Утаанд тэрбум, их наядаар нь мөнгө зарцуулаад ч нэмэргүй

25nn3oa1mrsncd4iuq0c19qc0qХүйтний ам наашлахтай зэрэгцэн Улаанбаатарчуудын утааны эсрэг тэмцэл эхлэдэг. Үр дүнгүй хэдий өвлийн гол сэдэв, гол дайсан болох утаатай тэмцэх шинэ санал, санаачлагад зарцуулсан мөнгө хэдийнээ 300 тэрбумд хүрсэн гэдэг. Улаанбаатарын утааг арилгах тухай жил бүр яригддаг ч өнөөдөр байдалхэвээрээ л байна. Харин 2018 он гарсаар утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахаа илэрхийлж тал талдаа төлөвлөгөө боловсруулж сууна. Урьд урьдын арга хэмжээнээс өөр хандаж, төлөвлөсөн байдлаас нь харахад сайшаахаас өөр арга алга.

Гэхдээ л утаа арилгана гэхээр салбарынхаа сайдаас эхлээд боловсруулсан түлш, утаагүй зуух ярьсан хэвээр байгаа нь утаа арилгана гэсэн итгэлийг аяндаа үгүй хийж байна. Энэ нь хэрэгжүүлж буй төлөвлөгөөгөө иргэд олон нийтэд сурталчилан таниулахгүй байгаатай ч холбоотой байж мэднэ. Үнэн хэрэгтээ Улаанбаатарын гэр хороололд байх 300 гаруй мянган өрх айлыг ойрын хэдэн жилдээ оронсууцжуулах ямар ч боломжгүй учраас ойрын хугацаанд шийдвэрлэх арга хэмжээ авч таарна.

Тэр нь юу вэ гэхээр Монгол Улсад мөрдөгдөж буй “Сайжруулсан түлшний стандарт” юм. Утааг 100 хувь арилгахгүй ч гамшгийн хэмжээнээс нь холдуулах сайн төлөвлөгөө бол бий. Энэ стандартыг мөрдөөд хэлэхээр утаа эрс багасах тухай салбарын сайд ёс төдий ярина билээ. Үүнээс гадна цахилгаан халаагуурыг өргөн хэрэглэнэ гэж төлөвлөгөөнд тусгасан нь бий. Энэ арга хэмжээ нь бас л тус дэм болно. Өнөөдөр ярьж болох ч маргааш хэрэгжүүлэхэд олон бэрхшээлтэй тулах нь дамжиггүй юм.

Тухайлбал,

Засгийн газраас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тогтоол баталсантай холбогдуулан 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон. Тодотгож хэлбэл, тогтоол хэрэгжихээсээ 14 сарын өмнө батлагдаж байгаа нь ч гайгүй төлөвлөгөөт ажлууд байгаа бололтой. Гэтэл юуны өмнө иргэд олон жил хэрэглэж дадсан нүүрсээ түлэхгүй байж чадахгүй. Ямар нэгэн аргаар оруулж ирээд түлэхийг зорино. Үүнээс үүдсэн яах аргагүй маргаан дэгдвэл яах вэ.

Урьдчилсан байдлаар энэ хөтөлбөрт ажилд 30 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь бий. Энэ нь чухам ямар эх үүсвэрээс гарах вэ гэдэг хамгийн чухал асуудал. Тэгэхээр нийслэлийн хэрэглээнд 540-600 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэнэ гэсэн тооцоо бий. Хөрөнгийн эх үүсвэр байлаа гээд Улаанбаатарыг хангах хэмжээнд үйлдвэрлэж чадахгүй бол яах вэ.

Цахилгаан халаагуур хэрэглэхэд тарифийн хөнгөлөлт эдлэх, бүр 0 төгрөг болгох тухай хөтөлбөрт тусгасан. Гаднаас эрчим хүчээ экспортлодог улсын хувьд байнга алдагдалтай байдаг нь нууц биш. Тэгэхээр гэр хорооллын чиглэлд хөнгөлөлт үзүүлэх эрчим хүчний эх үүсвэр ч тодорхой бус байгаа нь шалтгаан мөн. Цахилгаан халаалт тавьсан айл өрхийн эрчим хүчний тариф өндөр гараад байвал яах вэ гэх мэт асуудлууд байна.

Тэрбумаас их наяд руу өсөх утааны ханш

Сүүлийн 10-аад жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 200 орчим тэрбум төгрөг зарцуулжээ.

Үүний үр дүнг тооцсон нь үгүй. Шахмал түлш, гэрийн бүрээс, зуух тараахаас эхлээд олон арга чарга хэрэглэж туршсаар өнөөг хүрэв. Энэ туршилт дотоод орчны агаар шүүгч төхөөрөмж, утааны шүүлтүүртэй маскаар үргэлжилж байгаа. Гэтэл өнгөрсөн жил батлагдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн тулд 2025 он хүртэлх долоон жилд 9.9 их наяд төгрөг шаардагдана гэсэн тооцоо бий.
Засгийн газраас хамгийн сүүлд гаргасан шийдэл нь айл өрхүүд дулааны алдагдлаа багасгах, дулаан хуримтлууртай цахилгаан халаагуурыг гэр хорооллынхонд тараах. Эхнийх нь хувь хүн, айл өрхүүдээс 100 хувь шалтгаална. Хоёр дахь арга хэмжээг хэрэгжүүлснээр гэр хорооллын янданг 60 мянгаар бууруулна гэж тооцжээ.

Хуримтлууртай цахилгаан халаагуурын тендерийг Засгийн газар зарлаад байгаа гэсэн мэдээлэл байна. Тендер зарлаж худалдан авсан халаагууруудаа гэр хорооллынхонд үнэгүй тараах бололтой.

Бүрэн шаталттай зуух үнэгүй тараагаад үр дүнгүй хоцорсон сургамж уг нь бий. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Тиймээс агаарын бохирдлын эсрэг тусгай сан байгуулаад уг сангаас иргэдэд хүүгүй зээл олгож, хуримтлууртай халаагуур худалдан авахыг дэмжих нь оновчтой. Эс тэгвэл өмнөх жилүүдийнх шиг үр дүнгүй, буруу бодлого, менежментээр явбал агаарын бохирдол, утаанд тэрбумаар биш их наядаар нь зарцуулаад ч үр дүн гарахгүй л болов уу.

Erennews.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих