“Оюутолгой”-н төлөх 35 сая ам.доллар

6c9a881e0c2001ea5b96d6a464cac737Татварын ерөнхий газраас “Оюутолгой” компанид тавьсан 155 сая ам.долларын актын 35 сая ам.долларыг нь төлөх болсныг Засгийн газраас мэдээлсэн. Ингэснээр үлдсэн 120 сая ам.долларыг олон улсын Арбитрын шүүхээр шийдвэрлэх нөхцөл үүсч буй.

Уг асуудал өнгөрсөн нэгдүгээр сард “Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компанийн мэдэгдлээр олон нийтэд ил болсон юм. Тухайн үед “Туркойз хилл ресурс” компани өөрийн цахим хуудастаа Татварын ерөнхий газраас “Оюутолгой” компанийн 2013-2015 онд төлсөн татварт аудит хийж, 155 сая ам.долларын торгууль тавьсан талаар мэдээлсэн байдаг. Ингэхдээ “Оюутолгой” компани Монгол Улсын хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бүх татвар, хураамжаа төлсөн гэж үзэж буйгаа илэрхийлж, татварын актыг тавих нь үндэслэлтэй эсэхийг үнэлж дүгнэнэ гэдгээ мэдэгдэж байв. Улмаар “Туркойз хилл ресурс”  компани өнгөрсөн гуравдугаар сард татварын асуудлыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд шийдвэрлэх хүсэлтээ Засгийн газарт өгсөн.

2009 онд баталсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр зөвшилцөх санал хүргүүлснээс хойш хоёр тал 60 хоногийн дотор ойлголцож чадахгүй бол Лондоны олон улсын Арбитрын шүүхээр маргаанаа таслуулахыг хөнджээ. Гэсэн ч 60 хоногийн хугацаанд хоёр тал зөвшилцөлд хүрч чадаагүй. Харин Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар асуудлыг оруулж, “Оюутолгой” компанитай гурван чиглэлээр ойлголцолд хүрсэн нь энэ.

Энэ хугацаанд УИХ болон Засгийн газраас Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг өнгөрсөн зургадугаар сард дүгнэлтээ танилцуулах байсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Гэхдээ ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва татварын маргааны талаар “Шалгалтаар татварын зөрчилтэй гарсан. 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Энэ байтугай дүн байгаа учраас нийт дүнгээ гаргаж байгаад эцсийн дүгнэлтээ хэлэх нь зөв байх. Ямар ч байсан “Оюутолгой” компани татвараа төлөх ёстой” гэсэн байр суурь илэрхийлж билээ.

Түүнчлэн 155 сая ам.долларын асуудал “Оюутолгой” компанитай холбоотой татварын анхны маргаан биш. Учир нь, 2013 онд Татварын ерөнхий газраас тус компанид 130 сая ам.долларын татварын акт тогтоож байв. Ингэхдээ Оюутолгой төслийн эхний шатны бүтээн байгуулалтын явцад албан татвар дутуу төлсөн, санхүүгийн бусад зөрчил гаргасан хэмээн акт тавьжээ. Тухайн үед тус компани аудитын дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэн, мөн л маргаан таслах зөвлөлд хандаж байлаа. Хэрвээ хоёр тал зөвшилцөлд хүрч чадахгүй бол Арбитрт хандана гэдгээ ч илэрхийлсэн байна. Үүний дараа хоёр тал зөвшилцөлд хүрч, татварын акт 30 сая ам.доллар болгон буурсан юм. Тухайн үед Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өөрийн цахим хуудсаараа дамжуулан Оюутолгойн татварын асуудал шийдэгдсэнээр, далд уурхайн ажил товлосон хугацаандаа эхлэх боломжтой боллоо хэмээн мэдэгдэж байв.

Үндэсний шуудан сонин


URL:

Сэтгэгдэл бичих