Г.Занданшатар: Нүүрсний хулгайчдад “Эрдэнэс Тавантолгой”-г хохиролгүй болгох шаардлагыг тавьж байгаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас их хэмжээний нуурс хулгайд алдагдсан асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрлэх газрын дарга Г. Занданшатараас тодрууллаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний уурхайгаас орон нутгийн компани нүүрс хулгайлж байсан нь тогтоогдсон гэж үнэн үү?
-Засгийн газрын хуралдаанаар “Тавантолгой” компани өөрөөр хэлбэл, орон нутгийн “Тавантолгой” компани төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-н газраас нүүрс олборлосон байж болзошгүй асуудлыг шалгах ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг шалгалт хийсэн судалгаа, дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Энэ дүгнэлтээр жижиг “Тавантолгой” компани “Эрдэнэс Тавантолгой” компанийн хилийг давж нүүрс олборлосон болох нь тогтоогдсон. Тэд олон жилийн өмнөөс ингэж ажилласан байна.
-Засгийн газраас ямар арга хэмжээ авах гэж байна?
-Мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Авлигатай тэмцэх газар, Цадаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар шалгаж тогтооно. Улсыг хохиролгүи болгох ёстой. Ер нь орон нутгийн өмч нэрээр улсын өмчийг идэж, хулгайлж завшдаг байдал хавтгайрсны нэг илрэл нь энэ. Ийм байдлыг цэгцлэхийг зорьж ажиллаж байна. Орон нутгийн “Тавантолгой” компанид ашиг сонирхлын зөрчилтэй гүйлгээ, хууль бус ийм үйлдлүүдийг тус компанид ноёрхлоо тогтоосон “Тавантолгой транс” компани, түүний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, эзэмшигч Ажнайн Бат-Эрдэнэ, Дагвадорж нар хийж байгаа байж болзошгүй байна.
Энэ зөрчлийг шалгаж, “Эрдэнэс Тавантолгой”-г хохиролгүй болгох шаардлагыг тавьж байна. Жижиг Тавантолгойн олборлосон нүүрсний хэмжээг Гашуунсухайтаар гарсан нь экспорттой харьцуулахад бага байна. Бланс, данс, тооцоо бүртгэлд тусгахгүйгээр нүүрс хулгайлсан нь үндсэндээ тогтоогджээ. Жижиг “Тавантолгой”, “Тавантолгой транс” компанийн ТУЗ-ийн дарга Ажнайн гэх Бат-Эрдэнэ нарын нөхөд ард түмэнд үүнийгээ тайлбарлах ёстой гэж Засгийн газар үзэж байна.
URL: