Өнгө алагласан төлөөлөлтэй Оросын Дум

Зөвхөн манай парламентад ч бөхчүүд, тамирчид, телевизийн одод гээд төрөл бүрийн салбарын хүмүүс алаглаж байдаггүй бололтой. Хамгийн ойрын жишээг тун саяхан хойд хөршид болоод өнгөрсөн ОХУ-ынТөрийн Думын сонгуулийн дүн харуулж байна. Өмнө нь ч Оросын Думд алдартнууд цөөнгүй байсныг бид мэднэ. Тухайлбал нэг үе Путинтай нэр холбогдоод амжсан алдарт гимнастикч Алина Кабаева, нэрт бөх Карелин болон Монголд айлчилж гарал нэгтнүүддээ бэлэг барьж байсан телевизийн од Буратаева гэх мэт олон одод байлаа.

Тэгвэл Оросын Думын хэл ам,жагсаал цуглаан дагуулсан ээлжит сонгуулийн дараа олонхийн суудал авсан одоогийн эрх баригч “Нэгдмэл Орос” намын бүрэлдэхүүн багагүй шуугиан дэгдээж байна. Оросын парламентийн доод танхимын хүндэт суудалд Оросын эрх баригч намыг төлөөлж боксын аварга тамирчин, коммунист дэглэмийн үеийн улстөрийн товчооны гишүүнээс авахуулаад алдарт “Playboy” зугаа цэнгэлийн сэтгүүлийн од хүртэл морилон суухаар болж байна.

Хэдийгээр Орост олон арван мянган хүний эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон ч ОХУ-ын ерөнхийлдөгч Димитрий Медведев зарлиг гаргаснаар тэдгээр онцгой содон түүхтэй Төрийн Думын төлөөлөгчид ирэх лхагва гарагт болох анхны хуралдаандаа суухаар болоод байгаа юм.

Мэдээж Оросын Төрийн Думын шинэ бүрэлдэхүүний хамгийн содон дүр төрхөөр Оросын телевизийн “Универ” хэмээх олны танил болсон цуврал киноны гол дүрд тоглодог Мария Кожевникова байх нь гарцаагүй. Олны танил гоо бүсгүйчүүлийн нүцгэн зургийг гаргадгаараа зард гарсан “Playboy” сэтгүүл түүний зургийг өөрийн нүүр хуудсанд тавьж байсан нь Орос даяар томоохон сенсаци болж байжээ. Мөн Оросын Төрийн Думын суудалд өрсөлдөж байх үед нь бас нэгэн алдартай сэтгүүл болох “Maxim” Мария Кожевниковаг Оросын хамгийн тачаангуй бүсгүйгээр тодруулан зарлаж байсан аж.

Мөн Оросын нүд булаам гоо үзэсгэлэнгийн төлөөллийг Төрийн Думд оруулж чадсан “Нэгдмэл Орос” намаас хамгийн ахмад гишүүнийг ч бас сонгуулж чаджээ. Өдгөө 87 настай Владимир Долгих нь 1980-аад оны үед тухайн үеийн Зөвлөлт засаглалын үед төр барьж байсан коммунист намын улстөрийн товчоонд металлургийн салбарыг хариуцан ажиллаж байжээ. Тэрээр нөгөөдөр эхлэх шинэ бүрэлдэхүүнтэй Төрийн Думын чуулганыг эхлүүлэх хүндтэй үүргийг өөрийх нь өмнө гүйцэтгэж байсан 81 настай Нобелийн шагналт физикч Жорес Алфероваас “булааж” авчээ. Гэхдээ энэ хоёр “өндөр настнууд” аль аль нь Төрийн Думд өөрийн суудалдтай үлдсэн бөгөөд магадгүй үзэсгэлэнт Марья Кожевниковагийн дэргэд тохой нийлүүлж байгаагаараа магадгүй ноён Долгих илүү онцгой харагдах биз ээ.

Нөгөө талаар энэ удаагийн Төрийн Думын сонгуулиар Оросын тамирчдад сонгогч нар илүү их итгэл хүлээлгэсэн байдал харагдаж байна.Оросын парламентад дэлхийн хүнд жингийн нэрт боксчин Николай Валуев шинээр орж ирж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь тэрээр Оросын Кемеров мужийн сонгогчидтой уулзаж сурталчилгаагаа хийж байх үедээ Сибирьт алмасын мөрийг олж үзсэн тухайгаа ярьж явжээ. ( Манай нэг нэртэй улстөрч ууланд аялсныхаа дараа мөн ийм зүйл ярьж байсныг санаж байна.Хэн нь хэнээсээ санаа “хулгайлсан” юм бол.зох.)

Алмасны мөр хайгчаас гадна газрын теннисний алдарт тамирчин Марат Сафин мөн л Думд шинээр орж ирж байна. Олимпийн аварга алдарт гимнастикч Алина Кабаева болон цуутай аварга бөх Александр Карелин нарыг сонгогч нар ОХУ-ын Төрийн думд төлөөлөл болгон дахин илгээжээ.

Оросын кино болон урлагийн нэр цуутнууд ч мөн тамирчдаасаа хоцрохыг хүссэнгүй чадлаараа л өрсөлджээ. Тэдний дотор “Эцэг” зэрэг гайхалтай киногоороо нэрд гарсан кино найруулагч,жүжигчин Владимир Машков, мөн Людмила Максакова нарын алдартнууд багтжээ. Түүнээс гадна алдарт Эрмитажийн захирал ч мөн Думд сонгогдсон байна.

М.Түмэннаст

“Ардын эрх” сонин


URL:

Сэтгэгдэл бичих