Сүхбаатар аймгийн МАН-ын даргыг сонгох хурал хүний аминд хүрсэн үү?

ÿ9-1-550x300Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны ээлжит хурлын үеэр Эрдэнэцагаан сумаас ирсэн төлөөлөгч  амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ хурлаар  Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн нар намын даргын суудлын төлөө өрсөлдсөн.

Өрсөлдөөн ширүүхэн өрнөсөн ч Удирдах зөвлөлийн шийдвэрээр Засаг дарга Ж.Эрдэнэбаатарыг дэмжсэн. Гэтэл  Ш.Лхамсүрэн будлиан хутгаж,  хуралд оролцсон төлөөлөгч тус бүрт 100 мянган төгрөг тарааж, шөнөжин архидуулсан талаар эх сурвалж мэдээллэв.  Үүний улмаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын VI багийн Засаг дарга Б  амиа алдсан гэсэн мэдээллүүд одоогоор дуулдаж байна.

Намын даргын сонгуулиар Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн Сүхбаатар аймгийн МАН-ыг удирдахаар  болсон байна.  Түүний хувьд  өнгөрсөн хавар зохион байгуулагдсан “Дүнжингарав” хурдан морины уралдааныг  будлиантуулж, олны шүүмжлэлийг хүртэж байсан удаатай. Энэ удаа Сүхбаатар аймгийн МАН-ын даргыг сонгох хурлыг будлиантуулсан, тус хурлын үеэр  хөдөө сумаас ирсэн нэг төлөөлөгч нь нас барсан гэсэн шуугиан тариад байна.

Ер нь бол  МАН-ын дотоод зөрчил Тусгаар тогтнолын ордноосоо хальсан нь хаа сайгүй хар мөр татуулж байна. Тухайлбал, Зам тээвэр, хөгжлийн яаманд  гарсан аймшигт хэргийн мөрөөр  Засгийн газар нь огцрох нөхцөл байдал үүссэн ч  салбарын сайд, дэд сайд, газар, хэлтсийн даргаар ажиллаж байсан МАН-ын нэр бүхий эрхмүүд ажлаа өгснөөр дээсэн дөрөөн дээр дэнжигнэж үлдсэн.

Энэ асуудал намжаагүй байтал Сүхбаатар аймгийн МАН-ын хороо ээлжит хурлаа хийж, намын даргаа сонгох үеэр  дахин хүний амь эрсэдсэн хэрэг гарчээ.
Хэргийн мөрөөр  Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас тодруулахад “Хүн амиа алдсан хэргийг шалгаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Л.ХЭРЛЭН /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих