Д.Трамп 100 хувь өөрийн хүчээр тэрбумтан болсон гэдэг нь худлаа гэв
“The New York Times” сонинд өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хөрөнгө хэрхэн бүрэлдэж бий болсныг судалсан ажлын томоохон тайлан нийтлэгджээ. Уг тайланд өгүүлснээр Трамп суурь хөрөнгөө эцгийнхээ компаниас өвлөж авсан байна. Тухайлбал тэр 3 настай байхдаа эцгийнхээ компаниас жилд $200,000-ыг олдог болоод байжээ.
Энэ нь өнөөдрийн ханшаар тооцсон дүн юм. Улмаар 8 настайдаа Трамп саятан болсон байна. Хөрөнгө өвлөж авснаас гадна АНУ-ын ерөнхийлөгч эцгийнхээ бизнесийг татвараас зугтаалгах ажлыг 1990-ээд оны үед зохион байгуулж, үүнийхээ төлөө багагүй орлого олсныг тайланд өгүүлжээ.
Ийм замаар тэр эцгийнхээ бизнесийн вант улсаас хамгийн багадаа өнөөдрийн ханшаар $413 саяыг цуглуулсан байна. Трамп уг ажиллагааг зохион байгуулахдаа зөвхөн цаасан дээр бүртгэлтэй, халхавч компани байгуулж байсныг баримтаар харуулжээ.
Дональд Трамп өөрийгөө 100 хувь өөрийн хүчээр тэрбумтан болсон хүн гэж байнга ярьдаг. Тэгвэл дээрх мэдээлэл түүний хэлсэн үгний эсрэг баримт болж байна. Сонины нийтлэлийн дараа Трампын өмгөөлөгч Чарльз Хардер үүнийг “100 хувь худлаа, нэр төр унагах зорилготой мэдээлэл” гэж мэдэгджээ. Цагаан ордон, Трампын гэр бүлийн Trump Organization байгууллага одоогоор хариу мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: Business Insider
URL: