Мал эмнэлгийн газрын даргад нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчилтэй
АТГ-аас сар бүр мэдээлэл хийж ажлаа танилцуулдаг билээ. Тэгвэл энэ сард иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж, хууль зөрчсөн 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Ажилдаа хайхрамжгүй хандаж, эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр хандив, санхүүгийн туслалцаа авсан Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан, давхар ажил эрхлэлттэй холбоотой хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Чимгээ, албаны мөнгийг охиныхоо компанийн данс руу шилжүүлж хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дарихжав нарт цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.
Энэ байдлаар хууль зөрчсөний улмаас хянан шалгагдаж хариуцлага тооцуулсан албан тушаалтнуудын талаар АТГ ингэж мэдээлдэг нь дуулиан шуугиан үүсгэх зорилготой биш бөгөөд өөр бусад төрийн албан тушаалтнуудад хуулиа хэрэгжүүлэхийг сануулж буй урьдчилан сэргийлэлт юм.
Энэ сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 863 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ хүлээн авч хянан шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ 10 дугаар сард ийм хэмжээний шилжилт хөдөлгөөн төрийн албанд хийгдсэн гэж үзэж болно.
Дорноговь, Завхан, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор тус тус нэр дэвшсэн Ц.Батболд, Б.Нарангэрэл, Ж.Баттөр нарын мэдүүлгийг хянаад илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. Эдгээр хүмүүс нь хувьдаа болон хамаарал бүхий этгээдүүд нь мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул нийтийн албыг хашихад ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзсэн байна.
URL: