Архагшсан ажилгүйдэл, ядуурал бүх зовлонгийн үндэс
ТӨР ӨӨРӨӨ АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРАЛ РУУ АРД ИРГЭДЭЭ ТҮЛХДЭГ
Ажилгүйдэл, ядуурал нийгмийг нэлд нь нэрвээд байна. Улс орны хөгжлийг хөмрүүлж буй энэ хос чөдөр Монголын нийгэмд хэрхэн гүн нэвчсэнийг хэдхэн баримтаар хүргэе. Эдүгээ монгол гурван хүн тутмын нэг нь ядуу, сарын 45 мянган төгрөг буюу өдрийн 1350-хан төгрөгөөр өл залгаж байна. Монгол Улсын хөдөлмөрийн насны 130 мянган хүн ажилгүй, төрөөс хайр халамж горьдон, шар нар, бор хоногийг өнгөрөөсөөр.
Ялангуяа, эх орны хөгжлийг нуруун дээрээ үүрэх учиртай 30-39 насныхан ядууралд гүн шигдсэн. Ажилгүй гурван хүн тутмын хоёр нь 40-өөс доош насны бие эрүүл, ухаан саруул идэр нэгэн байна.
Монголын хөгжлийг сэвхийтэл татах учиртай залуус маань өнөөдөр ажилгүйчүүдийн армийг түүчээлж, амьдралын баталгаажих түвшнээс доогуур иргэдийг манлайлж байна. Монгол улс сүүлийн 30 орчим жил хөгжлийн дөнгө болсон ажилгүйдэл ядууралтай тэмцсээр ирлээ. Бүр ганцаараа бус Азийн хөгжлийн банк, дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран зүтгэсэн.
Дэлхийн банк 1995 онд Монгол улсын ядуурлын түвшний албан ёсны анхны судалгааг хийжээ. Одоогоос 20 гаруй жилийн өмнө манай улсын ядуурлын түвшин 35, ажилгүйдэл 5.5 хувьтай байсан хэмээн дэлхийн банкны шинжээчид тайландаа дурджээ. Тэгвэл үүнээс хойш нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ.
Үндэсний статистикийн хороонытооцоогоор энэ оны хоёрдугаар улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 7.5, ядуурлын түвшин 29.6 хувьтай байна.
Монгол улс шинэ үндсэн хуулиа баталснаас хойш ядуу монгол хүний тоо буурсангүй. Харин ч ажилгүйдэл хэмээх хөгжлийн шинэ дөнгөтэй дөрөө харшин, дээш цойлсоор.
Үүгээр ч зогсохгүй статистикийн байгууллагаас танилцуулдаг энэ тоон дүнгийн ард ч ажилгүйдэл нуугддаг. Технологийн шинэчлэл, улс төрөөс үүдсэн бүтцийн өөрчлөлтийн улмаас хөдөлмөрийн зах зээлд далд ажилгүйдэл хүрээгээ тэлж, цалин авдаг атлаа ажил хийдэггүй, илүүдэл ажилчдын тоо нэмэгддэг байна.
Хуурай тооны ард нуугдсан, манай улсын бодит ажилгүйдэл 25 хувьд хүрснийг хэдэн жилийн өмнө нэгэн олон улсын байгууллага судалсныг саяхан албаны эх сурвалж дурдаж байсан.
Энэ “гашуун” тоо үндэслэлтэй болохыг баталсан ганцхан жишээ хүргэе. Төрийн албаны таван хүн тутмын нэг нь дарга эсвэл захиргааны албан тушаалтан байна. Манай төрийн албанд 22 мянган дарга, захиргааны ажилтан байгааг төрийн албан зөвлөлийн тайлангаас харж болно. 2017 оны байдлаар манай төрийн бүх шатны албан хаагчдын тоо 3000-аар өсөж, 192 мянгад хүрсэн.
Үүний 130 мянгыг эмч, багш зэрэг үйлчилгээний албан хаагчид эзэлж буй бол бусад нь улс төрийн болон захиргааны, тусгай албаны албан хаагчид. Гэтэл хүн амын тоогоор Монголтой эн тэнцүү Албани, Катар зэрэг орны төрийн албан хаагчдын нийт ажиллагсдын тоонд эзэлж буй хувь хэмжээ манай улсынхаас мэдэгдэхүйц бага байна.
Ер нь хуруугаа бүртгүүлж цалин авдаг, төрийн ажлыг амин хувийнхтайгаа хавсран хийдэг, технологийн дэвшлийн улмаас хийх ажилгүй болсон, мэдлэг ур чадвараараа гологдсон хэдий ч суудал бөглөдөг гээд хөдөлмөрийн зах зээлийн шударга бус жишээг та хэр мэдэх вэ.
1995 оноос хойш Монголын эдийн засгийн хэмжээ 40 дахин томорч, улсын төсөв 50 дахин тэлжээ. Өдгөө найман их наяд төгрөг шүргэж буй Монгол улсын төсөв 1995 онд 144.5 тэрбум төгрөгөөр л хэмжигдэж байсан гэвэл та итгэх үү. Одоогийн ганц яамны эсвэл нэг сайдын захиран зарцуулах зардалд ч хүрэхгүй энэ мөнгөөр Монгол улс бүтэн жил бүхнийг зохицуулж байсан гээд бод доо.
Сүүлийн 30 орчим жил Монголын эдийн засаг ийнхүү танигдахын аргагүй болтлоо томорсон атал ажилгүйдэл, ядуурал буурсангүй. Харин ч архагшиж, нийгэм, эдийн засгийн шүдний өвчин болсон ажилгүйдэл, ядууралд ард түмэн дасаж дөжрөөд байна. Ядуурлыг ажилгүйдэл, ажилгүйдлийг эдийн засгийн тогтвортой өсөлт арилгаж чадна.
Тэгвэл ажилгүйдэл, ядуурлын аль алиныг нь анагаах эдийн засгийн тогтвортой өсөлт Монголд бий бил үү. Сүүлийн хэдэн жил Монгол улсын эдийн засаг хасах 1.3 хувиас нэмэх 17.3 хувь хүртэл огцом хэлбэлзлээ. Гэтэл олон улсын жишгээр эдийн засгийн аливаа өсөлт тодорхой цаг хугацааны дараа, өөрөөр хэлбэл, нэлээд хожуу буюу 1-2 жилийн дараа иргэнд хүрч наалддаг байна.
Манай улсын бодит ажилгүйдэл 25 хувьд хүрснийг албаны эх сурвалж хэллээ
Тухайлбал, 2011 онд Монголын эдийн засаг 17.3 хувиар өсөж, эдийн засгийн өсөлтөөрөө Монгол улс тив дэлхийд тэргүүлэх үед иргэн Батын өрхийн дундаж орлого 2011 онд 120 мянган төгрөгөөр өсчээ. Гэтэл дараа жил буюу 2012 онд бараг хоёр дахин өсөж, 800 мянган төгрөг давж байжээ.
Эдийн засгийн тоон өсөлт Батад бодитоор наалдахад ийнхүү хугацаа хэрэгтэй болдог байна. Харин тогтвортой бус, уул шиг өсгөж, уруудсан эдийн засаг ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, цалин хөлсийг нэмэгдүүлдэггүй байна. Бас эдийн засгийн өсөлт нь манайд зарим талаар сөрөг нөлөөтэйг дэлхийн банкнаас анхааруулсан.
Уг нь өсөлт нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, өрхийн орлого өсгөснөөр ядуурлыг бууруулах ёстой. Гэтэл манайд эдийн засгийн өсөлт нь инфляц хөөрөгдөх шалтгаан болж, улмаар өрхийн худалдан авах чадварыг бууруулж, ядуурал багасахад саад болдог гэсэн судалгааны дүн гарчээ. Цаашлаад эдийн засгийн энэ өсөлтийг үр ашигтай зарцуулалгүй, хавтгайрсан халамж хэлбэрээр тараасан нь хөдөлмөр эрхлэлтийг боомилж, төр өөрөө ажилгүйдэл, ядуурал руу ард иргэдээ түлхдэг.
Үүнийг ч сүүлийн 6-7 жилд манай улсад өрнөсөн улс төрийн амлалт, хавтгайрсан халамж бэлээхэн батална. Мөн баялгийн тэгш бус байдлыг дэвэргэж, нийгмийн тэгш бус байдалд хүргэдэг. Аль ч нийгмийн хөгжлийн зүтгүүр болдог дундаж давхарга хүн амынхаа 60-70, бүр 80 хувийг эзэлдэг.
Гэтэл дундаж давхарга нимгэрсээр өдгөө 30 хувьд хүрээд байгаа. СЭЗИС-ийн багш, доктор, дэд профессор Ж.Дэлгэрсайхан “Ядуурлын үр дагавар маш ноцтой. Хүн хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрэхээс гадна ядуурал нийгмийн сэтгэлгээг доройтолд хүргэдэг. Эрүүл мэнд, гэмт хэрэг зэрэг нийгмийн үзүүлэлтүүдийг доош чангааж, нийгмийн дотор харилцан адилгүй түвшнүүд бий болгон, үл ойлголцол төрүүлдэг” гэв.
Өөрөөр хэлбэл, ажилгүйдэл, ядуудал нь зөвхөн эдийн засгийн гэлтгүй нийгмийн суурь эмгэг болж таарч байна. Эдүгээ Монголын нийгэмд аюулын харанга дэгдээж, айдаст автуулж буй хүүхэд хамгаалал, агаарын бохирдол, боловсролын хүртээмж гээд бүх асуудлын цаана ядуурал нуугдаж байна.
Ядуурал дагаж монгол хүний үнэлэмж унаж, тэр бүү хэл эрүүл мэндийн доройтолд орж, өвчин эмнэгт нэрвэгдэж байна. Тиймээс Монгол улсад хуримтлагдсан бүх асуудал, зовлонгийн үндэс болох ядуурал, ажилгүйдлийг бууруулахад төрийн бодлогыг чиглүүлэх цаг нэгэнт болжээ.
Засгийн газрын мэдээ
URL: