2.8 голч оноо оюутны зээлийг чөдөрлөжээ
Өдгөө улсын хэмжээнд 97 их, дээд сургуульд 190 гаруй мянган оюутан сурч байна. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад сургуулийн тоо бараг 50 хувиар буурсан нь энэ. Эдгээр сургуулийн төлбөр мэдээж харилцан адилгүй. Улсын сургуулиудынх бол жилийн төлбөр хамгийн багадаа хоёр сая төгрөг. Тэгээд дээшээ дөрөв, таван сая гээд нэмэгдэнэ. Хувийн сургуулиудын тухайд арай бага буюу ихэнх нь хоёр сая дотроо багтсан төлбөртэй. Гэхдээ л энэ бол их мөнгө. Дөрвөн жил суралцаад төгсөхийн тулд хамгийн багадаа найман сая төгрөг зөвхөн сургалтын төлбөрт зарцуулах нь. Дундаж давхарга улам бүр нимгэрч, ядуусын арми хүрээгээ тэлсээр буй өнөөгийн нөхцөлд энэ хэрийн мөнгийг бэлэн төлөөд хүүхдээ сургачих аав, ээж тийм ч олон биш. Тиймээс улс тэдэнд сургалтын зээл олгодог болоод олон жилийг үдэж байна. Өмнө нь энэ зээл жилийн таван хувийн хүүтэй, барьцаа хөрөнгө шаарддаг, банкаар дамждаг гээд явдал чирэгдэл их байв.
Олон оюутан банкны шаардлага хангаж чадахгүйн улмаас зээлийн гадна үлдсэн байдаг. Тиймээс салбарын яамны зүгээс энэ хичээлийн жилд зээлийн шалгуурыг эрс зөөлрүүлсэн юм. Одоо оюутны сургалтын зээл хүүгүй болсон. Мөн барьцаа хөрөнгө шаарддаггүй, шууд Боловсролын зээлийн сангаар дамжина гээд улам л амар болжээ. Гэсэн ч байдал дээрддэггүй ээ. Улсаас олгосон сайхан боломжийг шүүрээд авах оюутан тун цөөн хэвээр. Үүний шалтгаан нь зээл авахыг хүссэн оюутан 2.8 голч дүнтэй байх гэсэн шалгуур болоод байгаа аж. Уг нь 4.0 голч дүнгээс 2.8-ыг авна гэдэг тийм ч хэцүү даалгавар биш. Өмнөх үнэлгээгээр бол 71-тэй С аваад явахад 2.8 гэсэн голч дүндээ хүрчихнэ. Гэвч наад захын энэ шаардлагыг хангах нь цөөн байгаагаас өнөөгийн оюутнуудын сурлагын түвшин ямар их муудсаныг харж болох байх. 2.8 голч оноог авахад хэр хэцүү байдаг талаар оюутнуудаас асууж үзлээ. МУИС-ийн 3 дугаар дамжааны оюутан д “Тийм ч хэцүү биш шүү дээ.
Манай ангийнхан гэхэд 3.2-оос доош голчтой болчихвол тэрийгээ голоод, дүнгээсээ ичдэг. Үнэнийг хэлэхэд хичээлдээ бараг суудаггүй, тааруухан хүүхдүүд л ийм дүн авч байгаа” гэв. Энэ жил БСШУСЯ-наас оюутны сургалтын зээлд зориулан 75 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл үүний 10.3 тэрбумыг л олгосон болохыг албаны хүмүүс хэлэв. Үндсэндээ нийт олгох ёстой зээлийн 13 хувь нь л эзэндээ очжээ. Үлдсэн 87 хувь буюу 65 тэрбум нь эзнээ хүлээн хэвтсээр байна. Оюутнууд зээл авахааргүй хэмжээнд хүртлээ баяжсан болохоор урт хугацаатай, хүүгүй зээлийг тоохгүй байгаа хэрэг үү. Үгүй л болов уу. харин 2.8 гэдэг голч оноо л тэдэнд чөдөр тушаа болсон гэхэд буруудахгүй байх. Нэгэнт энэ босгыг давж чадахгүй бол ББСБ зэрэг өөр байгууллагаас өндөр хүүтэй зээл авахаас аргагүйд хүрнэ. Эсвэл эмээ, өвөөгийнхөө тэтгэврийн зээлийг ашиглана гэсэн үг.
• Голч оноогоо буулгавал сайн мэргэжилтэн бэлдэх үндсэн зарчим алдагдана.
• Оюутнууд зээл авахааргүй хэмжээнд хүртлээ баяжсан болохоор урт хугацаатай, хүүгүй зээлийг тоохгүй байгаа хэрэг үү. Үгүй л болов уу.
• 70 хувиар С дүнгээ авчихаж чадахгүй бол оюутан гэж яваад ч яах билээ
“Бид сурлагынх нь оноо хүрч л байвал зээл өгөөд байгаа. Гэвч зээлийн зарцуулалт санасан хэмжээнд хүрэхгүй байна. Иргэдийн зүгээс голч дүнгээ буулгаж өгөөч гэсэн хүсэлт их ирдэг. Хэрэв голчоо буулгачихвал өрсөлдөх чадвартай сайн мэргэжилтэн бэлдэнэ гэсэн үндсэн зарчим алдагдах гээд байна. Уг нь 2.8 тийм ч өндөр голч дүн биш шүү дээ. Үнэхээр амьдралын боломж муутай хэрнээ сурах хүсэлтэй хүүхдэд бол голч оноо түлхэц болох учиртай. Би зээлээ авахын тулд хичээлдээ шамдах ёстой гэсэн эрмэлзэлтэй болно шүү дээ. Нөгөө талаар залуус мэдээлэл муутай байна. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд суралцдаг, голч оноондоо хүрсэн, шаардлагатай кредитээ цуглуулсан хэн боловч энэ зээлийг авч болно гэдгийг мэдэхгүй хүн олон байна” хэмээн БСШУСЯ-ны харъяа Боловсролын зээлийн сангийн захирал М.Ариунжаргал ярив. Уг нь оюутан залуус гэдэг технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, олон төрлийн сувгаар мэдээлэл авдаг, мэдлэг боловсрол сайтай хүмүүс. Гэвч энэ зэргийн мэдээлэлгүй байна гэдэг харамсалтай.
Тэр ч байтугай хөдөөгийн их сургуулийн нэгэн оюутан бусдадаа оюутны зээл олгож өгнө гээд 50 мянган төгрөг хураасан асуудал хүртэл гарчээ. Шалгуурыг нь л хангаж байвал өөрсдөө материалаа бэлдэж өгөөд л асуудалгүй авчих зүйл шүү дээ. Гэтэл үүнийг нь мэдэхгүйгээс болоод олон хүн 50 мянган төгрөгөө хураалгасан байсан гэнэ. Нэгэнт зээл авах оюутны тоо бага байгаа болохоор холбогдох албаныхан шалгуур үзүүлэлтийг улам багасгасаар байгаа аж. Өмнө нь зөвхөн бакалавраар сурдаг хүмүүст зээл өгдөг байсан бол энэ хичээлийн жилээс магистр, докторын сургалтынхан ч хамрагдах боломж бүрджээ. Түүнчлэн “…зөвхөн магадлан итгэмжлэгдсэн сургуульд орсон тохиолдолд” гэсэн заалт чөдөр тушаа болж байна гэж үзээд авч хаяхаар ярилцаж байгаа аж. Хэрэв ингэвэл сургалтын зээл авах хүний тоо эрс нэмэгдэх боломжтой. Уг нь энэ зээлийг авсан хүн сургуулиа төгссөнөөс хойш таван жилийн дотор төлж барагдуулах ёстой. Сард 160 орчим мянгыг төлөөд байхад дээрх хугацаанд төлж дуусгах боломжтой юм байна. Нэг ёсондоо ховорхон олдох алтан боломж.
Гэтэл 70-аар С дүн аваад энэ шалгуурт нь тэнцчих оюутан дэндүү цөөхөн байгааг юу гэж ойлгох вэ. “Сургалтын зээлийг буцалтгүй тусламжаар олгох заалт бий. Бүтэн өнчин юм уу хөгжлийн бэрхшээлтэй хүнд л энэ тусламжийг олгох ёстой. Гэтэл хүмүүс эргэж төлдөггүй ийм зээлийг л авах гээд хошуураад байдаг. УИХ-ын нэг гишүүнээс гэхэд “Энэ хүүхдийн төлбөрийг буцалтгүй тусламжаар олгох асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт хорь, гучаараа ирдэг. Бүр 1.8 голч оноотой, элэг бүтэн, эрүүл саруул хүүхдийг хүртэл буцалтгүй тусламжид хамруулж өгөөч гэж дарга нар ханддаг. Бид тухай бүрт нь боломжгүй гэдгийг тайлбарлаад буцааж байгаа” хэмээн М.Ариунжаргал ярьсан юм. Улс сайхан боломж олгоод байхад ашиглаж чадахгүй, тэгсэн атлаа хэн нэг даргаар яриулаад буцалтгүй тусламжид хамрагдчих санаатай оюутан олон болсныг дээрх баримт гэрчилж байна. Ийм боломжийг ашиглаж чадахгүй, 70 хувиар С дүнгээ авчихаж чадахгүй бол оюутан гэж яваад ч яах билээ. Үүний оронд амьдралд хэрэгтэй өөр мэргэжил эзэмших талаар эртнээс бодож байвал таарна. Журамд заасны дагуу тухайн оюутан шаардлагатай кредитээ цуглуулсны дараа зээлээр авах сургалтын төлбөр нь сургуулийн дансанд шилжиж ордог аж.
Гэтэл сургуулиуд оюутнуудыг эхлээд төлбөрөө төл, тэгэхгүй бол сургахгүй гэж дарамтлах нь бий. Тиймээс оюутнууд сургуульдаа суухын тулд нөгөө мөнгийг нь хаа нэгтэйгээс зээлэх тохиолдол их гардаг байна. Энэ нь оюутны зээл бага байгаагийн нэг шалтгаан болжээ. “Бид хүүхдүүдийг төлбөрийн дарамтгүй сургах гэж хичээж байхад сургуулиуд эхлээд заавал төлбөрөө төл гэж шахдаг. Кредитээ сонгоогүй байхад нь төлбөрөө нэхдэг байдлыг цэгцлэх ёстой. Миний бодлоор сургуулиар дамжилгүй шууд манайхаас өгвөл оюутны зээлийн хэмжээ нэмэгдэх боломжтой. Сургууль дунд нь ороод ирэхээр янз бүрийн мөнгө нэхдэг, төлбөрөө түрүүлж авах гэх мэт асуудал үүсдэг. Ирэх долоо хоногт энэ асуудлаар сайд, сургуулийн удирдлагууд болон манайх хамтран уулзалт зохион байгуулах гэж байна” хэмээн Боловсролын зээлийн сангийн захирал М.Ариунжаргал нэмж тайлбарлалаа. Бид төр засгийг тааруухан ажиллаж байна, идэж уулаа гэж шүүмжилдэг. гэхдээ бүгдийг харлуулалгүй, оюутнуудад боломж олгосон энэ мэт шийдвэрийг нь дэмжих хэрэгтэй. Гэвч Монголын боловсролын түвшин нэлэнхүйдээ муу байгаа нь өнөөх сайхан хөтөлбөр тааруухан үр дүнтэй хэрэгжих үндэс болов. 70 хувийн босгонд нийтээрээ бүдэрч байгаа оюутнууд төгсөөд юу хийж гийгүүлэх юм бол.
Г.Баярсайхан
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Дээд боловсрол Монгол үнэхээр баларсан шүү. Оюутнуудын үсрээд 10-15% нь гайгүй сурч байгаа, бусад нь зүгээр л хоосон толгойнууд. Боловсролын Яам бүх оюутнуудыг хялбар тестээр нэг шалгаад үзээсэй билээ.