Д.Зоригтын хүч үү… эсвэл мөнгөнийх үү

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ нар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг гардан хийсэн Д.Зоригт сайдад улс төрийн хариуцлага тооцон “золигт” гаргах хүсэлт гаргасан ч талаар болов. Уг нь эрхэм гишүүдийн хэлж буйгаар сайдад хариуцлага тооцох хангалттай шалтгаан бий юм. Ядаж л манай талын эзэмшлийн 34 хувь 6.8 болтлоо буурсан талаар Ардчилсан намын хэсэг нөхөд баримт дэлгэлээ.

Тэр ч бүү хэл гэрээний урьдчилгаа гэж яригдаж байсан 250 сая ам.доллар урт хугацааны хүүтэй зээл байж, нөгөөх нь 1.5 хувийн хүүтэй болж илчлэгдэв. Харин гэрээний эл булхайг тогоон дотроо чимээгүйхэн зохицуулах гэсэн үү, яасан Засгийн газраас хүртэл бонд гаргасан. Эцэст нь бүр толгой компанитай нь гэрээ байгуулаагүйгээс болоод олон улсын хөрөнгийн зах зээл дээр IFO хийж байгаа мөнгө манай улсад ямар ч хамааралгүй болж таарав. Түүгээр ч зогсохгүй эрхэм сайд нарын гэрээ хийсэн “Айвенхоу майнз Монголия Инк” компанийг улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэх асуудал хүртэл хөндөгдөж эхлэв.

Тэгэхээр энэ бүх үнэн худал нь үл мэдэгдэх асуудлыг нэг мөр болгоход Ц.Батбаяр гишүүний асуулгад хариу ирүүлсэн бол өнөөдөр Д.Зоригт сайдын ширээ, сандлын тухай яригдахгүй байсан гэдэг нь лавтай юм даг. Ямартай ч энэ бүх асуудалд Д.Зоригт сайд өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар хийж, ганц ч үг ганхийсэнгүй. Харин давуу эрхийн хувьцаа гаргасан гэх учир битүүлэг үгээр гэрээний үнэнийг далдалж, хэсэг зуур асуудлыг намжаав. Гэхдээ төр, түмэн нүдтэй юм хойно үнэн мөнийг илчлэн гэрээг энэ “торноос” ямар ч байсан салгасан. Түүнчлэн энд нэг зүйлийг тодруулахад, Ханбогд суманд байгаа тэр их баялгийг энэ цагийн олигархууд болоод бид өөрсдөө бий болгочихоогүй.

Өвөг дээдсийн маань хэдэн мянган жил амиараа хамгаалж үлдээсэн газар. Тэр ч утгаараа Оюутолгойн гэрээг байгуулах явцад баялаг бол актив гэсэн үг. Тиймээс Монголын талын оролцоон дээр 0 хувьтай гэдэг ч юм уу. Жишээ нь Монголын тал 9.9 хувь дээр нэмэх нь АНУ-ын жилийн инфляци. Тэр хэмжээгээр 34 хувьд ногдох хэмжээний хөрөнгө оруулалтыг нөгөө талаасаа зээлж байгаа. Ингээд бодохоор яах аргагүй ганцхан Д.Зоригт сайд бус гэрээ хийсэн эрхмүүдтэй нэгийг ярьж, хоёрыг тунгаах цаг нь болсон. Гэвч МАН-ын бүлгийн гишүүд эрхэм сайдыг цээжээрээ хамгаалаад үлдэв. Гэхдээ хамгийн гол нь бүлгийн гишүүд Д.Зоригт сайдыг 100 хувь ямар ч буруугүй гэж ам бардам хэлж чадсангүй.

Харин сайд нарын ажлын хариуцлагыг цаашид сайжруулах шаардлагатай гэсэн нялуун үгээр бамбай хийж, энэ асуудлаас цэвэрхэн бултаж чадлаа. Энэ талаар бүлгийн дарга Д.Лүндээжанцан мэдэгдэхдээ сайдыг албан тушаалаас нь буулгаж, улс төрийн хариуцлага тооцох тухайд намын удирдах зөвлөл авч хэлэлцээд одоогоор огцруулах үндэслэл хангалтгүй гэж үзсэн хэмээн тодруулав. Гэхдээ ч хамтарсан Засгийн газрын эрх баригчид дараагийн буюу Тавантолгойн “галт тэрэг”-нд багтаж суухын тулд туршлага сайтай эрхэм сайддаа жолоогоо атгуулахаа чухалчилсан байлгүй яав гэж. Тэгээд ч эрхэм сайдтан гэрээ, хэлэлцээрт эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй сайн ажиллаад сурчихсан сурцтай анжгай шүү дээ.

О.Сэлэнгэ http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих