Эдийн засаг сулрах аюултай
Мөнгөний хатуу чанд бодлого хүнд ачаа болж, санхүүгийн зах зээлд дарамт учруулах хэрээр АНУ-ын эдийн засгийн өсөлтийн эрч саарах аюултайг дэлхийд тэргүүлэгч хедж сан анхаарууллаа. Бодлогын хүүг өсгөж, татвар хөнгөлсний үрээр энэ онд эрчимтэй сайжирсан эдийн засаг болон компаниудын ашиг орлого бараг оргилдоо тулсан хэмээн Bridgewater-ын хөрөнгө оруулалт хариуцсан орлогч захирал Боб Принс үзэж байна. “Ирээдүйн ашиг орлоготой холбоотой энэ бүх өөдрөг бодол үнэт цаасны үнийг өсгөчихлөө. Гэтэл эдийн засаг чанга тогтвортой байдлаасаа сул нөхцөл рүү шилжиж болзошгүй эргэлтийн цэг дээр ирчихээд байна” хэмээн ноён Принс өгүүлсэн юм. “Мөнгөний хатуу чанга бодлого эрс уналт үүсгэхгүй ч дарамт болох шат ойртож байна” хэмээн Bridgewater-ын 160 тэрбум ам.долларын хөрөнгөтэй тус санг үндэслэгч Рэй Далио, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Грег Йенсен нар анхааруулав.
АНУ-ын эдийн засгийн сайн үзүүлэлттэй статистик, холбооны Нөөцийн Системийн удирдлагын дайчин тайлбар ирээдүйг тооцоолох хөрөнгө оруулагчдын байр суурийг өөдрөг болгов. Чухам уг нөхцөлөөс шалтгаалан АНУ-ын Сангийн яамны үнэт цаасны өгөөж энэ сарын эхээр огцом өссөн юм. Эдийн засгийн таатай олон мэдээ бондын зах зээлд ч нөлөөлж, АНУ-ын Сангийн яамны үнэт цаасны өгөөжийг огцом өсгөж орхив. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийг донсолгосон уг огцом өсөлт S&P 500 индексийг сүүлийн хагас жилд тохиолдоогүй унагаж, улмаар дэлхийн зах зээлийг нийтэд нь доргиолоо. Баасан гарагт ихэнх бирж хэвийн нөхцөлдөө эргэн орж, АНУ-ын Сангийн яамны үнэт цаасны өгөөж долоон жилийн үнэмлэхүй өсөлтөөсөө буцаж буусан юм. Гэхдээ АНУ-ын холбооны Нөөцийн Систем тэргүүтэй голлох төв банкууд мөнгөний бодлогоо чангатгаж буйтай уялдан цаашид донсолгоо дахих аюултайг ноён Принс анхааруулав.
Тэрбээр “Түүхнээ замхран одох энэ долоо хоногийг бид мартацгааж ч магад. Гэхдээ л мөнгөний зөөлөн бодлого хатуу руугаа шилжиж байгаа нь илт байна. Хэрвээ энэ доргилт нь өсөлт эхэлж буй цэг мөн байвал ганц долоо хоног үргэлжлээд зогсохгүй” гэв. Татвар хөнгөлсөн нь АНУ-ын эдийн засгийг амь оруулж, ажилгүйдэл 1969 оноос хойш тохиолдоогүй бага хувьтай боллоо. Хэрэглэгчийн итгэл 2000 оноос хойш тохиолдож байгаагүйгээр сайжирч, үйлчилгээний салбарын идэвх 1997 оноос хойших үнэмлэхүй түвшинд сэргэв. Холбооны Нөөцийн Систем эдийн засгийн өсөлтийг 2018 онд гурваас дээш хувьтай болно хэмээн тооцоолж байна. Гэхдээ АНУ-ын төв банк бодлогын хүүгээ арванхоёрдугаар сард дөрөв дэх удаагаа, ирэх 2019 онд дахиад гурван удаа өсгөх гэж байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулж таарна. Холбооны Нөөцийн Систем хямралын үеэр ихээр ихэсгэсэн бондын тайлан тэнцлээ ч зэрэг бууруулна.
ЗГМ сонин
URL: