хэлснээ залруулсан байна.
Европчууд өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө санаа тавьж, НАТО-г санхүүжүүлэхэд ДНБ-нийхээ 2 хувийг зарцуулах ёстой гэж Д.Трамп Ерөнхийлөгч болсноосоо хойш байнга шаардсаар байгаа билээ. Гэтэл тус эвслийн гишүүн 29 орноос /АНУ-аас гадна/ Их Британи, Грек, Эстони, Румын, Польш, Латви, Литва гэсэн ердөө 7 улс л энэ онд дээрх шаардлагыг биелүүлэх төлөвтэй байна. Үүний сацуу сонирхолтой нэгэн баримтыг дурдваас, Трамп хатуу шаардлага тавьж байгаа хэдий ч Европтой холбоотой АНУ-ын цэргийн зардал өссөөр байгаа гэнэ. Тодруулбал, Трамп ерөнхийлөгчөөр сонгогдох үед Европт зориулсан Пентагоны зардал 789 сая доллар байсан бол энэ онд 4,7 тэрбум долларт хүрч өсчээ. НАТО-гийн цэргийн зардлын 70 орчим хувийг АНУ дангаараа бүрдүүлж байгаагийн зэрэгцээ өдгөө Европт Америкийн 65 мянган цэрэг байнга байрлаж байгаа юм.
Хамтын аюулгүй байдлын тал дээр АНУ-д найдах хэрэггүй шүү гэсэн сануулгыг НАТО-гийн холбоотнууддаа өгч байсан Д.Трамп өнөөдөр Макроны хэлсэн үгэнд юунд ингэтлээ эмзэглэх болов оо? Бизнес эрхэлж байсан хүний хувьд Америкийн Ерөнхийлөгчид маш энгийн бөгөөд тодорхой зорилго бий. Энэ нь НАТО-гийн гишүүн Европын орнууд Америкийн зэвсгийг аль болох их хэмжээгээр худалдан авах явдал. Ийм учраас Европын Холбоо тусдаа арми байгуулах тухай санаа түүнд таалагдахгүй байх нь мэдээж гэж Хорватын Advance сонинд дүгнэн бичжээ.
Одоогийн байдлааар, НАТО-гийн зэвсэг техникийн 65 хувь нь АНУ-д үйлдвэрлэгдсэн бол европчууд өөрийн гэсэн армитай болсон тохиолдолд тус тивийн зэвсэг үйлдвэрлэгч концернуудын захиалга нэмэгдэх нь ойлгомжтой. Э.Макрон CNN агентлагт ярилцлага өгөхдөө өөрийн санааг улам тодотгож хэлэхдээ “АНУ болон бусад орнуудаас зэвсэг худалдан авахын тулд Европын орнууд батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлээсэй гэж би хүсэхгүй байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, европчуудын мөнгө америкчуудын халаасанд орох бус харин Европтоо үлдэх ёстой гэсэн санааг илэрхийлснийг Хорватын сонинд дурджээ. Франц бол зэвсгийн худалдаагаар Европ тивд нэгдүгээрт, дэлхийд 3 дугаарт ордог том улс бөгөөд Европын арми байгуулах тухай үг яриа нь зөвхөн үзэл санааны төдийгүй санхүүгийн ашиг сонирхлын зөрчилдөөн үүсгэж мэдэхээр асуудал юм.
Европын арми бол шинэ сэдэв биш
Э.Макрон мэдэгдэл хийхдээ “АНУ-аас өөрсдийгөө хамгаална” гэж хачир нэмсэн хэтрүүлэгтэй зүйл ярьснаас биш ер нь бол Европын арми гэдэг нь тус тивийн орнуудын дээд түвшний уулзалтуудын үеэр байсхийгээд яригддаг сэдэв юм. Одоогоор Макроны дэвшүүлсэн санааг Германы Канцлер А.Меркель, Европын Комиссын дарга Жан Клод Юнкер нар дэмжиж байгаа нь тодорхой болоод байна.
Сонирхолтой нь, дээрх санааг Оросын Ерөнхийлөгч В.Путин мөн дэмжжээ. “Европ бол эдийн засгийн хүчирхэг бүтэц, эдийн засгийн хүчирхэг холбоо учраас тус холбооны гишүүн орнууд аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт биеэ даасан байхыг хүсэх нь зүйн хэрэг. Олон туйлт дэлхий ертөнцийг бэхжүүлэх гэсэн үүднээс авч үзвэл энэ нь эерэг үйл явц мөн гэж бодож байна” хэмээн Оросын төрийн тэргүүн хэлээд, Европын арми байгуулах тухай санааг урьд нь Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак дэвшүүлж байсныг сануулан дурджээ.
АНУ болон ЕХ-ны хооронд бий болсон зөрчил ил гарч ирж буй энэ үед Европын арми байгуулах тухай санааг Орос улс дэмжсэнийг Туркийн Birgьn сонин онцлон дурдаад “дэлхийд ноёрхлоо тогтоохын төлөөх тэмцэл өрнөж буй энэ үед Герман, Францын удирдлага дор Европын арми байгуулах гэж буйг Москвагийн эрх баригчид дэмжсэн нь НАТО-гийн эвсэл дотор хагарал үүсгэх гэсэн тэдний санаархалтай холбоотой” гэж дүгнэжээ.
Нөгөөтэйгүүр, Макроны дэвшүүлсэн санааг Европын зарим улс дэмжихгүй байх магадлалтай. Батлан хамгаалах, аюулгүй байдлын тал дээр Америкийн дэмжлэгт тулгуурлах нь зүйтэй гэж үздэг улс орон Европын Холбоонд нэлээд хэд байдгаас Польш болон Эстони, Латви, Литва гэсэн Балтийн гурван орныг онцлон дурдаж болно. Тэдгээрээс гадна нутагтаа Америкийн агаарын довтолгооноос хамгаалах системийг байрлуулсан Румын улс бий. Түүнчлэн тун удахгүй ЕХ-ноос гарах гэж буй Их Британийг дурдах нь зүйтэй. Эдгээр улс Европын нэгдсэн арми байгуулах тухай санааг дэмжихгүй болов уу.
Дэлхийг дахин хуваахын төлөөх тэмцэл нь зэвсэглэлээр хөөцөлдөх, цэргийн шинэ эвслүүд байгуулах байдлаар илэрч буй энэ цаг үед аюулгүй байдлын салбар дахь хоёр санаачилга хамгийн ихээр анхаарал татаж байна гэж Туркийн сонинд бичжээ. Эхнийх нь, Европын Холбооны байгуулахыг хүсч буй PESCO буюу батлан хамгаалах, аюулгүй байдлын салбар дахь байнгын бүтэц зохион байгуулалт бүхий хамтын ажиллагаа, нөгөө нь, АНУ-ын зүгээс байгуулахыг эрмэлзэж буй Персийн булангийн орнуудын оролцоотой “Арабын НАТО” гэсэн хоёр бүтэц юм.
Батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаагаа илүү нягт болгож, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах зорилгоор ЕХ-ны гишүүн 23 улс дээрх PESCO гэдэг гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ гэрээнд Европын армийг байгуулах талаар дурдаагүй боловч оролцогч талууд ЕХ-ны батлан хамгаалахын нэгдсэн тогтолцоонд оруулах өөрсдийн хувь нэмрийг тодорхойлон үнэлсэн үндэсний хэмжээний төлөвлөгөөгөө боловсруулах ёстой. Харин ЕХ-ны зүгээс PESCO-д зориулан 2020 оноос эхлэн жил бүр 5 тэрбум евро гаргаж байх үүрэг хүлээжээ. Гэрээнд гарын үсэг зурсан улс орнууд батлан хамгаалахын төсвөө шат дараатай нэмэгдүүлж, хамтарсан төслүүдэд оролцох үүрэг хүлээсэн байна. Харин Их Британи, Дани, Мальт, Ирланд, Португал гэсэн 5 улс PESCO-д нэгдэхээс татгалзжээ.
Ер нь бол Европын армийг байгуулах тухай сэдэв нь бүр дэлхийн II дайны дараагаас л хөндөгдөж эхэлжээ. 1950 оны 8 дугаар сард Уинстон Черчилль Европын Зөвлөлийн Ассамблейн хурлын үеэр ийм санааг анх дэвшүүлж байв. “Европын ардчилалд захирагддаг Европын арми”-ийг байгуулахыг тэрбээр санал болгосон бөгөөд уг армийн бүрэлдэхүүнд Германы цэргийн анги нэгтгэлүүдийг оруулах боломжтойг дурдсан аж.
Гэвч Франц улс Германыг дахин зэвсэглэхийг эсэргүүцэж, “Плевений төлөвлөгөө” гэдгийг хариуд нь санал болгосон байна. Уг төлөвлөгөөнд Европын батлан хамгаалахын хамтын нийгэмлэг гэдгийг байгуулж, түүний гол бүрэлдэхүүн хэсэг нь нэгдсэн командлал, нэгдсэн төсөв бүхий Европын нэгдмэл арми байна гэж тусгажээ. Харин Герман улс өөрийн армитай байх ёсгүй бөгөөд тус улсын цөөн тооны цэргийн анги нэгтгэлүүд Нэгдсэн армийн бүрэлдэхүүнд орох ёстой байсан аж.
Харин одоо Европын Холбоо байгуулагдсанаас хойших Европын армитай холбоотой түүхийг товчхон сийрүүлвээс:
1992 онд батлагдсан Маастрихтийн гэрээнд Нэгдмэл гадаад бодлого ба нэгдмэл аюулгүй байдлын бодлогын хүрээнд Европын Холбооны хүлээх үүргийг тусгасан байна. Мөн онд 1000 цэргийн албан хаагч бүхий Еврокорпус байгуулагдсан бол 1995 онд 12 мянган хүний бүрэлдэхүүнтэй EUROFOR буюу Европын Шуурхай ажиллагааны хүчин бий болжээ. Харин 2012 онд уг хүчнийг татан буулгасан байна.
Косовогийн дайны дараа 1999 онд ЕХ-ны гишүүн орнууд Кёльн хотноо Дээд хэмжээний уулзалт хийж, Европын аюулгүй байдал, батлан хамгаалахын /European Security and Defence Policy, ESDP/ бодлогоо уялдуулан зохицуулах шийдвэр гаргажээ.  Мөн онд Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн албан тушаалыг бий болгосон бөгөөд түүнийг 2014 оноос хойш Фредерика Могерини хашиж байгаа билээ.
1999 онд Хельсинки хотод болсон бага хурлаас улс төр, цэргийн шинэ бүтцүүдийг болгох шийдвэр гаргасан ба энэ хүрээнд  Европын Шуурхай ажиллагааны хүчнийг /European Rapid Reaction Force/ 2003 онд 50-60 мянган хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах зорилт тавьж байв. Гэвч хожим нь эдгээр төлөвлөгөөг өөрчлөн боловсруулжээ. Тухайлбал, батальоны хэмжээний 1500-2500 хүний бүрэлдэхүүнтэй ЕХ-ны олон үндэстний байлдааны бүлгүүдийг байгуулах тухай шийдвэр гарч байсан гэх мэт.
2003 оноос эхлэн ЕХ хилийн чанадад цэргийн ажиллагаанууд явуулсан ба хамгийн эхнийх нь Македонид явуулсан “Concordia” энхийг сахиулах ажиллагаа байсан юм. Одоогийн байдлаар, Европын Холбоо нийтдээ 11 цэргийн, 1 цэрэг-иргэний ажиллагаа явуулаад байгаагаас Босни Герцеговин, Мали, ТАБНУ болон Сомалид 6 ажиллагаа үргэлжилж байна.
2004 онд ЕХ-ны шийдвэрээр Европын Батлан хамгаалахын агентлаг (European Defence Agency (EDA)) байгуулагдсан ба түүний үйл ажиллагаанд Даниас бусад бүх гишүүн орон оролцож байна.
Ажиглагчдын дүгнэлт  
Дэлхийн I дайн дуусч, Францын Компьен хотод гал зогсоох гэрээ байгуулсны 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний яг өмнө Э.Макрон шинээр арми байгуулах тухай ярьсан нь цагаа олоогүй үйлдэл гэдгийг ажиглагчид тэмдэглэж байна. Уг мэдэгдэл нь тэрбээр Европын Холбоон дотор улс төрийн манлайлагч болох гэсэн эрмэлзэлтэй байгаагийн нэг илрэл аж. Тус холбооны дотоодын эв нэгдэлд ан цав үүсч магадгүй байгаа, А.Меркель Канцлерын тушаалаас буух нь тодорхой болсон, Германы шинэ удирдагчаар хэн сонгогдох нь тодорхойгүй байгаа энэ үед Э.Макрон үүссэн хоосон орон зайг эзэгнэхийг эрмэлзэж байгааг ажиглагчид дурдаж байна. Тэрбээр зорилгодоо хүрэхийн тулд ойрын үед Европын Холбоог шинэчлэх талаар дахиад хэд хэдэн шинэ санаачилга дэвшүүлж магадгүй байгаа юм.
Б.Адъяахүү  
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих