Тооны “ХУЛГАЙ“ хийсэн Сангийн сайд УУЧЛАЛ ч гуйсангүй
Орон даяар ид ажил өрнөөд, Б.Наранхүү гишүүн хүртэл чуулгандаа суугаад 2020 сонгууль хаяанд эхэлчихжээ. Үүнийг баталгаажуулав уу гэлтэй, ирэх оны төсвийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэв.
Хуучин цагт гурилын хулгайч баригддаг, тооны хулгайч баригддаггүй гэдэг үг байв. Ирэх оны төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны “хулгай” хийх гэж оролдоод бүтэлгүйтэв бололтой. Тухайлбал, Үндэсний аудитын газраас уламжлал ёсоор 2019 оны төсөвт аудит хийсэн байна. Аудитын дүгнэлтээс харахад аймгуудад буюу эрхэм гишүүдийн тойрогт ойролцоогоор 5-10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөжээ. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зөвхөн Увс аймагт буюу өөрийнхөө тойрогт 52.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь илэрчээ. Бусдаасаа 10 дахин илүү гэсэн үг шүү.
Орчин цагт тооны хулгайч бол гурилын хулгайч шиг ил танигддаг, харагддаг болсон. Тооны хулгайгаа нуухад нь тусалдаг хүмүүс Сангийн сайдад байж болно. Түүнтэй адил тооны хулгайг нь задлаад уншихад туслах мэргэжлийн хүмүүүс УИХ-ын гишүүн бүрт байдгийг мартаж болохгүй. Адилхан сонгогдсон гишүүдээ басаж, адилхан сонгосон ард түмнээ аймгаар нь ялгаварлан доромжлох эрх Сангийн сайдад байхгүй.
УИХ-ын гишүүн бүр л ирэх оны төсөвт тойрогтоо гайгүй хэдэн төгрөг суулгуулчих гээд чадлаараа л үзэж байгаа. Угаасаа гишүүдийн сонгогдсоныхоо төлөө хийдэг ажил нь тэр. Тиймдээ ч Сангийн сайдын энэхүү үйлдэлд маш олон гишүүд эгдүүцэж, бухимдаж байна.
Манай улсын төсвийн гол орлого ард түмний татвар, уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамаардаг. Гэтэл ганцхан хүн ард түмний мөнгийг өөрийн эрх ашиг, сонирхлын төлөө хуваарилах нь хэр оновчтой бол. Ингээд ч зогсохгүй илт ашиг сонирхлын зөрчилтэй, улсын мөнгийг үрэн таран хийж суугаа нөхөрт ямар ч хариуцлагын арга хэмжээ авалгүй чимээгүй өнгөрөх нь бас зүгээр үү.
Эх сурвалж: ERENNEWS.MN
|
URL: