Тамхи орчныг хордуулна, Дашдорж парламентыг бохирдуулна

-Архи, тамхиар ард түмнээ хордуулж, үндэстнээ хорлогчдыг ирэх сонгуульд битгий дэмжээрэй гэж уриалга гаргачихад л хангалттай юм биш үү, өрсөлдөгчид нь-   Хууль баталж, ард түмнээрээ мөрдүүлэх гол томилолттой Ц.Дашдорж, хуулийн эсрэг бай¬на гэж дуулаад олон хүний дургүй, зэвүү хоёр нь хүрсэн байх даа. Ядаж байхад тэр хууль нь архи, тамхины эсрэг байдаг. Мань гишүүн Монголдоо ганц байдаг тамхины үйлдвэрийн эзэн болохоор тэгж л таарна гэж олонхи нь ярьж байна. Архи тамхины асуудал манай улсад гамшгийн хэмжээнд оччихсон байгааг Ц.Дашдорж тэргүүтэй архи, тамхиар ард түмнээ хорлогчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэхдээ ард түмнээс нь илүү амин хувийнх нь ашиг сонирхол төрийн түшээ хүнд байж боломгүй авирыг нь гаргуулаад байгаа хэрэг. Х.Баттулга сайдын санаачилсан хуулийн төслөөр бол архи, тамхины бизнес эрхлэгчид төрд сууж таарахгүй юм л даа. ЦДашдорж мэтийн архи, тамхины үйлдвэрийн жинхэнэ эздээс эхлээд энэ төрлийн бизнесээс ашиг хүртэгчид өнөөгийн УИХ-д олон байгаа болохоор сайдын санаачилсан хуулийн төсөл гурван ч удаа уначихаад байгаа хэрэг.

Саяхан УИХ-ын гишүүн З.Энхболд нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Хамгийн сүүлд Засгийн газраас Тамхины тухай хуулийг оруулж ирсэн боловч УИХ-аар батлалгүй жил гаруй болж байна. Ний нуугүй хэлэхэд “Монгол тамхи Co” гэдэг компанийн эзэн, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж энэ хуулийг битгий гаргаач гэж гишүүдээс гуйгаад яваад байгаа. Тийм болохоор УИХ-ын гишүүдийн олонхи нь энэ хуулийг гаргах хүсэлгүй байна. Архи тамхи бол онцгой бизнес. Онцгой татвар төлдөг. Тийм болохоор УИХ-аас хол байх ёстой. УИХ, Засгийн газар нь архи, тамхитай тэмцэх бодлогоо энэ төрлийн бизнес эрхлэгчдийн нөлөөгүйгээр гаргах цаг нь болсон” хэмээн ярьсан байна. Тэгэхээр Ц.Дашдорж гишүүн ангийнхандаа аймаар нөлөөлсөн байгаа биз. Авилга өгсөн үү, яасан мэдэхгүй. Ганц хүний бизнесийг аврахын тулд 76 төрийн түшээгийн олонхи нь амаа үдүүлчихсэн байна гээд бод доо. Аймаар байгаа биз.

Ноднин намрын чуулганы төгсгөлд гишүүдийн хуралдаанд оролцсон ирцийн тэмдэглэлийг харлаа. Дөрвөн сарын хугацаанд 156 цаг хуралдсан чуулганы хуралдаанд Говь-Алтайгаас сонгогдсон Ц.Дашдорж гишүүн ердөө л 30-хан цаг суусан байгаа юм. 126 цагийг нь томилолттой, өвчтэй, чөлөөтэй, хоцорсон гэх үндэслэлээр тасалсан бай¬даг. Ц.Дашдоржийн хувийн “Монгол тамхи Co” ХХК-ийн ажилтнууд ажлын цагаасаа ганцхан минут л хоцроход 200 төгрөгөөр торгуулдаг гэнэ лээ. Минут тутамд 200 төгрөг гэж тооцвол хөөрхий ажилтан багагүй торгууль хүлээнэ. Харин Ц.Дашдорж гишүүний чуулган тасалсан цаг минутыг өөрийнх нь компанийн ажилчдын хоцролтын торгуультай харьцуулж үзвэл тэрбээр дөрвөн сарын хугацаанд нэг сая таван зуун мянган төгрөгийн торгууль хүлээж таарах нь ээ. Бас “Монгол тамхи Со”-д ажлаасаа байнга хоцордог унтаа ажилтны цалинг 20 хувиар хасдаг журамтай. Энэ ч мэдээж Хөдөлмөрийн хуульд заасан арга хэмжээ л дээ. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь баталсан хуулиар. Анхны удаа бол сануулна, хоёр дахь удаа бол цалингийн хувиар торгоно, гурав дахь удаа бол ажлаас хална гэсэн хуультай. Ажилтнуудынх нь тухайд бол энэ хууль яс мөрдөгдөнө. Эрхэм гишүүний хувьд бол аль эрт “халагдах”-аар шийтгэлтэй гэсэн үг. Тэгэхээр “Монгол тамхи Со”-гийнхон торгуулиад шийтгээд байвал Ц.Дашдорж захиралтайгаа барьцсан ч болохоор байгаа биз. Та эхлээд шийтгэлээ хүлээгээд торгуулиа төлчих гэчихвэл болох юм биш үү.

2012 оны сонгуульд архи, пиво, тамхи үйлдвэрлэгчид олноороо нэр дэвшихээр зэхэж буй энэ үед Х.Баттулга сайдын санаачилгыг олон хүн уухайлан дэмжсэн ч хууль батлах эрх бүхий эрхмүүд юу гэж өөрсдийнхөө эсрэг кноп дарах вэ дээ. Өнөөгийн парламентад суугаа архи, тамхи үйлдвэрлэгчид, тэднээс ашиг хувь хүртэгчид байж суух газраа олохгүй байгааг нь гайхаад байх юм алга. Жил бүрийн оны эцсээр шилдэг татвар төлөгчид, шилдэг байгууллага гээд шилдгүүд хөвөрч өгнө. Энэ шилдгүүдийн магнайд архи, тамхины үйлдвэрлэл эрхлэгчид л тодорч байдаг. Монголчуудыг архин далайд живүүлж, архиар угжиж, тамхиар хордуулагчид л хамгийн их орлоготой юм чинь. Их орлоготой юм чинь их л татвар төлнө. Их татвар төлсөн юм чинь шилдэг нь байж таарна. Ийм л тогтолцоо байна. Ард түмнийхээ төлөө ажил хийнэ, хууль батална гэж сонгогдсон Ц.Дашдорж мэтийн эрхмүүд ийм л юм хийж байна даа, сонгогчид минь. Ирэх сонгуулиар архи, тамхиар ард түмнээ хордуулж, үндэстнээ хорлогчдыг битгий дэмжээрэй гэж уриалга гаргачихад л хангалттай юм биш үү, өрсөлдөгч нэр дэвшигчид нь.

С.Туул


URL:

Сэтгэгдэл бичих