Google Хятадад хэрэгжүүлэх шинэ төслөө нотоллоо

230977-29092018-1538195608-1748296539-google-chinaОнлайнд хувийн нууцыг хадгалах асуудлаар АНУ-ын хууль тогтоогчдод мэдээлэл хийх үедээ Google-ын нэг захирал Хятадад DragonFly хэмээх хайлтын шинэ төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж буйгаа анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрөв.

Тус компанийн нууцлалын ахлах ажилтан Кейт Энрайт сенатч Тед Крузын асуултад “DragonFly нэртэй төсөл бий” хэмээн хариулжээ. Тэрбээр “Үүнд юу хамаарах ба үл хамаарахыг би мэдэхгүй. Хятадад хайлтын бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд хол байна” хэмээн тодруулав. Түүний хэлснээр ийм үйлчилгээг эхлүүлбэл нууцлалын баг маш идэвхтэй оролцож, хувийн мэдээллийг хамгаалах үйл явцыг хянах аж.

2010 онд Хятадаас шахагдан гарсан Google-ийн буцаж ирэх боломж компанийн гадна ба дотроос шүүмжлэлтэй тулгарч буй.

Google хайлтын үр дүнд хяналт тогтоож, Хятадын эрх баригчдад хувийн нууцыг өгөх боломжийг Alphabet компанийн хэдэн зуун ажилтан эрс эсэргүүцсэн юм.

Ноён Энлайт “Бид хайлтын бүтээгдэхүүн боловсруулж, нэвтрүүлэхдээ дэлхийн технологийн ололтыг аль болох тусгахыг эрмэлзэх болно. Гэхдээ Хятадад эргэж очвол хувийн нууцлал ба хамгаалалтад манай үнэт зүйлийг баримтална. Би Google-ийн хүнийн эрхийг хамгаалах хүчин чармайлтаар бахархдаг” гэжээ.

Калифорни муж улс саяхан Цахиурын хөндийн эсэргүүцлийг үл харгалзан хэвийн нууцыг хамгаалах тухай шинэ хууль баталсан. Өмнө нь Европын холбоо өгөгдлийг хамгаалах тухай ерөнхий журмыг нэвтрүүлжээ. АНУ болон дэлхий даяар нууцлалын талаар хууль журмыг шинэчлэх хандлага ажиглагдаж буй.

Google-ээс гадна Apple, Amazon, Twitter-ийн албаныхан Калифорнийн хуулийг дэмжиж буйгаа илэрхийлсэн боловч үндэсний хэмжээнд тэдний үйлчилгээ хязгаарлах чиглэлд таагүй ханддаг аж. Apple-ийн прогамм хариуцсан захирал Бад Триббл “Хэрэглэгчдийг хамгаалах холбооны хууль хэрэгтэй гэж бодож байна.

Яг одоо миний халаасанд миний тухай асар олон мэдээлэл хадгалагдаж байгаа. Цаашдаа ч нэмэгдэх байх” гэсэн юм. “Хувийн мэдээлэл” гэж чухам юуг хэлэх вэ гэсэн зөв тодорхойлолт гаргаж зохицуулахыг бүгдээр дэмждэг боловч интернет компаниуд Европын журамд хэрэглэгчийн нэр, мэйл хаяг зэргийг оруулсанд дургүйцлээ илэрхийлсэн.

Түүнчлэн технологи, телекомын компаниуд АНУ-д хувийн нууцлалыг хянадаг холбооны худалдааны комисст хэт их эрх мэдэл болон хууль санаачлах эрх олгохоос сэрэмжлүүлсэн байна. AT&T компанийн бодлогын захирал Лен Кали “Би энэ агентлагт хязгааргүй эрх мэдэл олгохыг дэмжихгүй. Конгрессын ажил бол хамгаалах хүрээг тогтоох явдал” гэжээ.

Лхагва гарагийн асуулгыг даргалсан сенатын худалдаа, шинжлэх ухаан, тээврийн хорооны дарга Жон Тюн технологийн компаниудад маш олон мэргэжлийн нүд, чих шаардлагатай хэмээв. Гурван цаг үргэлжилсэн асуулгад Apple, Google, Amazon-ы төлөөлөгчид оролцож, хүүхдийн мэдээлэл, таних технологи болон ухаалаг утас, апп зэрэг асуудлаар хариулт өгсөн байна.

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих