Мафижсан МИАТ
“Изинис эйрвэйз”-ийн үйл ажиллагаа идэвхжиж, тун удахгүй шинэ онгоц хүлээж авахаар болжээ. “Ньюком” компани 2006 онд “Изинис”-ийг дотоодын нислэг үйлдэх зорилгоор байгуулсан түүхтэй. Орон нутгийн 14 чиглэл, мөн ӨМӨЗО-ы Хайлаар хот руу нислэг үйлддэг болтлоо өргөжсөн тус компани 2014 оны хавар дампуурлаа гэнэт зарласан.
Тоймгүй их алдагдал үүрч, өр ширэнд баригдсан учраас татан буулгахаас өөр арга байгаагүй тухай мэдэгдэж байв. Гэтэл “Изинис эйрвэйз” монголын нөлөө бүхий 13 улстөрч, бизнесмэнийн хөрөнгө оруулалтаар сэргэсэн гэх мэдээлэл тархах болсон. Өнөөх 13 хүний дунд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ч.Хоролсүрэн нар ч бий гэдэг. Тэр бүү хэл, ажилд орсон даруйдаа МИАТ-ийн зардлаар Лондон хотын Брунейн Их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын ангид суралцсан Т.Эрдэнэ хүртэл удирдлагад нь байгаа сурагтай. Т.Эрдэнэ нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эгчийн хүүхэд гэдгийг өмнөх дугаартаа дурьдсаныг энд дахин сануулъя.
Хэрэв энэ бүхэн үнэн бол Т.Бадамжунай, Б.Хурц нарын МИАТ-ийг үнэгүйдүүлж, жолоодлогогүй болгосны учиг тайлагдаж буй нь энэ биз. Т.Бадамжунай, Б.Хурц нарыг хэтэвч нэгтэй, хуурай ах дүүс гэлцдэг. Тэдний бүлэглэл МИАТ-ийг үе залгамжлан сүүлийн 10 гаруй жил удирдан чиглүүлж, боловсон хүчний хомсдолд оруулж, бодлогыг нь үнэгүйдүүлэн, ашгийг алдагдал болгож хувиргасан олон жишээ баримт бий.
Өдгөө шинэ авиа компанитай өрсөлдөх чадавхи, боломж, дархлаа МИАТ-т байхгүй. Сул дорой болж, элгээрээ мөлхсөн МИАТ-ийн нэг бодлого алдагдаж, мэргэжлийн боловсон хүчин ч үгүй болсон. Энэ үед шинэ авиа компани гарч ирэх ашигтайгаар барах уу. Нөгөөтэйгүүр, МИАТ-ийн бүх мэдээ мэдээлэл, дотоод журам Б.Хурцын гар дээр өглөө бүрийн шинэ мэдээ болж очдог гэхэд хэтийдэхгүй биз. Хамгийн чухал маркетингийн албанд Б.Хурцын дүү Б.Мандухай ажилладаг хойно. Түүгээр дуусахгүй Б.Хурцын гар хөлүүд МИАТ-ээр дүүрэн. Ямартаа зөвхөн Б.Хурцын ачаа тээврийг зөөвөрлөдөг хэсэг бий хэмээн салбарынхан нь ярьж байхав. Дараагийн дугаарт эл хэсэг нөхдийн нэрийг дурьдах тул энэ хэсгийг ингээд үлдээе.
Монгол хоёр дахь боломжоо алдах вий, Ерөнхийлөгч өө
Уул уурхайгаа 20 гаруй жил ухаад Монгол баяжсангүй. Бас хөгжсөнгүй. Нэг хэсэг нь биш нийтээрээ баяжих боломж бий ганц салбар аялал жуулчлал. Энэ салбараас Монгол хөрөнгөжих, хөлжих боломжтойг гадна, дотны судлаачид хэлдэг. Гэтэл аялал жуулчлалын салбар МИАТ-ээс болж үнэгүйдэж, үр ашиггүй өнгөрөх вий.
Жуулчид ид ирдэг зуны гурван сар МИАТ онгоцны хомсдолд орж, таг суудаг гэвэл уншигч та итгэх үү. Энэ компанийн ашигтай ажилладаг бүх чиглэлийг ашиггүй болгодог мафи ажилладаг гэж хардмаар.
2008 оны наймдугаар сард МИАТ компани хоёр дахь “Боинг 737-800” онгоцоо “CIT Aerospace”-aac түрээсээр авсан байдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Америк улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэрээ Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-нд шинэ “Боинг 767-300 ER”, “737-800” гурван ширхэг агаарын хөлгүүдийг худалдан авах тухай гэрээг үзэглэсэн. Гэрээний дагуу эхний онгоцоо 2013 оны тавдугаар сард, дараагийн онгоцоо арваннэгдүгээр сард хүлээн авч нислэг үйлдэж эхэлсэн юм.
МИАТ хуучин онгоцонд дунджаар сар бүр 200-300 мянган ам.доллар төлж, ашиглалтын зардал ч багагүй гаргадаг байсан үе үүгээр төгсгөл боллоо хэмээн тухай үеийн салбарын удирдлагууд онцолж байв. Гэсэн ч МИАТ ашигтай ажиллаагүй. Зурвас үе буюу Т.Тамирыг МИАТ-ийн захирлаар ажилласан он жилд ашигтай ажилласан гэх үзүүлэлт бий. Гэхдээ энэ ашиг түүний гавьяа юу, гай юу гэдгийг хэлэхэд бэрх.
Удамшдаг мэргэжил бий хэмээн нисэхийн салбарынхан ярих дуртай. Тиймдээ ч нисгэгчийн хүүхдийг нисгэгч болоход тун ч таатай хүлээн авдаг аж. Учир нь нисэхийн гэр бүлээс мэргэжилдээ хайртай, багаасаа нисэхээр өвчилсөн хүүхэд төрдөг гэнэ. Мөн багаасаа салбараа мэдэрсэн байдаг учраас замаас няцах нь ховор гэдгийг ч энэ салбарын ахмадууд онцолдог. Үнэхээр тийм байх боломжтойг Т.Тамирыг захирлаар ажиллаж байх үед МИАТ-ийн маркетинг хариуцан ажиллаж байсан Д.Оюундэлгэрээр жишиж болохуйц. Тэрбээр удам дамжсан нисэхийн гэр бүлээс гаралтай нэгэн. Тиймдээ ч энэ салбарыг алган дээрээ тавьсан юм шиг мэддэг хэмээн авиа компаниуд магтах нь бий. Түүнийг маркетинг хариуцан ажилласан хоёр жилийн хугацаанд МИАТ ашигтай ажилласан байдаг. Мөн ханшийн зөрүү ч алдагдлыг ашиг болоход нөлөөлсөн гэж байгаа. Товчхондоо Т.Тамир зөвхөн азтай нэгэн бөгөөд Д.Оюундэлгэрийн буянаар МИАТ-ийн алдагдал ашиг болж хувирахыг харсан гэлцэж байна.
Онгоц “алдагдав”
Гэхдээ бадарчин баярлах болоогүй гэдэг шиг асуудал бас бий. Улстөрчдийн болоод хүчний салбарынхан МИАТ руу шүлэнгэтэж эхлэхэд ашиг алдагдал болж хувирсан гашуун үнэн бий. Хэдийгээр Т.Тамирын үе шиг ашигтай ажиллах боломж бий ч ашигладаггүй. Боловсон хүчний бодлого алдагдсан МИАТ зуны цагт нэг онгоцоо “алдчихдаг” хачин зуршил бий.
Уул уурхайгаа ухаж, хамаг баялгаа шавхахын оронд аялал жуулчлалыг хөгжүүлж, хөдөө аж ахуйгаа түшиглэж мөнгө олох боломж Монголд хангалттай бий. Харамсалтай нь зөв бодлого, нэг толгой үгүйлэгдэж байна хэмээн гадны эдийн засагчид шагширдаг. Тэгвэл жуулчид ирэх цагаар Монгол онгоцны дутагдалд орж, ангаж цангаж суудаг.
Хэд хоногийн өмнө “Нойтон түрээс”-ийн үйл ажиллагааны ээлжит экипаж ажил үүргээ гүйцэтгээд Чех улсаас эх орондоо ирсэн мэдээлэл цацагдав. Баярлууштай мэдээ хэмээн олноороо алга хавсарсан. Өнөөх оргил ачааллын үеэр алга болсон онгоц эх орондоо ирж байгаа нь тэр. МИАТ ХК 189 хүний суудал бүхий “Boeing 737-800” агаарын хөлгөө БНЧУ-ын “Тravel Service” компанид нойтон түрээсийн журмаар түрээслүүлэхээр харилцан тохирсон нь тэр байж. Өөрсдөө онгоцны гачаалтай байж өнгөрсөн жил тус компанид “Boeing 737-800” агаарын хөлгөө түрээслүүлсэн байна.
“Нойтон түрээс” гэдэг нь түрээслүүлэгч агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн анхдагч болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцаж, харин түрээслэгч нь зорчигч, ачаа тээшний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах ажлыг гүйцэтгэдэг түрээсийн нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, МИАТ ХК агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их бие болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцна гэсэн үг. Дээрх гэрээний дагуу эхний ээлжинд МИАТ ХК-ийн нисэгч, инженер, үйлчлэгч, нислэгийн хяналт зохицуулалтын ажилтнуудаас бүрдсэн нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг БНЧУ-д ажиллаад ирсэн нь энэ. Гэрээний хүрээнд “Boeing-737-800” агаарын хөлгөөр Европ, Хойд Африк болон ОХУ-ын 50 орчим чиглэлд нислэг үйлдсэн байна.
Уг нь БНЧУ-ын “Травел сервис” компанитай нойтон түрээсийн гэрээ байгуулснаар МИАТ компани 2017 онд 4.5 орчим сая ам.долларын орлого олж, үүний 8-10 орчим хувь нь цэвэр ашиг байх тооцоог хийсэн байдаг. Ийнхүү зөвхөн агаарын тээврийн компанийн ашгийг тооцсоноос нислэгийн ачааллын үед буюу 4-8 дугаар сард агаарын хөлгийн дутагдалд орсон нь тэр. Дутагдалд оруутаа “Травел сервис” компанитай хийсэн гэрээг цуцлалтай биш оронд нь Оманы “Оман айр” компаниас “Бойнг 737-700” буюу хэт жижиг онгоцыг хоёр жилийн хугацаагаар түрээсэлжээ. Энэ онгоцыг түрээслэн авахтай холбоотой зардалд 670 мянга орчим ам.доллар зарцуулсан байна. Дээрээс нь сар бүрийн түрээсийн зардлыг оруулан тооцвол БНЧУ-ын “Травел сервис” компанитай байгуулсан нойтон түрээсийн гэрээнээс олох орлогоос нь хэд дахин өндөр болж, алдагдал хүлээж эхлэв. Түүнчлэн “Оман айр” компаниас турээсээр авсан “Бойнг 737-700” онгоцоос болж, ачаалал багатай өвлийн улиралд МИАТ ХК онгоцны илүүдэлтэй сууж байдаг болсон эмгэнэл нүүрлэв.
Үүнээс гадна 2017 оны арваннэгдүгээр сард Гайти улсын “Sunrise airways” компанитай нойтон түрээсийн гэрээ байгуулсны дагуу МИАТ ХК-ийн “Бойнг-767” онгоц тус улсад нислэг үйлдэж байна. Энэ нислэгээс МИАТ ХК 300 орчим сая төгрөгийн ашиг олох тооцоог хийсэн байгаа юм. Гэвч Кипр улсын “Zela aviation” компани зуучлалын хөлсөндөө 450 мянган ам.доллар авахаар байгаа нь МИАТ компанид ашиг гэхээсээ алдагдал авчрах нь тодорхой. Уг нь аливаа улсын иргэний агаарын тээврийн компани нойтон түрээсээс маш их ашиг олдог. Харин манай МИАТ-ийн нойтон түрээсийн гэрээ дандаа алдагдалтай гэгдэж байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Сая ам.доллар мартатлаа МИАТ баяжсан уу
Түүнчлэн Чех улстай байгуулсан нойтон түрээсийн гэрээний нэг сая ам.доллараа авахаа мартчихсан байсан гэвэл уншигч та итгэх үү. Мартсан мөнгийг нь аудитынхан шалгалтаар илрүүлж байж санасан байгаа юм. Сая ам.доллар мартахаар болтлоо МИАТ баяжчихаагүй байлтай. Тийм хэмжээний ашиг олох нь битгий хэл алдагдал хүлээдэг газар. Гэтэл ийм хэмжээний мөнгийг түрээслэгч талаас авахаа мартсан нь анхаарал татахаас гадна хардлага төрүүлнэ. Тэр бүү хэл, сая ам.долларыг нь сануулсан аудитынхныг гадагш нь үнэгүй нисгэж, амыг нь тагласан мэдээлэл дүүрэн байна.
МАН-ын нөлөө бүхий эрхэм Т.Бадамжунай гараа сунгаж, МИАТ рүү дүрсэн мөчөөс дээрх нойтон түрээсийн гэрээ үзэглэгдэх болсон байна. Улмаар Б.Хурцын хаанчлалын үед ч өнөөх нь хийгдэж ашиг биш алдагдал хүлээж байв. Цаашлаад Т.Тамирын үед ийнхүү сая ам.доллар мартсан гээд тоочоод байвал барагдахааргүй. Гэсэн ч нислэгийн ачааллын үеэр онгоцоо түрээслэж, өөрсдөө өөрийг гуйж алдагдал хүлээсээр суугаа нь МИАТ-ийг үнэгүйдүүлэх гэсэн үнэгэн мэх мэт харагдаж байгаа юм.
Ж.Бат-Эрдэнийн бас нэг гавьяа
Өмнөх нийтлэлд дурьдсанчлан золгүй байдлаар албан тушаалаа өгөхөөр болоод байгаа Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ МИАТ-ийн алдагдлыг бууруулах боломжийг бий болгосон нь Солонгосын талтай зөвшилцсөн байдал. Солонгосын тал 300 хүний суудалтай “Аеrobus-330” хэмээх онгоцоор Монгол руу нислэг үйлддэг. Харин МИАТ 160 хүний суудалтай “Боинг 737” нислэг үйлдэж байсан ч шинэ онгоцтой болж 260 хүний суудалтай “Бойнг 767” онгоцоор тээвэрлэж байлаа. Гэвч удалгүй онгоцоо жижигрүүлж 220 хүний суудалтай болгосон байдаг. Зөвхөн энэ зөрүүн дээрээс 20 мянган зорчигчоо өөр авиа компанид алддаг нь харагдана.
Энэ алдагдлыг нөхөхийн тулд МИАТ 57 удаагийн нислэгийн зөвшөөрлийг Ж.Бат-Эрдэнэ сайд Солонгосын талтай зөвшилцөж 70 болгон нэмэгдүүлсэн байгаа юм. Харамсалтай нь МИАТ онгоц байхгүй хэмээн нислэг үйлдээгүй. Учир нь оргил ачааллын үеэр өнөөх онгоцоо Чехэд түрээслэчихсэн шүү дээ. Үүний цаана асуудал бийг Эрүүгийн цагдаагийн газрынхан эрх биш мэддэг л байх. Учир битүүлэг эл явдлаас болж МИАТ оргил ачааллынхаа үеэр алдагдал хүлээсээр.
Мөн Бээжин рүү 14 нислэг үйлдэхээс 10 л явдаг гэж байгаа. Иймээс МИАТ энэ зун Бээжин болон Солонгос руу хичнээн нислэг үйлдсэн, яагаад тохирсондоо хүрээгүй зэргийг нь хуулийн байгууллага шалгавал яггүй зүйл илрэх вий.
МИАТ-ийн асуудал ганц МИАТ-ийн бус, иргэний агаарын тээврийн гэхээсээ Үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдахаар хэмжээнд хүрчихээд байгааг Аюулгүй байдлын зөвлөл анзаардаг уу, үгүй юү. Уг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Х.Баттулга Зам тээврийн сайдаар ажиллаж байсан нэгэн тул энэ салбарыг илүү ойлгож, дорвитой арга хэмжээ авна гэж найдаж энэ цувралыг бичиж байгаа хэрэг. Монгол Улс хоёр дахь боломжоо алдвал модоо барихад тун ойрхон байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч гадарлах биз. Дөнгөж нахиалж байгаа энэ салбар МИАТ-ээс болж нүд аних вий.
Үргэлжлэл дараагийн дугаарт.
Эх сурвалж Нийгмийн шуудан сонин
URL: