Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн дэлхийн хандлага буюу Монголд “тайзаа” хэрхэн засах вэ
Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт хувийн бичиг баримт хөөцөлдөхөөр очоод сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггийн хэргийн зангилаа дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа ч ээдрээтэй хэвээр байна. Сэтгүүлчийг золгүй байдлаар амиа алдсан зэргээр халхлахыг оролдсон ч консулын газарт ирэхэд нь Саудын Арабаас илгээсэн алуурчдын баг амийг нь хөнөөж, цогцсыг нь мөчлөн авч явсныг бичлэг гэрчилж байгаа. Бичлэгнээс сэтгүүлчийн дуу хоолой, араб хэлээр ярих бусад хүмүүсийн хоолойг сонсож болно. Бас түүнийг хэрхэн байцааж, тамлаж, эцэст нь алсныг бичлэг гэрчилж байна гэж The Washington Post сонинд бичжээ.
Жамал Хашогги нь Саудын Арабын элит хэсгийнхэнтэй ойр ажилладаг, сүүлийн жил гаруй хугацаанд угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманы бодлогыг хүчтэй шүүмжилснээс болж эх орондоо амьдрах боломжгүй болж, өнгөрсөн онд Саудын Арабаас дүрвэж байж. Сүүлийн мэдээллээс үзвэл сэтгүүлчийн амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор Туркийн тал 18 хүнийг баривчилж, 3.500 цагийн бичлэг сонсож шалган, 750 хүнээс бүрдсэн багийг хэрэг дээр томилон ажиллуулж байгаа аж. Энэ мэтээр сэтгүүлчийн амиа алдсан хэргийн учир зангилаа тодорсоор байгаа юм.
Мөн The Arizona Republic сонины эрэн сурвалжлах сэтгүүлч Дон Боллес 1976 онд Аризонагийн улстөрчидтэй холбоотой мафийн хэргийг илчлэх гэж яваад амь үрэгдсэн зэргээр эрх баригчдын бодлогыг шүүмжилж, илчилснийхээ төлөө амь насаараа хохирсон сэтгүүлчид олон бий. Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын мэдээлснээр 2017 онд 55, энэ онд 56 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амиа алджээ. Хохирогчид голдуу дайнтай бүс нутагт ажиллаж буй, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэгч шүгэл үлээгчид болсон эрэн сурвалжлах сэтгүүлчид байсныг тайланд дурджээ.Тэгвэл Монголд ч гэсэн сэтгүүлчид эрх мэдэлтнийг шүүмжилж шүгэл үлээснийхээ төлөө учир битүүлгээр амиа алдсан, хууль хяналтын байгууллагаар шийтгүүлсэн, байцаагдсан жишээ цөөнгүй бий.
Олон нийтийн эрх ашгийг хөндөж буй “жижиг” сэдвүүдийн араас редакциуд нэгдээд, үр дүнд хүртэл сурвалжлах нь чухал
Дээрхийг дурдсаны учир нь дэлхий нийтэд үр дүн, нөлөөтэйгээр өргөн хүрээнд хөгжиж, хүчирхэгжиж байгаа ч эргээд эрсдэл дагуулж буй Эрэн сурвалжлах сэтгүүлзүй Монголд хэрхэн хөгжих вэ. Шүгэл үлээх сэтгүүлзүй манайд хэрхэн хөгжих, боломж бололцоо хэр байгаа талаар Монголын хэвлэл мэдээллийнхэн эрэн сурвалжлах чиглэлийн нэр хүндтэй олон улсын сэтгүүлчидтэй нэг дор суугаад хоёр жил дараалан, 2-3 өдөр дамнан ярилцлаа. Энэ үеэр багагүй туршлага, мэдлэг хуримтлуулж, алдаа оноогоо дэнсэлсэн гэж олзуурхаж байв.
Саяхан аравдугаар сарын дундуур Монголын хэвлэлийн хүрээлэн, Германы Дойче Велле Академи, МҮОНРТ, Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төвүүд хамтран зохион байгуулсан “Investigative Journalism Dialogue” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурал дээр эрэн сурвалжлах сэтгүүлзүй дэлхий нийтэд ямар үүрэг гүйцэтгэж, энэ чиглэлийн сэтгүүлчид нь хэрхэн ажилладаг. Тэр дундаа Монголын нийгэмд бугшсан хууль бус бүхнийг илчлэх, шүүмжлэх эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хэрхэн хөгжих талаар ярилцав. Гадаад, дотоодын сэтгүүлч, нэр хүндтэй судлаачид шинэ арга барил, туршлагаа солилцож, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн арга барилыг түгээсний зэрэгцээ Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүй “тайзаа” засч байгааг онцолж, харин үр дүнтэй хөгжүүлэхийн тулд Монголын хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн ойлголт, хамтын ажиллагаа ямар байх талаар зөвлөлдсөн юм. Энэ үеэр олон улсад нэр хүндтэй эрэн сурвалжлахаар мэргэшсэн сэтгүүлчид өөрсдийн туршлага, цаашдын чиг хандлагаа онол практикийн түвшинд ярьсан бол манай сэтгүүлчид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцлог, Монголд эрэн сурвалжлага хийх боломж бэрхшээл, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлсэн гэж хэлж болно.
Манай улсын Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн өнөөгийн нөхцөл, бодит байдлыг хэвлэл мэдээллийн 40 байгууллагаас авсан судалгааны дүнгээр харуулав. Өөрөөр хэлбэл, 40 байгууллагын 38 редакци эрэн сурвалжлах чиглэлээр дагнасан редакци байдаггүй гэж хариулсныг хуралд оролцогчдын илтгэлд дурдлаа. Эрэн сурвалжлах сэтгүүлзүй сайтар хөгжиж чадахгүй, чөдөр тушаа болж буйн шалтгааныг сэтгүүлчдийн ажлын ачаалал, цалин мөнгөтэй холбоотой. Мөн улс төрийн хараат байдал, эрэн сурвалжлах арга хэрэгсэл, мэдээлэл дутмаг гэж үзэж байлаа.
Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдээ мэргэшүүлж хүчтэй редакци бий болгох, эрхзүйн орчноо сайжруулах, сэтгүүлчид олон талын тэр дунд гадны эх сурвалжтай харилцах нь гол шалгуур болж буйг гадаадын сэтгүүлчид жишээ баримт татан тайлбарлаж байна. Гэхдээ хамгийн гол нь сэтгүүлчийн хүсэл эрмэлзлэл учраас сэтгүүлчдийг хөгжүүлж, мэргэшүүлэх нь дэлхий нийтийн чиг хандлага болж байгаа аж.Түүнчлэн эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэхийн тулд нэг редакци, сэтгүүлч дангаараа биш нийлээд нэг сэдвийн араас эцсийг нь хүртэл сурвалжилж, нийтэлж байж үр дүнд хүрнэ. Олон улсад ч хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нэгдээд нэг сэдвийн араас явдаг шинэ хандлага бий болжээ.
Тэр дундаа Монгол Улсын хувьд эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэхийн тулд заавал авлига авсан, идсэн уусан гэх “том” хэрэг гэж ойлгохоос илүү олон нийтийн эрх ашгийг хөндөж буй “жижиг” сэдвүүдийн араас редакциуд нэгдэж нийлээд хамгийн гол нь шийдвэр гаргах түвшинд үр дүнд хүртэл нь сурвалжлах нь чухал байгаад форумд оролцогчид санал нэгдсэн юм. Тиймээс хуралд оролцогчдын тодорхойлсноор эрэн сурвалжлах сэтгүүлзүйн олон улсын сүлжээ, байгууллагууд Монголд бий болсон нь энэ чиглэлийг хөгжүүлэх “тайз”-ыг амжилттай заслаа. Харин хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нь эрэн сурвалжлах сэтгүүлзүйг зөв мэдлэг ойлголтоор хөгжүүлэхийн тулд нийгмийн салаа мөчир бүхэнд байгаа хууль бус асуудлыг илчлэх, хамгийн гол нь хамтраад эцсийг нь хүртэл сурвалжилдаг байх. Үүний тулд гадна, дотны олон эх сурвалжтай харьцахын тулд гадаад хэлний мэдлэг, дата өгөгдөл зэрэг технологийн дэвшлийг өргөн хүрээнд ашиглаж сурах хамгийн чухал байгааг Дойче Велле Академийн Монгол дахь хөтөлбөрийн менежер Патрик Бенинг хэлж байлаа.
Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хэрхэн хөгжүүлэх талаар экспертүүдийн үгийг хүргэж байна.
МУИС-ийн багш, МУСГЗ, Доктор М.Зулькафиль: Том, жижиг гэлтгүй бүхий л асуудлыг хөндөж үр дүнд хүргэх нь л эрэн сурвалжлах сэтгүүлзүйн үүрэг юм
– Аливаа улс орны хэвлэл мэдээллийн хэрэгсэл дөрөв дэхь засаглалын үүргээ гүйцэтгэж байгаагийн гол шалгуур бол эрэн сурвалжлах сэтгүүлзүй байдаг. Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэхийн тулд 2-3 асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.Нэгдүгээрт, мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлэх, эх сурвалжаа нууцлах зэргээр эрхзүйн орчин сайн байх хэрэгтэй. Хоёрдугаарт, сэтгүүлчдийг мэргэшүүлж, дадлагажуулах нь хамгийн чухал. Редакциуд сэтгүүлчдээ дэмжиж байх хэрэгтэй. Тухайлбал, сурвалжлага, ярилцлагынхаа араас явах эдийн засаг санхүүгийн боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ер нь Монгол шиг жижиг оронд эрэн сурвалжлах сэтгүүлзүй хөгжихөд төвөгтэй. Учир нь хүн ам цөөн, нэг газар төвлөрөл их байдгаас танил тал, хамаатан садангийн холбоо, сүлбээ их. Нэг ноцтой асуудлыг шүүмжилж сурвалжлая гэхээр хөндлөнгийн нөлөөлөл маш их. Тиймээс сэтгүүлчид шударга, зоригтой, тууштай, аль болох бие дааж ажиллах нь чухал. Нөгөө талаас эрэн сурвалжлах сэтгүүлзүй бол багийн, хамтын бүтээл гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхий нийтийн чиг хандлага ч тийм.
Нийгэмд тулгамдаж байгаа том, жижиг гэлтгүй бүхий л асуудлыг хөндөж гаргаж, шийдвэр гаргах түвшинд хүргэх нь л эрэн сурвалжлах сэтгүүлзүйн үүрэг юм. Түүнээс том асуудлыг барьж аваад шийдвэр гаргах түвшинд нөлөөлчих юм бол энэ бол эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж сэтгүүлчид ойлгож болохгүй. Салбар, байгууллагын хэмжээний зөрчлийг ч гэсэн хөндөж шийдвэрлүүлж чадвал тэр эрэн сурвалжлах сэтгүүлзүй. Тухайлбал, АНУ-д нэг буяны байгууллагын ноцтой үйл ажиллагааг илчилсний төлөө оны шагналыг олгож байх жишээтэй. Чанаргүй барилга барьж ард түмнийг хохироож байгаа компаниудыг илчилсэн бүтээлд нэр хүндтэй шагналуудыг өгч байна. Эндээс харахад жижиг мэт боловч массыг хамарсан асуудлыг шийдвэр гаргах хэмжээнд хүртэл сурвалжилж чадаж байна.
– Малайзын сэтгүүлч Стивен Гэн: Сэтгүүлчийн хамгийн хүчтэй зэвсэг бол олон нийтийн итгэл үнэмшил юм
-Сэтгүүлчдэд тэр дундаа эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг сэтгүүлчдэд дижитал мэдлэг маш чухал. Дата ямар хүчтэйг харуулах хэрэгтэй. Монголын хувьд эрэн сурвалжлах чиглэлийг зөв, үр дүнтэй хөгжүүлэхийн тулд нийгмийн жижиг гэх асуудлуудаас эхлэх хэрэгтэй. Авлига, хүн амины хэрэг ч гэдэг ч юмуу ийм сэдэв гэхээс илүү олон нийтийн эрх ашгийг хөндсөн, нийгэмд тустай сэдвийг хөндөж гаргах ирэх хэрэгтэй. Дэлхий даяар эрэн сурвалжлах сэтгүүлчид маш үр дүнтэй ажиллаж байгаагийн гол нууц нь хамтдаа, нэгдэж ажиллаж байгаад оршиж байна. Сэтгүүлчийн хамгийн хүчтэй зэвсэг бол олон нийтийн итгэл үнэмшил юм. Тэр итгэлийг олж авсан бол хэзээ ч алдаж болохгүй.
–Сэтгүүлзүйн доктор Ч.Базар: Сэтгүүлч тууштай явж үр дүнг нь үзэх хэрэгтэй
– Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг гадаад, дотоод орчин гэж ярих нь зүйтэй. Гадаад орчин гэхээр мэдээж хууль эрхзүйн талаасаа яригдана. Хуулийн орчин талаасаа харах юм бол олон жилийн турш яригдсан нөхцөл байдал бахь байдгаараа. Ялангуяа, сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах нууцлах эрх алга. Мөн Хэвлэл мэдээллийн ерөнхий хууль байхгүй. Ийм таагүй орчин бүрэлдсэн байна. Зөрчлийн хуулиар гүтгэлэг доромжлол зэргээр сэтгүүлчдийг торгодог, шийтгэдэг байдал хэвээрээ . Ерөнхий утгаар нь авч үзвэл зөвхөн сэтгүүлч гэхгүй ардчилсан нийгэмд амьдарч байгаа иргэн хүн мэдээллийг авах, түгээх, нийтлэх эрхтэй гэж Үндсэн хуулинд заасан байдаг. Энэ зарчим хэрэгжихгүй байна. Нийгмийг сайн сайхан болгохын төлөө нуугдмал, нийгмийн хэм хэмжээг зөрчсөн асуудлуудыг сэтгүүлчид дэлгэн тавьж байгаа. Үүнд шийдвэр гаргагчид сонор сэрэмжтэй байж хууль хяналтынхан үүний дагуу маш сайн ажиллах ёстой юм. Олон нийт ч мөн адил мэдээлэл авч идэвхитэй хариу үйлдэлд үзүүлж, олон нийтийн үйл ажиллагаа өрнүүлдэг байх ёстой.
Үнэний төлөө тууштай явж байгаа сэтгүүлчийг олон нийт дэмждэг. Өөрсдийнх нь амьдралд тулгамдаж байгаа асуудлын төлөө явж байгаад хэвлэл мэдээлэл, сэтгүүлчийн үнэ цэнэ оршино. Сэтгүүлчид эрх мэдэлтний авлига, идсэн уусныг илчлэх нь эрэн сурвалжлага гэж ойлгож болохгүй. Тухайлбал, жил бүр хөндөгддөг сурах бичгийн асуудал байна. Энд хэрэглэгч, багш, сурагч, оюутан зэрэг олон нийтийн эрх ашиг хөндөгдөж байна. Үүнийг зөв илчилж гаргаж ирэх юм бол дэмжих маш хүчтэй олон нийт байна. Хамгийн гол нь сэтгүүлч нэг зүйлийн төлөө тууштай явж үр дүнг нь үзэх хэрэгтэй. Түүнээс заавал томоохон авлига, албан тушаал биш нийгэмд, олон нийтийн эрх ашигт тулгамдаж байгаа жижиг юм шиг хэрнээ чухал асуудлуудыг хөндөж гаргаж, үр дүнд хүргэх нь эрэн сурвалжлага гэдгийг сэтгүүлчид ч нийгэм ч ойлгох хэрэгтэй.
Киргиз улсын Дата сэтгүүлч Савиа Хазанова: Эх сурвалжтай найз биш мэргэжлийн түвшний холбоотой байх хэрэгтэй
-Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна. Нийтлэл, сурвалжлага бичсэнийхээ төлөө асуудалд орохгүйн тулд эх сурвалжтай найз биш мэргэжлийн түвшинд харилцаа холбоо үүсгэх хэрэгтэй. Эх сурвалжийн өгч байгаа материал үнэн бодит уу гэдгийг хувь хүн болон техник талаасаа ялгаж сурах чадвар чухал. Нууц материал өгөх нэрийдлээр занга, урхинд оруулах тохиолдол их гардаг. Мөн аюулгүй байдал эрсдэлд орлоо гэхэд сэтгэлзүй, эрүүл мэнд талаасаа бүрэн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ажлаа хийхдээ нөхцөл байдлыг үнэлж, эрсдлийг ямагт тооцож ажиллах хэрэгтэй.
С.УЯНГА /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: