“Нарны охид” төсөл нээлтээ хийлээ
Налайх дүүргийн “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс”-т өнөөдөр “Нарны охид” төслийн нээлт амжилттай боллоо. Тодруулбал, “Дэлхий Монгол Угсаатан Эх Үрсийн нийгэмлэг”-ээс “Нарны охид” төслийг санаачлан хэрэгжүүлж Налайх дүүргээс төслийн гараагаа эхлүүлж байна.
Уг төслийн нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн засаг дарга н.Раднаабазар, “Нарны охид” төслийг санаачлагч “Дэлхийн Монгол Угсаатан Эх Үрсийн нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Нямаа, “Нарны охид” төслийн элч дуучин, поп дива Алтанцэцэг болон бусад төлөөлөгчид оролцон тууз хайчиллаа.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр “”Нарны охид” төслийн гол зорилго бол нийгмийг цочроосон асуудлуудад анхаарлаа хандуулах, өсвөр насны охидыг хамгаалах, хөгжүүлэх, охидоо гэрэл гэгээтэй ирээдүйд тэмүүлэгчид, Монголын ирээдүйн сайхан ээжүүд, ёс зүйтэй, хүмүүжилтэй, нийгэмд манлайлагч охидыг бэлтгэх зорилготойгоороо онцгой юм. Түүнчлэн өнөөдөр “Олон улсын охидын өдөр” тохиож байна. Тиймээс Монголынхоо бүх сайхан охиддоо баярын мэнд дэвшүүлье. Энэхүү төсөл маань цааш өргөжин тэлж 21 аймагт салбараа нээнэ гэдгийг дуулгахад мөн таатай байна. ” хэмээн төслийг санаачлагч хатагтай Ж.Нямаа хэлсэн юм.
Охидруу чиглэсэн энэхүү төслийн хүрээнд Налайх дүүргийн “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс”-ийн нэг өрөөг бүрэн засварлаж, тохижуулан хүлээлгэж өгсөн. Тус өрөөнд охидод хэрэгтэй бүх л зүйл байх бөгөөд охид хүссэн үедээ сэтгэл зүйч болон эрүүл мэндийн ажилтнаас зөвлөгөө, сургалт авах боломжтой. Үүгээр ч зогсохгүй олон олон боломжууд нээлттэй гэдгээрээ өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байсан багахан ч болов орон зайг дүүргэж чадахгуйц төсөл болсон нь харагдаж байна.
С.Амарсайхан ”Өсвөр насны охидын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцоо, хүйсийн тэгш байдал гэх мэт олон асуудалд манай нийгэмд тулгараад байгаа. Хүүхэд багачуудынхаа ирээдүй, сайн сайхан амьдралын төлөө энэ сайхан төслийг НИТХ-тай хамтарч мөн Налайх дүүргээс эхлүүлж байгаад миний бие сэтгэл өндөр байна. Энэ ажлыг зохион байгуулах, цаашид үр дүнтэй үйл ажиллагаагаа идэвхитэй явуулахад нь тусалж дэмжиж байгаа “Дэлхийн Монгол Угсаатан Эх Үрсийн нийгэмлэг”-ийн хамт олонд нийт Налайхчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.
URL: