20 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины хэрэг ИЛЭРСЭН МӨРӨӨР

15403057125bcf3330aea271998 онд хүн амины онц ноцтой хоёр ч хэрэг гарсаныг хоёуланг нь 20 жилийн дараа илрүүлсэн талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг онц хэрцгийгээр бусдын гарт амиа алдаж байв. Уг хэргээс хоёрхон сарын дараа мөн хүн амины онц ноцтой гарч, иргэн Б гэгч нь 50 гаруй удаа хутгалуулан онц хэрцгий аргаар амиа алдсан байдаг. Уг хэргийг цагдаагийн байгууллага уйгагүй шалгаж, гэмт этгээдийг эрэн сурвалжилж, тасралтгүй ажиллагаа явуулсаны дүнд мөн 20 жилийн дараа буюу саяхан илрүүлж, гэмт этгээдийг саатуулсан юм.

20 жилийн өмнө юу болов

1998 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр БГД-ийн зургадугаар хороо, нэгдүгээр хорооллын …. байранд 24 настай эрэгтэй Б нь гадны нөлөөтэй нас барсан байдалтайгаар олджээ. Хөршүүд нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цагдаагийн албан хаагчид дуудлагын дагуу очиход Б нь 51 удаа хутгалуулж, их хэмжээний цус алдан амиа алдсан байсан аж. Тиймээс цагдаагийн албан хаагчид хэргийн газар ажиллаж, гутлын мөр, гарын хээ, үс, тамхины иш зэргийг эд мөрийн баримт болгон хураан авчээ. Гэвч эзэн холбогдогч нь олдохгүй байсан учраас хэргийг түдгэлзүүлэн, шинэ баримт гарч ирэхээр сэргээн шалгасаар 20 жилийг ардаа үдсэн байна. Улмаар Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ оны тавдугаар сард дахин хэд хэдэн мөрдөн байцаагч томилон хэргийг сэргээн шалгаж эхэлсэнээр уг хэргийн эзэн холбогдогч Н-ийг эд мөрийн баримт, эсийн шинжилгээгээр илрүүлэн баривчилсан байна.

Уг хэргийн яллагдагчаар татагдаад буй Н нь тухайн үед 17 настай байжээ. Тэрбээр Дархан-Уул аймагт амьдардаг байхдаа ахынхаа сейфнээс ихээхэн хэмжээний мөнгө хулгайлж, хотод орж ирэн баар цэнгээний газраар шоудаж байхдаа Б-тэй танилцсан байна. Тэд хэд хэдэн удаа хамтдаа шоудан танил болж, улмаар 1998 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Б-гийн гэрт очиж хонохдоо түүний аминд хүрсэн аж.

Юуны учир Б-гийн аминд хүрэв

17 настай Н өөрөөсөө долоон насаар ах Б-гийн аминд хүрсэн шалтгаан нь шунахайн сэдэл. Тэрбээр Б-г 51 удаа хутгалан амь насыг нь хөнөөчихөөд гэрээс нь дүрс бичлэгийн магнитфон, тоос сорогч, савхин дээл зэргийг хулгайлан зугтсан байна. Үүнийгээ мөрдөн байцаалтын үеэр мэдүүлсэн бөгөөд шунахайн сэдлээр амь насанд нь хүрсэн гэдгээ ч хүлээсэн аж.

Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас хоёр сарын өмнө илрүүлжээ

Хүн амины хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байдаг аж. Тэгэхээр уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хоёр сарын дараа буюу энэ оны арванхоёрдугаар сард дуусах байв. Харин Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид мэргэжлийн ур чадвар гарган, уйгагүй эрэн сурвалжилж, шалгасны эцэст уг хэрэгт Н-г холбогдолтой болохыг тогтоон, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулжээ. Улмаар уг хэргийг Н гэгч үйлдсэн болохыг тогтоон, хэргийг энэ сард шүүхэд шилжүүлэхээр болсон байна.

20 жилийн өмнө хүн амины хэрэг үйлдсэн Н гэгч нь хэн бэ?

Уг хэрэгт яллагдагчаар татагдаад буй Н нь 1981 онд төрсөн. Тэрбээр зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байжээ.

1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147, 123 дугаар зүйл ангид зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ял

1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйл ангид зааснаар торгуулийн ял

2002, 2012, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147, 181, 125 дугаар зүйл ангид зааснаар тус тус шийтгэгдэж байжээ.

Н нь өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.

Б.Анир

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих