”Ханару” дэлгүүрийг 20-25 сая төгрөгөөр торгоод өнгөрөх үү?

0837fc_588_x974Сүүлийн хоёр хоногт “Ханару” хэмээх Солонгос улсын сүлжээ дэлгүүрийн тухай дуулиан иргэдийг бухимдуулаад буй билээ. Өнөөдөр тус дэлгүүртэй холбоотойгоор хэвлэлийн бага хурал НМХГ-аас хийсэн бөгөөд тус дэлгүүрийг урьдчилсан байдлаар 20-25 сая төгрөгөөр торгохоор болоод буй гэнэ. Манай улсад мөрдөгдөж буй хуулиар тус байгууллагыг зөрчлөө арилгах юм бол үйл ажиллагааг нь хэвийн ажиллахыг зөвшөөрдөг аж. Иймээс хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнүүдээ худалдаалахаа больсон тохиолдолд үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлэх боломжтой бөгөөд шалгалтын ажил үргэлжилж буй гэлээ. Тус дэлгүүр нь манай улсад үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацааг үдэж буй бөгөөд энэ хугацаанд хэдий хэр хүн хохирсныг хэн ч таашгүй. Харин НМХГ-аас хийсэн мэдэгдэлд одоогийн байдлаар хордсон, өвчилсөн хүн гараагүй гэх бөгөөд цаашдаа үзлэг, шалгалтыг мэдэгдэлгүйгээр гэнэтийн байдлаар хийх нь зохистой хэмээн үзэж буйгаа мэдэгджээ. Тус дэлгүүр нийтдээ 14 газар түгээлт хийсэн гэх бөгөөд тус байгууллагуудад мэдэгдэл хүргүүлж бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байхыг анхааруулсан аж. Он гарснаас хойш нийтдээ дөрвөн удаа Монгол улсын хил гаалиар бараа бүтээгдэхүүнээ оруулж ирсэн тус дэлгүүр хил гаалийн зөрчилгүй гарсан байна. Учир нь чингэлгийн үүдэн хэсэгт чанарын шаардлага хангах бүтээгдэхүүнээ өрөн хил гаргадаг байсан бөгөөд хийсэн шинжилгээ дүгнэлт мэдээж асуудалгүй гардаг байсан аж. “Ханару” дэлгүүр ийн торгууль төлөн зөрчлөө арилгаад эргэн үйл ажиллагаагаа явуулах бүрэн эрхтэй болоод буй гэнэ.

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих