Өвдсөн хүүхдүүд энэ өвлийг дахиад л коридорт өнгөрүүлэх үү?
Намрын сүүл сар шувтрах тийшээ орж, өвлийн эхэн сар дөнгөж гарах гэж байхад хүүхдүүдийн ханиад томуу хүндэрч, хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрлээ.
Ихэнх дүүргийн эмнэлгүүдийн тасаг, орны хүрэлцээ дуусаж, коридорт заримыг нь хэвтүүлэн эмчилж байна. Тухайлбал, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн эмнэлгүүд оройдоо халуурсан, бөөлжсөн, хоолой нь боогдчих шахсан хүүхдүүдээр дүүрч, чадах чинээгээрээ коридорт газраар гудас зулаад ч болов эмчилж байгаа тухай ээжүүд мэдээлэх болов. ЭХЭМҮТ-д мөн адил байдал хүндхэн байна.
Хүүхдийн эмнэлгүүдэд өнөөдөр нэг хүүхэд гарлаа гэвэл коридорт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд тасаг руу шилжих боломжтой болно. Ачаалал их байгаа тул өвчнийг нь бүрэн эдгээлгүй, хөнгөн болгоод л гаргаж байна. Гэтэл эмнэлгээс гарсан хүүхэд хүндрээд эргэн ирж, нялхаасаа эм тариагаар бөмбөгдүүлсээр байна. Эмнэлгийн стандарт ийнхүү хэрэгжиж чадахгүйгээс болж өвдсөн хүүхдүүд өөр хүүхдүүдийн өөр өөр вирус, өвчнийг халдаад улам хүндрэх тохиолдол ч цөөнгүй байгаа.
Энэ бүгдэд хэнийг буруутгах вэ? Хүүхдээ арчилж тордож чадаагүй аав ээжүүдийг үү, чадах ядахаараа эмчилж байгаа эмч нарыг уу, эсвэл “Монголын үрс маш олон болтугай” гэчихээд цэцэрлэг, эмнэлэг нэмж барих үүргээ мартчихсан төр засгийг уу?
Үнэндээ хүйтэн сэрүүний улиралд утаа тортог ихэсч, хүүхдүүд битгий хэл томчууд ч урт амьсгаа авах боломжгүй байдалтай байна. Энэ үед вирусын дэгдэлт нэмэгдэж, хүүхдүүдээ мянга тусгаарлаж, урьдчилан сэргийлээд ч олигтой үр дүнд хүрэхгүй байгаа юм.
Гэтэл утаа униар ихэсдэг, хүйтний улиралд хүүхдийн эмнэлгийн ачаалал нэмэгддэгийг мэдсээр байж яагаад эмнэлэг нэмж барихгүй байна вэ. Энэ жилийн хувьд Баянгол дүүргээс бусад дүүрэгт улсын хүүхдийн эмнэлэгтэй боллоо гэсэн мэдээлэл лав гарсангүй.
Хэдхэн жилийн өмнө хүүхдүүдээ Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэг рүү хэвтүүлдэг байсан Баянгол дүүрэг өдгөө хоёрын хоёр хүүхдийн эмнэлэгтэй болчихоод өвөлдөө ямар ч байсан алзахгүй гээд сууж байна.
Харин бусад дүүрэг эмнэлэг барих байтугай тасаг, орныхоо тоог ч нэмэгдүүлж чадаагүй энэ өвлийг угтсан биз.
Тиймээс төр засгийнханд хэлэхэд өвдсөн хүүхдүүд энэ өвөл дахиад л коридорт эмчлүүлэх үү. Энэ асуудалд анхаарал тавихыг У.Хүрэлсүхийн Засгийн газарт сануулж байна.
Erennews.mn
URL: