Цагдаагийн удирдлага хүн хулгайлдаг болоо юу?!
Хүмүүс ээ! Цагдаагийн өдөөсөн эл хэрэг явдал маш ноцтой утгатай бас үр дагавартай үйлдэл шүү!
Гэр хороооллын хөдөлгөөний удирдагч Батсүхийг зөвшөөрөлгүй цуглаан хийж, хотын даргын цонх руу өндөг шидэж танхайрсан гэх хэргээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс баривчлан саатуулжээ. Энэ бол 19-ний лхагва гаригийн өдөр 12 цагийн орчим болсон хэрэг.
Гэтэл орой 20 цагийн үед хамтран тэмцэгчид нь Батсүхийг 805-р ангийн хорих ангид хүргүүлсэн гэх мөрөөр нь очтол тус төвийнхэн тийм хүн хүргэгдэж ирээгүй гэв. Буцаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирээд сураглатал таахалзсан хоёр офицер “яаж мэддэг юм” гэх зэргээр хэгжүүрхэн тоомжиргүй аашлав. Баривчилж аваачсан газар нь шүү дээ! Ийнхүү Батсүх сураггүй болов!
Ямар ч атугай намайг энэ мөрүүдийг бичиж суух агшин хүртэл Батсүхийн сураг алга л байна.
Цагдаа баривчилж аваад явсан хүн нь сураггүй болно гэдэг ер нь юу гэсэн үг вэ? Бүтэн биеэрээ төрийн мэдэлд хүчээр шилжсэн хүн нь сураггүй болно гэдэг яг юу гэсэн үг вэ?
Хүмүүс ээ! Цагдаагийн өдөөсөн эл хэрэг явдал маш ноцтой утгатай бас үр дагавартай үйлдэл шүү!
Дарангуйллын дэглэмийг тогтоох гарааны ажил, цагдаа тусгай албад нь хүн хулгайлан сураггүй алга болгох операцид хүн ардаа бага багаар дасгаж эхэлдэг. Улмаар хэвийн зүйл болтлоо өргөжин тэлдэг.
Дарангуйллын дэглэмд л цагдаа, тусгай алба нь хүн хулгайлан сураггүй алга болгодгийг бид мэднэ. Түүхээрээ үзсэн. Хэлмэгдэж, амиа алдсан 40 мянга орчим хүмүүс эхлээд сураггүй алга болцгоосон билээ.
Харин ардчилсан нийгэмд; цагдаа, тусгай алба нь тайван цуглаан хийж, эрхээ эдэлсэн иргэнээ бүү хэл танхайрсан хөлбөмбөгийн фанатуудыг хүртэл хором ч сураггүй болговол, засгаас нь цагдаагаа “турсагыг нь хуулдаг”. Даанч одоогийн манай эрх баригчид ийм төвшинд хүрээгүй. Аягүйдвэл захиалчихсан сууж буй!
Манай иргэд тун хэнэггүй улс. Нэн ялангуя өөрт нь тохиогоогүй хэргийг “үзэгчдийн суудлаас харах”-даа бүр ч хэнэггүй.
Тэгж байтал, мөнөөх гай өөрийг нь нөмөрсөн үед “чацга харван гүйх” бөгөөд хөөрхий үлдсэн эхнэр, хүүхэд нь нус нулимсандаа хутгалдахаас өөрийг чадахгүй. Бусад нь үзэгчдийн суудалдаа тухлан хэнэггүй царайлсаар, алсаас ирэх гайг тойроод өнгөрөх юм шиг суудаг!
Би, хотын дарга байхдаа Үндсэн хуульд заасан тайван жагсаал цуглаан хийх эрхээ эдэлж байгаа иргэдээ угтаж үйлчлэхийг нийслэлийн цагдаагийн удирдлагаас хатуу шаарддаг байсан. Тэгээд, Засгийн газрыг эсэргүүцсэн тариаланчид трактор, комбайнтайгаа жагсаж орж ирэхэд нь замын цагдаа дохиололтой машинаар угтаж үйлчилж байх жишээтэй. Ижил хүйстэн иргэдийнхээ цуглааныг цагдаа нар маань найдвартай хамгаалж байлаа. Манай цагдаагийн хамгаалах үйлчилгээн доор МАН зоргоороо цуглаан жагсаал их хийсэн дээ.
Цагдаа нь иргэдээ хамгаална гэдэг сайхан ажил. Надад, нэг цагдаагийн ахлах офицер, жагсаж цугласан иргэдээ тараана гэхээс хамгаалах нь илүү сэтгэлд ойр ажил юм гэж хэлж билээ.
Батсүх Үндсэн хуулиар баталгаажсан дархан эрхээ эдлэн тайван цуглаан хийсэн. Гэр хорооллынхныг дорд үзэж байгааг эсэргүүцэж, гэхдээ хотын даргын цонхийг хагалахгүй гэсэндээ өндөг шидсэн.
Гэтэл түүнийг баривчилсан! Чингэлтэйн цагдаагийн хэлтэст баригдаж очсон Батсүх одоо болтол сураггүй ээ!
Энэ байдал өөгшвөл цаг нь ирэхээр цагдаагийн удирдлага иргэдээ хулгайлаад хэгжүүрэхдэг болно шүү! Та бүхэн үзэгчдийн суудлаасаа босох хэрэгтэй! Онлайн дотор баатарлахаа больцгооё!
Бат-Үүл
http://www.shuurhai.mn/n/3693
URL: