Цагаан сарын өмнөх цалингийн нэмэгдэл

- Нэмэгдсэн цалингаар нэмэгдсэн үнэтэй юм авахаа тооцоолсонгүй юу, сэхээтнүүд ээ - 2011 онд эдийн засгийн хямрал болж байгаатай холбогдон дэлхий дахинаа жагсаал цуглааны “мода” дэлгэрэв. Ойрхи Дорнодод “Арабын хавар” гээч олон улсыг хамарсан улстөр, нийгмийн хувьсгал өрнөснөөр дэлхийн жагсаал цуглааныг эхлүүлсэн юм. Европын эдийн засгийн хямрал хамгийн ихээр мэдэгдэж буй Грек Улсад хоёр сарын өмнө бүх нийтийн ажил хаялт болов. Учир нь тус улсын Засгийн газраас албан хаагчдын цалингийн хэмжээг бууруулж, 30 мянга гаруй хүнийг цомхотгох шийдвэр гаргасан юм.  Үүнийг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаяснаар онгоцны нислэгүүд цуцлагдаж, тээврийн үйлчилгээ бүрэн зогсч, бүх үйлчилгээний байгууллагууд үүдээ барьсан. Мөн хотын төв талбайдаа 70 мянга гаруй хүн жагсаал болж, үүнийг цэрэг цагдаагийн хүчээр тарааснаар, эцэстээ хүчирхийллээр төгссөн юм. Англид мөн ажил хаялт сүүлийн хэдэн сарын турш өрнөсөөр байна. Их Британи эдийн засгийн хямралаа шийдвэрлэхийн тулд төрийн албан хаагчдад зарцуулах төсвөө бага зэрэг танасан нь тэднийг ажил хаялт зарлахад хүргэжээ.

Бүх нийтийн ажил хаялтад нийт сургуулийн 75 хувь буюу 21700 төрийн сургууль оролцож, 20 мянган эмч, сувилагч ажиллахаас татгалзсан байна. Нийтдээ хоёр сая гаруй хүн ажил хаяж, 30 гаруй нийгэмлэг холбоо ажил хаялтад оролцсон. Английн Засгийн газар төсөв мөнгө хүрэхгүй байгааг учирлан, цалин нэмэгдүүлэх боломжгүйг хэлсэн байна. Манай улсын эдийн засаг хэдийгээр хямраагүй ч дэлхий дахинаас хоцролгүй жагсаад амжлаа. Гэхдээ Монгол Улс дээрх тохиолдлуудаас тэс ондоо учир шалтгаанаар жагссан нь цалинг бууруулахыг эсэргүүцэх бус, цалин нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн юм.

Дээрх тохиолдлуудад цалин тэтгэврийг бууруулж, эдийн засгийн хямралтай байсан бол манай улсын нийгмийн тогтолцоо эрүүл, улстөрийн орчин тогтвортой, эдийн засгийн өндөр өсөлттэй зэрэг бүх талын таатай орчинд байгаа. Тэр ч бүү хэл ирэх онд төрийн албан хаагчдын цалинг дунджаар 53 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Гэсэн хэдий ч төрийн албан хаагчид “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргапдах” гээчийн үлгэрээр цалин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн Засгийн газраа шүүмжилж, цалин нэмэгдүүлэх хоёр шаталсан хугацааг наашлуулахийг шаардаж ажил хаясан юм.

Нийслэлийн 118 сургуулиас 89 нь ажил хаялтад оролцож, 7430 багш ажил хаяв. Мөн 159 цэцэрлэгийн 94 нь ажил хаяж, 2945 багш цалин нэмэгдүүлэх хугацааг наашлуулахыг шаардав. Ийнхүү долоо хоногийн турш ажил хаяад л Засгийн газрыг багш нар буулгаж авах нь тэр. 2012 оны төсвийн тухай хуульд зааснаар ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нд цалинг 80 мянган төгрөгөөр, аравдугаар сарын 1-нд дунджаар 23 хувь нэмэгдүүлэх тогтоол гаргасан байжээ. Засгийн газар багш нарын ажил хаялтыг шийдвэрлэх үүднээс, цалин нэмэгдүүлэх хугацааг хоёрдугаар сарын 1, тавдугаар сарын 1-нд болгож, хугацааг тус бүр хоёр болон таван сараар нааш татах шийдвэр гаргажээ.

Засгийн газар анх амлаж байсны дагуу хоёр болон тавдугаар сард төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нь инфляцийн төвшин нэмэгдүүлэх эрсдэлтэй гэх судалгаа Монголбанкнаас гаргасан. Иймээс л 2012 оны төсвийг батлахдаа хугацааг хойш сунгаж, дөрөв болон аравдугаар сард нэмэгдүүлэхээр болсон байжээ. Харин багш нар инфляц нэмэгдэх эрсдлийг үл харгалзан өөрсдийн цалингаа эртхэн шиг нэмэгдүүлэх хүсэлдээ автсан. Гэхдээ үүсэх хохирол, инфляц нэмэгдэх эрсдлийг хэн үүрэх вэ. Мэдээж ард иргэд.

Англид хоёр сая хүн жагссан ч үлдсэн 60 гаруй сая хүний эрх ашгийн үүднээс тэдний шаардлагыг хүлээж аваагүй. Грект 70 мянган хүн жагссан ч мөн л ард түмнийхээ эрх ашиг цаашлаад улс орныхоо эрх ашгийн үүднээс тэдний санал, болзлыг хүлээж аваагүй. Харин манай багш нар хувьсгал биш хувиа бодож, Засгийн газар маань төрийн төмөр нүүрээ гаргалгүй толгойг нь илээд өнгөрлөө. Гэхдээ энэхүү үйл явдал аль алины хувьд асуудлыг шийдэх бус, илүү том асуудлыг урган гаргасан юм.

Нэгдүгээрт, ирэх оны төсвийг батлаад cap болж байхад л тодотгол хийх асуудал дэгдлээ. Хамгийн чухал нь төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх хугацааг хоёр cap болон таван сараар нааш татсанаар эл хугацаанд олгох цалингийн зардлыг хаанаас бүрдүүлэх тухай том асуудал үүссэн юм. Нэмэгдсэн цалингийн зөрүү мөнгийг төсвийн орлогоос хэрхэн бүрдүүлэх бол. Энэ талаар холбогдох албанаас тодруулбал олигтой хариу өгсөнгүй. Тун удахгүй хэлэлцэх нь дамжиггүй.

Хоёрдугаарт, УИХ хэлэлцээд нэг эх үүсвэр олж, дээрх асуудлыг шийдвэрлэлээ гэж бодъё. Монголбанк болон Дэлхийн банкнаас гаргасан таамаг судалгаа биеллээ олж, инфляц өсч 20 хувьд хүрвэл яах вэ. Багш нарын ажил хаялтын буянаар эмч, цагдаа нарын цалин нэмэгдэх хугацаа наашилсан. Цагаан сарын өмнө, хоёрдугаар сард цалин нэмэгдлээ гэхэд инфляц өсөх нь гарцаагүй. Тэр үед юмны үнэ тэнгэрт хадаж, төрийн албан хаагчид нэмэгдсэн цалингаараа нэмэгдсэн үнэтэй зүйл худалдаж авах юм.

Харин цалин нь нэмэгдээгүй хувийн хэвшлийнхэн хөлд нь чирэгдэж, цалингаа бас нэмүүлэхийг шаардах болов уу. Цалин нэмнэ гэсээр байтал жагсч тэмцэж байгаа нь багш нарын буруу гэхээс өөр арга алга. Уг нь энэ мэт асуудалд сэхээтэн хүний ухамсар гаргасан бол нийгмийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлөх байлаа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих