Ц.Элбэгдорж Булган аймаг дахь нууц агнуурын газраа онцгой байдлын албаныханаар хамгаалуулж төрийн мөнгийг үрэх эрхтэй гэж үү?
Монгол улсын дөрөв дэх ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр төрийн тусгай хамгаалалтанд хэвээр байгаа. Түүнийг 2021 он хүртэл тусгай албаны дөрвөн залуу салахгүй хамгаална. Тэрхүү хамгаалалтын мөнгө төгрөгийг татвар төлөгч та бидний халааснаас гаргаж байгаа. Мөн орон сууц, машин унаагаар ч хуулинд заасны дагуу хангаж байгаа нь мэдээж. Тэгвэл төрийн тусгай хамгаалалтын тухай хуулинд хамрагдаагүй нэгэн онцгой хамгаалалтыг Онцгой байдлын ерөнхий газраас экс ерөнхийлөгч Элбэгдоржид эдлүүлдэг юмсанж. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсөнөөс хойш гадаад, хот хөдөөгүй байнга л амарч зугаалж, аялж, ан хийж, мөрийтэй тоглож явааг та бид харж байгаа. Тэгвэл мань эр Монголд байх хугацаандаа төрийн тусгай хамгаалалтаас гадна Онцгой байдлын албаныханы хамгаалалтанд жинхэнэ хаан шиг л тарвалздаг ажээ. Булган аймгийн Бугат сумын нутаг, байгалийн үзэсгэлэн гоо төгс бүрдсэн хөвч, гол горхи бүхий Уул-Алтаадын голын эхэнд Элбэгдорж байсхийгээд л очдог байна. Соц нийгмийн үед энэ хавийн нутаг усны үзэмж төгөлдөр байгалийн талаар зохиолч Л.Содов “Саран доорх хорвоо” хэмээх романдаа урнаар дүрсэлсэн байдагийг уншсан хүмүүс нь санаж байгаа байх.
Үнэхээр үзэсгэлэнтэй газар болохыг нүд, сэтгэлдээ төсөөлж байсан болов уу. Уул-Алтаадын гол, Бөөрөлжүүт гээд битүү хөвч тайга, ан амьтан, араатан гөрөөс сүлжилдсэн энэ газарт экс ерөнхийлөгч Элбэгдорж нууц эзэмшил газар байгуулсан ажээ. Тог цахилгаан, цэвэр бохир ус, халаалт, саун бассейн гээд бүх юмыг нь дээд зэргээр шийдэж тохижуулсан гурван байшин бүхий отог маягийн энэ газарт мань Элбэгээ үе үе найз нөхдийн хамт ирж зундаа моторт завиар зугаалан загас барьж, тарвага гөрөөс буудсан шигээ зугаагаа гаргадаг юм байна. Өвөлдөө Орхон голын мөсөн дээгүүр чаргаар гулгах юм уу зэрлэг гахайн анд явдаг ажээ. Элбэгдорж байсан байгаагүй тэр газрыг нь тусгай шовгор бүхий Онцгой байдлын албан хаагчид өдөр шөнөгүй хамгаалж байдаг юмсанж.
Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа Онцгой байдлын ерөнхий газрын дарга П.Бадралд бригадын генерал цол олгож байв. Харин үүнийх нь хариуд П.Бадрал нь Элбэгдоржийн байшин савыг Онцгой байдлын залуусаар өдөр шөнөгүй мануулж гардан авсан цолныхоо өрийг төлж байгаа нь энэ болов уу. Хуулинд тийм эзэмшилтэй байж, түүнийг төрийн тусгай албадаар, тэр тусмаа онцгой байдлын албан хаагчдаар мануулж болно хэмээн заагаагүй учраас УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын өмчилсөн 1,5 тэрбумын үнэтэй гурван давхар хаусыг УБТЗ өөртөө буцааж авсан шиг Элбэгдоржийн нууц эзэмшлийг ч гэсэн улс хураан авах бүрэн боломжтой. Монгол улсын ерөнхийлөгчийн сэнтийнээс бууснаас хойш цаг наргүй тансаглан зугаацаж төрийн тусгай хамгаалалтынхантай зэрэгцүүлэн Онцгой байдлын албан хаагчдаар байшин саваа хамгаалуулж байгаа нь арай хэтэрхий эрдэж бардсан хэрэг биш үү.
Эх сурвалж: Ноцтой мэдээ сонин
URL: