Бүх сайдын төсвийн “шар ус”-ыг шахъя

230512-18092018-1537246174-1607359655-төсөвХОЁР ЯАМНЫ ТӨСВИЙГ ДАЙЧЛАХАД Л 14.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРЧ БАЙНА

Багш нар бүтэн жил тэмцсэний хүчинд цалингаа нэмүүлж чадлаа. Хэдийгээр Засгийн газарт цалин нэмэх мөнгө байхгүй гэж мэдсэн ч, хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцсэн ажил хаялтыг зогсоох арга үүнээс өөр байсангүй. Манай сонин өнгөрсөн долоо хоногт багш нарын цалинг нэмэх хэмжээний мөнгө төсвийн үрэлгэн зардал дунд байгааг хөндөж бичсэн.

Тийм гарц ч байсан нь энэ сарын 14-нд ээлжит бусаар болсон Засгийн газрын хуралдаанаас харагдлаа. Тодруулбал, Засгийн газар багш нарын цалингийн зөрүүг тэгшитгэхэд шаардлагатай 14.5 тэрбум төгрөгийг ХНХЯ, БСШУСЯ-ны цалингийн сангийн нөөц бололцоог дайчлан гаргуулахаар болсон юм.

Өөрөөр хэлбэл, хоёр яамны сайдын ерөнхийлөн захирах төсвөөс багш нарын цалингийн нэмэгдлийг гаргуулна гэсэн үг. Мэдээж яамны ажилчдын цалинг хасаж, багш нарынхыг нэмэхгүй нь тодорхой.

Тиймээс танаж болох бусад зардлаа бууруулна гэсэн үг.

Цагаа тулахаар төрийн зардал дунд танах, хэмнэх боломжтой зардлууд асар их байдгийн баталгаа нь энэ. Ердөө хоёр яамны төсвийг дайчлахад 14.5 тэрбум төгрөг гарч байгаа юм чинь, бүх салбарын сайдын төсвийн “шар ус”-ыг нь шахвал үүнээс ч их мөнгийг хэмнэж, нэн шаардлагатай сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих мөнгө босоод ирэх юм биш үү.

Олон улсын жишгээр төрийн зардал ДНБ-ийхээ 10 хувьд багтаж байвал тухайн улс зөв замаар явж байна гэж үздэг. Харин Монгол улсын хувьд энэ үзүүлэлт аль хэдийнэ хэтэрсэн. Монгол улсын эдийн засаг энэ онд 25 орчим их наяд төгрөг гэж тооцвол төсвийн зарлага 9.6 их наяд орчим төгрөг байгаа.

Үүнээс энэ оны нэгдсэн төсвийн эхний долоон сарын гүйцэтгэлээр урсгал зардалд дөрвөн их наяд гаруйг нь зарцуулсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс бараг 200 орчим тэрбум төгрөгөөр өссөн дүн.

Боломж нэгэнт байгаа бол урсгал зардал болон нэн чухал биш, үр ашиг муутай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зардлаа танах, зайлшгүй шаардлагатай зардлыг бодитой, үнэн зөвөөр тооцож /багш, эмч нарын цалингийн нэмэгдэл/ төлөвлөх зэргээр төсвийн мөнгийг зөв зохистой бүрдүүлэх боломж бий гэдэг нь дээрхээр батлагдаж байна.

Сүүлийн 10 жил манай улсын төсвийн зарлага бараг 20 дахин нэмэгдсэн. Үүнд танах, хэмнэх боломжтой зардлуудыг санаатайгаар төсөвлөж, батлуулсан увайгүй үйлдлүүд их бий. Энэ олон төрийн болон төрийн өмчит байгууллагын шаардлагагүй, чиг үүрэг нь давхацсан орон тоо, байрны түрээс, халаалт, цахилгааны зардалд их хэмжээний мөнгө урсч байдаг. Нөгөөтэйгүүр, төрийн тодотголтой баяр наадам, зугаа цэнгэл сүүлийн жилүүдэд хавтгайрлаа. Монголчууд эрт дээр үеэс найр наадам хавтгайрах нь мөхөх төрийн шинж гэж хэлдэг байсан.

• Сүүлийн 10 жил манай улсын төсвийн зарлага бараг 20 дахин нэмэгдсэн байна.
• Нэгэнт л төрийн зардлыг хэмнэх асуудал ярьж байгаа бол нөгөө талд төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд хатуу хяналт тавих нь зөв юм.
• Өнөөдрийн байдлаар төрийн өмчит компаниудын өр, алдагдал 10 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ бол Монгол Улсын ДНБ-ий 40 хувь.

Гэтэл төрийн тодотголтой элдэв ой, наадам, овоо тахилгыг тасралтгүй хийсээр л байна. Мөн үе, үеийн УИХ, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар туршлага судлах сургалт, семинар нэрээр хүссэн цагтаа гадаад амарч, зугаалдаг байдал газар авсан.

Саяхан Английн тээврийн яамны сайд эхнэртэйгээ албаны утсаар ярьсныхаа төлөө албан тушаалаасаа огцорлоо. Төрийн албан хаагчийн хариуцлага ийм л байх ёстой. Нэгэнт л төрийн зардлыг хэмнэх асуудал ярьж байгаа бол нөгөө талд төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд хатуу хяналт тавих нь зөв юм. Өнөөдрийн байдлаар төрийн өмчит компаниудын өр, алдагдал 10 их наяд төгрөгт хүрсэн байна.

Энэ бол Монгол улсын ДНБ-ий 40 хувь.

Төрийн өмчит компаниуд ийм алдагдалтай ажиллаж байхад тэдгээрийн удирдлага, газрын дарга, ноёд нь ямар хэмжээний цалин авч байгаа гэдгийг бодох л асуудал. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн алдагдал гэхэд нийт төрийн өмчийн компаниудын өр зээлийн алдагдлын 50 орчим хувийг дангаараа эзэлж байна.

Гэтэл тэнд ажиллаж байгаа хүмүүс нь Монгол улсын Ерөнхийлөгчөөсөө арав дахин их цалинтай” хэмээн хэлж байсан удаатай.
ШУА-ийн төсөв найман тэрбум байхад төрийн өмчийн компанийнх түүнээс их Төрийн албаны урамшуулал, шагналын тухайд байж болох асуудал.

Гэхдээ түүнд нь шударга зарчим үйлчлэх ёстой. Салбартаа хорь гучин жил ажиллаж байгаа хүмүүс хүртэж чаддаггүй орон сууцны дэмжлэгийг сайдыг дагасан дагуул, ганц хоёр жил ажилласан хүмүүс авчихдаг талаарх гомдол олон гардаг. Бодоод үз дээ, Монголын шинжлэх ухааны Академийн жилийн зардал ердөө найман тэрбум төгрөг байхад ашиггүй, бүр алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудын цалин, жилийн урсгал зардлаас хэдээр их байдаг билээ.

Урсгал зардал гэдэг эргээд эдийн засгийн өгөөж өгдөг хөрөнгө оруулалт биш. Харин төрийн албаныхны эд хогшил, тавилга, байр сав, гадаад дотоод томилолт, утас унааны мөнгө гээд тэвчиж болох үр ашиггүй зардлуудыг өнгөлсөн албан нэр нь. Төрийн албаныхны тэвчиж болохуйц ямар зардал гаргаж буйг тодорхой болгох үүднээс зардлын зарим задаргааг өмнө нь дурдсанаа энд давтъя.

Эхний долоон сарын байдлаар төсвөөс гадаад, дотоод томилолтод 13.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн эд хогшлын урсгал засварт 31.7 тэрбум, ном хэвлэлд 800 сая, бичиг хэрэгт 5.5 тэрбум, утас холбоо, интернетийн төлбөрт зургаан тэрбум төгрөг, тээвэр шатахуунд 24.6 тэрбум… гээд дурдаад байвал халж, эсвэл хасаж болох зардал олон байна.

Бүр оны эцэс гэхэд энэ мөнгөн дүн улам нэмэгдэнэ. Баталсан зардлаасаа давуулж зарлагадах нь төрийн байгууллагын бичигдээгүй хууль шахуу болчихоод байгаа билээ.

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих