У.Хүрэлсүхийн ослын буулт
Яг үнэнийг хэлэхэд, У.Хүрэлсүх шиг олны хүлээлт дунд Монгол Улсын Ерөнхий сайд, намын дарга болсон улстөрч ардчиллын он жилүүдэд тунчиг цөөхөн төрсөн.
У.Хүрэлсүх Засгийн газрын Шадар сайдаар ажиллаж, Ерөнхий сайдтайгаа муудалцаж, эцэстээ “өөрийгөө тагнасан” хэргээр шүүхэд дуудагдах дөхсөн үедээ Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болж байлаа. Энэ бол 2017 оны аравдугаар сарын 4-ний өдөр. Одоогоос жилийн өмнө гэсэн үг. Түүнээс 50 хоногийн дараа У.Хүрэлсүх МАН-ын 15 дахь дарга болсон.
Тэрээр Ерөнхий сайд, МАН-ын дарга болохдоо ямар ч улстөрчийн хүсээд хүрдэггүй “супер рейтинг”-тэй болоод байв. Яагаад гэвэл, Монголын ард түмэн ч, МАН-ынхан ч шударга шулуухан удирдагчийг хүсэж байв. Өөрөөр хэлбэл, өнөөдөр л ЖДҮХС-гийн хөрөнгийн хуваарилалт зэрэг муу муухайг нүдээрээ харж, чихээрээ сонсоод “дэлбэрч” байгаа болохоос нийгмийн шударга ёсны хүсэмжлэл дээд цэгтээ тулж байсан үе юм.
У.Хүрэлсүх ч “гэрийн даалгавар”-аа сайн хийчихсэн олны өмнө гарч ирсэн.
2017 оны есдүгээр сарын 28-д Байнгын хорооны хурал дээр “…Багш, эмч нарын цалинг нэмэхгүй. Тийм боломж байхгүй” гэсэн эрс үг, 2017 оны аравдугаар сарын 4-нд УИХ-ын нэгдсэн чуулган дээр “…Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуульд захирагдах болно. Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна.Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна. Монгол Улс мандан бадарч,Монгол төр мөнхөд оршиг. Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн галтай цогтой мэдэгдэл зэрэг нь түүнийг сонсож суусан ард түмний загатнасан газар нь маажсан юм.
У.Хүрэлсүх ингэж өмссөн “давхар дээл”-тэйгээ бүтэн жил ажиллажээ. Үнэмлэхүй бяраар засгийг ч, намыг ч удирдсан нэг жил өнгөрөв.
Харамсалтай нь яг жилийн дараах энэ өдрүүдэд УИХ нэр хүндээ алдчихсан, Засгийн газар нь дээсэн дөрөөн дээр, МАН нь тарж бутарсан, ер нь бол Монголын улс төрд улаан гэрэл асчихаад байна.
Хэд хоногийн өмнө ЖДҮХС-гийн 65 тэрбум /яг үнэн тоо нь 100 тэрбумаас хол давна/ төгрөгийг МАН-ын 64 гишүүн хуваагаад цохчихсон нь ил болсон. УИХ-ын, МАН-ын тэрбумтан гишүүд голдуу энэ мөнгийг зээл болгон хувааж авсан нь олон нийтийн “шударга ёсны хүсэмжлэл”-ийг уур хилэн болгож хөдөлгөж орхисон юм.
Нийгмийн дуу хоолой, үзэл бодол эрх баригчдыг шүүмжлэх, бүр үзэн ядах хэмжээнд очиж, нөгөөдүүл нь цахим сүлжээг хэт задгай байна гэж гомдоллов.
Монголын улс төр, нийгэм нэгэнт ийм байдалд орсон тул эрх баригчид намдаа, төр институциудад зарим өөрчлөлтийг хийхээс аргагүй байдалд оров.
Ингээд уржигдар /2018.11.12/ эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Энэ хурлын өмнө “…Нийгмийг бухимдуулаад байгаа жижиг дундын зээлтэй нөхөдтэйгөө хариуцлага тооцохоор Бага хурлаа зарлах гэж байна” гэсэн мессэж тараад байлаа.
Гэвч яг хурал нь болоход У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсээ биш УИХ-ын дарга М.Энхболд, түүний фракцынх гэгддэг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга Су.Батболд нарыг огцруулах тухай саналыг гаргаж, Удирдах зөвлөл нь хэлэлцээд явчхав.
Гэвч УИХ-ын тухай хуульд УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах үндэслэлийг тодорхой заагаад өгчихсөн байдаг байна.
УИХ-ын дарга нас барсан, өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргавал, хүнд өвчний улмаас, Үндсэн хуулийн цэц огцруулах үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан бол, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс тогтоогдсон бол өөр хэн нэгнийг оронд нь сонгож болох юм байна. Түүнээс биш М.Энхболд нь У.Хүрэлсүхийн хамгийн том дайсан байгаад, 60 тэрбумын ярианд оролцсон нь огцруулах шалтгаан болохгүй гэсэн үг.
Харин нөгөө хоёрыг нь бол Удирдах зөвлөл нь ч, УИХ дахь намын бүлэг нь ч огцруулъя гээд шийдчихлээ.
Хоёр биеэ огцруулахаар ил тэмцэлдэж байгаа У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа хоёрын хэн нь илүү алдах юмтай вэ гэдэг бас сонин асуудал. У.Хүрэлсүх бол Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга хүн. Харин Д.Хаянхярваа бол УИХ дахь намын бүлгийн дарга. Ерөнхий сайд, намын даргын албан тушаалын дэргэд бол жул албан тушаал юм. Ингэхээр хамаг юмнаасаа хагацвал “…Хайран юм” болох нь У.Хүрэлсүх гэсэн үг.
Гэхдээ л ЖДҮХС-гаас зээл “авсан” гишүүдийн талаар шийдвэр гаргаагүйд ард түмэн ч, МАН-ын жирийн гишүүд нь ч таагүй хандаж байна. Ер нь бол МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар албан ёсоор л хэлэлцээгүй болохоос ярилцсан байна.
Энэ асуудалд нэр холбогдсон хүмүүстэй хариуцлага тооцох ёстой гэж намын ахмад гишүүд нь дуугарч, нөгөөдүүл нь ажлаа өгөх тухай ч ам тангараг өгсөн байна.
Ямартай ч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишүүний бүрэн эрхээсээ татгалзана гэдгээ Удирдах зөвлөлдөө хэлжээ.
Нөгөө талаар У.Хүрэлсүх дээрх гурван албан тушаалтныг огцруулах санал гаргасан нь “нуман тулгуур”-аас гарах гэсэн оролдлого төдий юм. Харин ч өөртөө, засагтаа маш халгаатай дайснуудыг бий болгож, ил тэмцэлдэх суурийг тавьж өгсөн хэрэг.
Д.Хаянхярваа ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаана гэж хорсолтойгоор хэлж байгаад, УИХ-ын гишүүнийхээ бланк дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах сонирхол дээр МАН-ынхан ч, АН-ынхан ч нэгдэнэ. УИХ-ын даргад өргөн барих 19 гишүүн бол гэрлийн хурдаар цуглана. Ингэхээр огцруулаад эхэлсэн Д.Хаянхярваа, Су.Батболд хоёроосоо өмнө У.Хүрэлсүх Засгийн газартайгаа онхолдчихож мэдэхээр болоод байна.
Тэгээд дараа нь МАН-ын даргаасаа мултарна. Шуудхан хэлэхэд яг одоо У.Хүрэлсүх үү, М.Энхболд уу гэдэг намын, төрийн эрх мэдлийг гартаа атгацгаасан талуудын том тулаан үргэлжилж байна.
Одоо бол У.Хүрэлсүхийг огцроход харамсаад, халаглаад байх хүн тийм ч олон гарахгүй болов уу. Энэ хүн өөрөө өнгөрсөн нэг жилийн хугацаанд олны хүлээлтийг бусниулсан юм. Олон нийт У.Хүрэлсүхийг шударга ёс тогтоохоор амиа хайрлахгүй тэмцэнэ гэж итгэсэн. Гэвч Ерөнхий сайдын тамгыг, МАН-ын даргын сэнтийтэй авснаасаа хойш хэснээсээ буцаж, амласнаасаа ухарсан. Хамгийн харамсалтай нь У.Хүрэлсүхийн хийж байгаа, хэлж байгаа нь У.Хүрэлсүхийнх биш байсаар өнөөдрийг хүрсэн юм. Энэ 365 хоногийн хооронд хамелеон шиг хэчнээн ч дүр үзүүлэв дээ.
Нэг харахад Ерөнхийлөгч Х.Баттулгатай, дахиад харахад УИХ-ын дарга М.Энхболдтой тэврэлдчихсэн, мөрөө алгадаад явж байдаг юм. Өнөөдөр бүр “Босоо хөх”-ийнхэнтэй тэврэлдээд зураг авхуулчихсан байна. Хамтарч тэмцэнэ л гэнэ.
Энэ хэрээр У.Хүрэлсүхийн үг, үйлдэл нь олон хувирч, тэр хэрээр У.Хүрэлсүхийн бодол, бодлого бүдгэрч байгаа хэрэг. Ер нь бол У.Хүрэлсүх ямар нэгэн хөдөлгөөн хийлээ гэхэд түүнийх нь ард хэн нэгэн “зөвлөгч” байдаг гэдэг юм. Энэ оргүй яриа биш байж мэднэ.
Уржигдар болсон Удирдах зөвлөлийн хурлаар гаргасан саналыг ч өмнөх өдөр нь огт төлөвлөөгүй байсан. Өглөө нь МАН-ын гишүүд мэдэж, бие биедээ тараахад Д.Хаянхярваа олж мэдээд яаралтай хэвлэлийн бага хурал зарласан гэж байгаа.
Удирдах зөвлөлийн хурлын урд орой өрөөнд нь хоёр хашир гишүүн ороод гарсны дараа Ерөнхий сайд ийм шийдвэр гаргасан байгаа юм. Удирдах зөвлөлийн хурал ч тэдний сценараар явагдсан гэж болно. Яг одоогийн байдлаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх уржигдрын явдалдаа тунчиг сэтгэл хангалуун сууж байна. Тэр ялж яваа мэт байгаа юм. Гэхдээ энэ маш том дайны дөнгөж эхлэл нь гэдгийг тэр олж харж байгаа эсэх нь бүү мэд.
Дахиад хэлэхэд, энэ явсаар огцруулаад эхэлсэн хүмүүсээсээ түрүүлээд “явчихаж” мэдэхээр болоод байгаа юм.
Юу гэвэл Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮХ-гаас зээл авсан нөхдийг яагаад хамгаалж үлдсэн нь маш ойлгомжгүй байгаа. Олон нийт ч дургүй байна.
Гэхдээ бас ойлгомжтой байж мэдэхээр мэдээлэл тарж байна. Засгийн газарт нь саяхан орсон нэг сайд гэхэд У.Хүрэлсүхтэй хамаатайгийн цаагуур хамаатай нөхөр байх жишээтэй.
Нөгөө талаас У.Хүрэлсүх “жижиг дундын зээлдэгчид”-тэйгээ шулуухан, шуудхан хариуцлага ярьж чадахгүй байх шалтгаан байж мэдэх юм. Энэ сангийн хөрөнгийг “алтан загас” шиг тараасан Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэхгүйгээр авч үлдэх улс төрийн шийдвэрийг МАН-ын даргын хувьд У.Хүрэлсүх голлож гаргасан. У.Хүрэлсүх ингэхээс ч аргагүй. Учир нь Б.Батзориг түүний зөвшөөрөлгүйгээр “алтан загас” болох боломжгүй.
Ер нь бол У.Хүрэлсүх яаж ийгээд ямар нэг том мөнгөний араас гараад ирдэг. Холбогдчихсон л байдаг.
Арав гаруй жилийн өмнөх Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэгт мань эр орооцолдсон. Энэ хэргээс болж Ц.Чимэдцэрэн гэдэг залуу шоронд орсон. Харин түүнтэй хамт Солонгосын казинод тоглосон гэх У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар улс төрийн карьераа үргэлжлүүлэн “наранд” үлдсэн юм. Дараа нь Ерөнхий сайд болсныхоо дараахан УИХ-ын чуулганы танхимд Ж.Мөнхбаттай хэрэлдсэн. Тэр үеэр Ж.Мөнхбатыг “…Нүүрсний хулгайч” гэхэд нөгөөх нь “…Чи ч гэсэн намын мөнгө хулгайлаагүй юу” гэсэн хариу барьсан. Ж.Мөнхбат Тусгаар тогтнолын ордныг барьсан үеийн асуудал ярьсан бололтой гэж намынхан нь ярьцгаасан. Энэ хэрүүлийн дараа У.Хүрэлсүх Ж.Мөнхбатаас уучлалт гуйж байв. Хамгийн сүүлийнх нь энэ ЖДҮХС болж таарна.
Ийн бүтэн нэг жил Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга болж, үнэмлэхүй бүрэн эрхтэй “бүдүүн дарга”-ын ажил хийсэн У.Хүрэлсүх ослын буулт хийлээ.
Газарт эсэн мэнд бууж болно, эсвэл баларна. Яг одоо бол мань эр өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу хийснээ, яагаад ийм болсноо бодох завгүй “чөлөөт уналт” хийж байна. Улстөрчдийн ярьдгаар тэнгэр нь хаяагүй бол төлөвлөснөөрөө хийж чадна. Тэнгэр нь хаячихсан бол “…Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар 2017-2018 онд ажиллаж байв” гэсэн нэг сайхан хөрөг зураг Төрийн ордны хонгилд өлгөгдөх болно.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: